Улс орнууд цар тахлын III, IV давлагаатай нүүр тулж байна

Сүүлийн үеэс дэлхий нийтийг сандаргах болсон бас нэгэн “тахал” гарч ирсэн нь COVID-19-ийн мутацид орсон вирус болох дельта хувилбар юм. Энэтхэг улсад өнгөрсөн жил бүртгэгдсэн энэ хувилбар өдгөө дэлхийн 90 гаруй оронд хурдацтай тархаж, том аюул дагуулаад байна. Вакцины тусламжтайгаар тархалтыг хумьж, халдвар болоод нас баралт буурч байсан Израйль тэргүүтэй улс орон дельтагийн өмнө өвдөг  сөхөрч, хяналтаа дахин чангарууллаа. Энэ хувилбарт хамгийн хүчтэй өртөж байгаа улсын нэг нь бидний хөрш ОХУ юм. Тус улсад бүртгэгдсэн халдварын 90 хувь нь дельта хувилбар болохыг эрх баригчид нь зарлаж, хязгаарлалтын дэглэмээ дахин чангаллаа. Мөн Өмнөд солонгост цар тахлын iv давалгаа эхэлснийг албан ёсоор зарлаж, дэглэмээ чангатгахаа мэдэгдэж байна.

ОРОС COVID-19-ИЙН III ДАВЛАГААТАЙ НҮҮР ТУЛАВ

Санкт Петербург хотын эмч, доктор  Михайль Черкашин “Халдварын тоо долдугаар сард өнгөрсөн өвлийнх шиг оргил цэгтээ хүрнэ гэж бид таамаглаж байна. Тиймээс одооноос бэлтгэлээ сайн хангаж, тоног төхөөрөмжүүдээ нэмэгдүүлэх ёстой. Одоо манай эмнэлэг өнгөрсөн оны хаврынхаас ч олон өвчтөнг эмчилж  байна. Юу тохиолдохыг урьдчилан хэлэх нь хэцүү ч намраас тархалт буурна гэж итгэж байна. Дельта хувилбар бусдаасаа илүү их аюултай ч COVID-19-ийн суурь шинж тэмдэгт нөлөөлөхгүй. Иргэдээ вакциндаа хамрагдаасай хэмээн хичээнгүйлэн зөвлөж байна. Харамсалтай нь манай улсад одоо ч вакцинжуулалт нь удаан байна ” гэж ярьжээ.

Тархалт нэмэгдсэнээс зарим мужуудад эмнэлгийн ор дүүрчээ. Энэ талаар Красноярск хотын эмч Елена Колчина “Хоёр өдрийн турш там шиг л байлаа.Гуравдугаар давлаганаас үүдэн сэтгэлээр унаж эхэллээ.Манай эмнэлэг олон эмч, ажилтантай ч  би 12 цаг тасралтгүй ажиллаж, маш их ядарч, ярих ч чадалгүй болсон. Би ганцаархнаа байхад нэг өдөр халуунтай 62 хүн ирэхээс гадна  52 хүн өрхийн эмч рүүгээ залгасан. Эмнэлгийн ор дүүрсэн.Өмнө нь бид ийм нөхцөлд ороогүй. Энэ тархалт шалтгаан нь вакцинжуулалт удаан байгаатай холбоотой. Учир нь энд ердөө 3000 хүн вакциндаа хамрагдсан” гэсэн юм.

ӨМНӨД СОЛОНГОСТ ЦАР ТАХЛЫН IV ДАВАЛГАА ЭХЭЛСНИЙГ АЛБАН ЁСООР ЗАРЛАЛАА

Мягмар гарагт Өмнөд Солонгос даяар коронавирусийн халдварын 1212 шинэ тохиолдол бүртгэгдэж, цар тахлын дөрөв дэх давалгаа эхэлснийг албаныхан өчигдөр зарлажээ. Энэ нь тус улсад цар тахал эхэлсэн цагаас хойш нэг өдрийн дотор илэрсэн хоёр дахь өндөр тохиолдол болж байна.

Шинээр илэрсэн нийт тохиолдлуудын 85 орчим хувь нь нийслэл Сөүл орчмын хүн ам шигүү суудаг хэсэгт бүртгэгджээ.Халдвар авсан хүмүүсийн дийлэнх хэсэг нь 20-30 гаруй насны нийгмийн идэвхтэй, вакцинд хамрагдаж амжаагүй хүн амын бүлэг байгааг Солонгосын Халдварт Өвчинтэй Тэмцэх Байгууллага мэдээлсэн байна.

Өмнөд Солонгосын засгийн газар одоо хэрэгжиж байгаа онц байдлын дэглэмийг хэвээр үргэлжлүүлэх ба нөхцөл байдал цаашид яаж өрнөхөөс хамааран чангаруулах эсэхээ шийдэхээр болжээ. “Одоогийн нөхцөл байдлыг бид 2-3 өдрийн дотор хяналтдаа оруулж чадахгүй бол илүү хатуу дэглэм тогтоох хэрэгтэй болно” гэж тус улсын ерөнхий сайд Ким Бү Кюм засгийн газрын хуралдааны үеэр мэдэгдсэн байна.

Дөрөвдүгээр түвшний буюу хамгийн хатуу дэглэмийн үед оройн 18:00 цагаас хойш 3-аас олон тооны хүн цугларахыг хориглож, ресторан, кафе, бааруудын үйл ажиллагааг оройн 10 цагаар хязгаарлаж, зугаа цэнгээний үйлчилгээнүүдийг хориглох юм. Тус улсад цар тахал эхэлсэн цагаас хойш нийт 163 мянга гаруй халдварын тохиолдол бүртгэгдэж, 2033 хүн нас баржээ.

  • Шинэ
  • Их уншсан