"Дельта хувилбарыг ахмадууд ба хүүхдүүд маш хүнд хэлбэрээр тусна" гэв

Мутацид орсон коронавирусээс хэрхэн сэргийлэх тухай БНХАУ-ын нэрт эрдэмтэн Жүн Наньшань ярьсныг товчлон хүргэж байна.
 
Тодруулбал БНХАУ-ын Инженерийн Академийн академич, Амьсгалын Замын Өвчин Судлалын Үндэсний Клиникийн Анагаах Ухааны Төвийн захирал Жүн Наньшэнь Хятадын Төв Радио Телевизэд ярилцлага өгчээ.
Энэ үеэрээ Жүн Наньшэн: "Гуанжоу хотод “Дельта”-гийн халдварын тохиолдол бүртгэгдмэгц шуурхай арга хэмжээ авч, тэр өдөрт нь буюу 5-р сарын 21-нд эх үүсвэр, дамжсан зам үелэл зэргийг нь олж тогтоосон. Бид эпидемиологийн өндөр түвшний судалгаа хийж, 150 орчим өвчтөнийг генетикийн шинжилгээнд хамруулсны дүнд энэ удаагийн халдвар нэгэн эмээгээс эхэлснийг тогтоосон юм. Үүний дараа, яаж халдвар дамжсан, хэн хэн ойрын хавьтал байсан зэрэг мэдээллийг маш шуурхай цуглуулсан нь дараагийн урьдчилан сэргийлэх ажлын чиглэлийг тогтооход чухал нөлөө үзүүлсэн.

Өмнө нь ойрын хавьталтай хүмүүс гэдэгт өвчний тохиолдол үүсэхээс хоёр хоногийн өмнө халдвар авсан хүн буюу түүний гэр бүлийн хүмүүстэй нэг ажлын өрөө, эсвэл нэг метрийн зайтай хоолонд орсон, хурал хийсэн зэрэг хүмүүсийг хэлдэг байсан. Харин Дельта хуулбар нь халдварлахад бүр амархан учраас одоо ойрын хавьтал гэдгийг өвчний шинж тэмдэг илрэхээс дөрөв хоногийн өмнө нэг том орон зай, жишээлбэл нэг албан байгууллага, нэг барилгад хамт байсан хүмүүсийг бүгдийг нь хамаатуулж ойлгохоор болж байна. Энэ ойлголт өөрчлөгдсөнөөр халдвар шаардлагатай болсон." гэв.
 
Мөн хүмүүсийн санаа зовж буй Дельта хувилбарын коронавирусийн инкубацын хугацаа илүү урт байх эсэх, түүнээс улбаатайгаар хилээр орж ирэх хүмүүсийн хорио цээрийн хугацааг уртасгаж, хорио цээрийн менежментийг чангатгах шаардлагатай эсэх талаар Жүн Наньшань: “Хорио цээр, тусгаарлах хугацааг сунгах шаардлагагүй гэж би бодож байна. Учир нь олонх халдвар авсан өвчнүүдийн инкубацын хугацаа урт биш. Харин бид тусгаарлалтад байгаа хугацаан дахь нуклеин хүчлийн шинжилгээг олшруулах ёстой гэж бодож байна. Дельтагийн халдварлах чанар маш сайн тул эмнэлгүүдийн хяналтын арга хэмжээг чангатгаж, тусгаарлах газруудыг илүү стандартчилах ёстой. Мөн одоогийн судалгаагаар Хятад улсын вакцин Дельтагаас сэргийлэхэд мөн л үр дүнтэй тул хүмүүс вакцинжуулалтад сайтар хамрагдах ёстой.Мөн ахмадуудыг маш шуурхай вакцинжуулалтад хамруулах хэрэгтэй. Дельта мутацийн халдвар авч, улмаар хүнд шинж тэмдэг илэрч байгаа өвчтөнүүдийн олонх нь ахмадууд ба хүүхдүүд болохоор эдгээр насны бүлэгт даруй түргэн вакцин тарих хэрэгтэй” гэжээ.
 
"Вакцин тариулаад хагас жил, эсвэл бүтэн жилийн дараа хүний бие дэх эсрэг биетийн тоо буурах уу?"  гэсэн асуултад Жүн Наньшань хариулахдаа, “Энэ тухай хараахан дүгнэлт хийх болоогүй байна. Эсрэг биет бол вакцины үр дүнг хэмжих олон үзүүлэлтүүдийн зөвхөн нэг нь шүү дээ. Хүний биед дархлаа үүсэх нь хоёр хэлбэрээр явагддаг. Дархлааны функцууд нь ерөнхийдөө хоёр төрөл байдаг бөгөөд нэгийг нь хумораль дархлаа, нөгөөхийг нь эсийн дархлаа гэдэг. Бас заримыг нь ой санамжийн дархлаа ч гэж нэрлэдэг. Өөрөөр хэлбэл эсрэг биет нь хүний ​​бие махбодын дархлааны зөвхөн нэг хэсэг тул эсрэг биеийн титр унавал хамгаалалтын функц нь бүрэн алга болно гэсэн үг биш. Иймээс  эсрэг биеийг вакцины үр дүнгийн цорын ганц үзүүлэлт гэж үзэх нь буруу юм. Одоо бид тодорхой вакцины хамгаалалтын үр нөлөөг харуулахын тулд хумораль дархлаа, эсийн дархлаа, эсийн ой санамж гэх мэт функциональ үзүүлэлтүүдийг судалж байна” гэжээ.
Эх сурвалж: sonin.mn

  • Шинэ
  • Их уншсан