Хаитигийн Ерөнхийлөгчийг хөнөөхөд оролцсон дөрвөн хүнийг устгажээ

Хаитигийн Ерөнхийлөгч Жовенель Моизийн аллагад оролцсон хөлсний дөрвөн хүнийг устгаж, өөр хоёр хүнийг баривчилсан тухай тус улсын цагдаагийн газрын дарга Леон Чарльз төв телевизээр мэдэгдсэн байна.

"Тэднээс дөрвийг нь устгаж, хоёр хүнийг баривчилсан, байцааж байна. Барьцаалагдсан гурван цагдааг сулласан" гэж тэрбээр мэдээлсэн байна. Ерөнхийлөгчийг хөнөөсөн байж болзошгүй сэжигтнүүдийг лхагва гаргийн орой 18:00 цагийн үед баривчилсан гэж Хаитигийн эрх баригчид урьд нь мэдэгджээ.

Хаити улсын Ерөнхийлөгч Жовенель Мои мягмар гаргаас лхагва гарагт шилжих шөнө нийслэл хот дахь гэртээ үл таних этгээдүүдийн халдлагад өртөж амиа алдсан юм. Халдлагын үеэр тус улсын тэргүүн хатагтай Мартин Моиз мөн шархдаж, эмнэлэгт хүргэгджээ. Хаитигийн Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Клод Жозефийн мэдэгдсэнээр, гэмт хэрэгтнүүдийн зарим нь англи, испаниар ярьж байсан байна. Жозеф ард иргэддээ тайван байхыг уриалаад “Хаитигийн Үндэсний цагдаагийн газар болон Зэвсэгт хүчин улс орны аюулгүй байдлыг хангаж байгаа” гэж мэдэгджээ. Хаитигийн сайд нарын зөвлөл тус улсад 15 хоногийн хугацаатай дайны байдал зарласан байна.

  • Шинэ
  • Их уншсан