О.БАТНАЙРАМДАЛ: ХАЙГУУЛЫН ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ҮЙЛ ЯВЦЫГ ИЛ ТОД, НЭЭЛТТЭЙ БОЛГОНО

Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд О.Батнайрамдалтай салбарын хууль эрхзүйн орчин, стратегийн төсөл хөтөлбөрийн хэрэгжилт, түүхий эдийн экспортын асуудлаар ярилцлаа.

Уул уурхайн салбарын одоогийн нөхцөл байдал, цар тахлын нөлөө ямар байна вэ гэдгээс ярилцлагаа эхлэх үү?

Улсын эдийн засгийг нуруундаа үүрч яваа манай салбарын хувьд Коронавируст халдварт цар тахлын үед шат дараатай арга хэмжээг авч төлөвлөн хэрэгжүүлсний дүнд нааштай үзүүлэлтүүд гарч байна. Тухайлбал, ашигт малтмалын экспортын гол бүс нутаг Өмнөговь аймагт Засгийн газрын зүгээс бүхий л арга хэмжээг авч ажиллалаа. Энэ хүрээнд тодорхой орд газруудад Засгийн газрын 183 дугаар тогтоолоор “Ногоон бүс”, мөн Засгийн газрын 64 дүгээр тэмдэглэлээр “Аюулгүйн бүс”-ийг байгуулан цар тахлын эрсдэлээс хамгаалах, урьдчилан сэргийлэх зорилгоор халдвар хамгааллын дэглэмийг чанд сахиулах ажлыг хэрэгжүүлсэн. Өнөөдрийн байдлаар уул уурхайн салбарын нийт ажилтнуудын 96.0 хувь буюу 43328 уурхайчин хоёрдугаар тунд хамрагдаад байна.

Уул уурхайн бүтээгдэхүүний экспортод цар тахал хэрхэн нөлөөлж байна вэ?

Зэсийн баяжмал, төмрийн хүдрийн экспорт бага зэрэг буурсан бол нүүрсний экспорт өсөх хандлага ажиглагдаж байна. Тухайлбал, энэ онд 614.9 мян.тн зэсийн баяжмал экспортолсон нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 9.0 хувиар буурсан. Төмрийн хүдэр, баяжмалын хувьд 4,028.6 мян.тн-ыг  экспортолсон нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 2.3 хувиар буурсан үзүүлэлт болж байна. Харин нүүрсний хувьд 14,930.1 мян.тн нүүрс олборлож, 9,287.6 мян.тн нүүрс экспортолсон нь 2021 оны төсвийн гүйцэтгэлийн төлөвлөгөөтэй харьцуулахад 32.3 хувь байна. Үүнийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 643.3 мян.тн буюу 7.3 хувиар өссөн байгаа юм.

Ковидын дараах дэлхийн эдийн засгийн сэргэлтийн үед түүхий эдийн үнэ өсөх хандлагатай байгаа. Манай улсын хувьд экспортод гарах нүүрсний биет хэмжээ төлөвлөснөөс буурах төлөвтэй ч, үнэ өндөр учраас төсөвт төвлөрөх орлого харьцангуй гайгүй байна.

ГАШУУНСУХАЙТ, БУСАД БООМТОД ЧИНГЭЛЭГ ТЭЭВРИЙН ТЕРМИНАЛ ЕСДҮГЭЭР САРД АШИГЛАЛТАД ОРНО

Энэ жил 28 сая тонн нүүрс гаргана гэж төлөвлөсөн ч, цар тахлаас үүдэж экспорт эрс буурна гэж зарим эдийн засагчид ярьж байна. Энэ тухайд юу хэлэх вэ. Экспортыг нэмэгдүүлэх чиглэлд хэрхэн ажиллаж байна вэ. Гашуун сухайтын боомтын нэвтрүүлэлт ямар байна вэ?

Энэ оны 6 сарын 30-ны өдрийн байдлаар 14.9 сая.тн нүүрс олборлож, 9.2  сая.тн нүүрс экспортолсон нь гүйцэтгэлийн төлөвлөгөөтэй харьцуулахад 32.3 хувь байна. Ерөнхийдөө нүүрс экспортын хэмжээ нэмэгдэж, өнгөрсөн оны экспортоос өсөх байдал харагдаж байна.

Манай улс уул уурхайн бүтээгдэхүүний экспортын хэмжээг бууруулахгүй байх талаар шат дараатай арга хэмжээ авч байгаа ч, уул уурхайн экспортын голлох боомтуудын үйл ажиллагаа цар тахлын тархалттай холбоотойгоор Хятад улсын талаас тодорхой нөхцөл шаардлагаас хязгаарлалттай байсан. Уг асуудлыг шийдвэрлэх хүрээнд Засгийн газраас тодорхой арга хэмжээг авсны  үндсэн дээр Замын-Үүд-Эрээн, Гашуунсухайт-Ганцмод, Шивээхүрэн-Сэхээ зэрэг хоёр улсын боомтуудаар бараа бүтээгдэхүүн нэвтрүүлэлтийг нэмэгдүүлэх, урт хугацааны нүүрс худалдан авах гэрээг арилжааны зарчмаар байгуулах, тээвэрлэлтийн шинэлэг хэлбэрийг судлан хэрэгжүүлэх замаар Монголоор нийлүүлэх нүүрсний экспортыг нэмэгдүүлэхээр тохиролцсон.

Түүнчлэн нүүрсний экспортын хэмжээг нэмэгдүүлэх үүднээс Өмнөговь аймгийн Гашуунсухайт, Шивээхүрэн болон бусад боомтуудад нүүрсний чингэлэгт тээврийн хяналтын нэмэлт гарц, гаалийн хяналтын бүс байгуулах ажлыг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд гүйцэтгэхээр холбогдох саналыг боловсруулж, Засгийн газрын 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуралдаанаар “Чингэлэг тээврийн терминал байгуулах тухай” 185 дугаар тогтоолыг батлуулаад байна. Уг тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд чингэлэгт тээврийн терминалын зураг төсөл, холбогдох тооцоо судалагааны ажлыг эхлүүлж, талбайн шимт хөрс хуулах, шимт хөрс тээвэрлэх, талбайн улны тэгшилгээний ажлуудыг хийж гүйцэтгээд байна. Уг терминалыг 2021 оны есдүгээр сарын эхээр ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байна.

Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлагдсан. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам салбарын хэмжээнд голлон ямар ажлууд хийхээр төлөвлөсөн, энэ ажлуудаас хэд нь урагшилж, ямар шатанд явж байна вэ. Өөрөөр хэлбэл салбарын хэмжээнд хийгдэж байгаа ажлуудын явцаас та танилцуулахгүй юу?

Монгол Улсын эрдэс баялгийн салбар өмнөх жилүүдэд хайгуул, олборлолтод хүч хаяж, хөгжүүлсэн. Харин одоо бид “боловсруулалт”, “борлуулалт”, “хуваарилалт” гэсэн гурван чиглэлийг салбарын бодлого болгон хөгжүүлэхээр газрын зургаа зураад байна.

Монгол улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт яамны зүгээс олборлолтоос боловсруулалт руу шилжих томоохон төсөл, арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхээр тусгалаа. Тухайлбал, Тавантолгойн нүүрсний бүлэг ордын дэд бүтцийг бүрдүүлж, үйлдвэрлэл, технологийн парк байгуулах ажлын хүрээнд нүүрс баяжуулах үйлдвэрийг ашиглалтад оруулах, мөн Эрдэнэт үйлдвэрийг түшиглэн үйлдвэрлэл, технологийн парк байгуулж паркийн хүрээнд зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр болон исэлдсэн хүдрийг нуруулдан уусгах технологиор катодын зэсийн үйлдвэр байгуулах төсөл багтаж байна. Түүнчлэн дотоодын түүхий эдэд тулгуурласан газрын тос боловсруулах үйлдвэрийг барьж байгуулах, хар төмөрлөгийн /кокс, ширэм, шууд ангижруулсан төмөр/ үйлдвэрлэлийг Дархан-Уул, Орхон, Дорноговь аймагт хөгжүүлэх зэрэг зорилтыг дэвшүүлсэн.

Нүүрс баяжуулах үйлдвэрийн хувьд, Засгийн газраас Нүүрс баяжуулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын тухай 113 дугаар тогтоолыг баталсан. Уг тогтоолд Тавантолгойн ордод түшиглэсэн нүүрс баяжуулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлыг ТЭЗҮ-ийн дагуу 2021 оны III улиралд багтаан эхлүүлж, 2023 онд ашиглалтад оруулахаар төлөвлөөд байна. Жилд 30 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэрийн ТЭЗҮ-ийг БНХАУ-ын “Чайна металлуржикал инженеринг компани” /CMEC/ боловсруулж, 2021 оны 4 сард ЭБМЗ-ийн хурлаар хэлэлцүүлэн батлуулсан. СМЕС компанитай байгуулсан гэрээний дагуу 2 дугаар шатны ажил болох нүүрс баяжуулах үйлдвэрийн FEED буюу урьдчилсан зураг төсөл боловсруулах ажлыг дуусгахаар ажиллаж байна.

Мөн Эрдэнэт үйлдвэрийг түшиглэн томоохон төслүүдийг хэрэгжүүлж эхэлсний нэг нь уул уурхай-металлурги-химийн үйлдвэрийн цогцолбор үйлдвэрлэл технологийн парк байгуулах ажил юм. Паркийн дэд бүтцийн нарийвчилсан зураг, төсөл боловсруулах, барьж байгуулах, паркийн хүрээнд баригдах үйлдвэрүүдийн ТЭЗҮ-г тодотгох ажлууд төлөвлөгөөний дагуу хийгдэж байна.

Шатахууны 100 хувийн импортоос хамааралтай манай улсын хувьд Газрын тос боловсруулах үйлдвэр барих нь хамгийн их хүлээлт болж байна. Энэ төслийн явц ямар байна вэ?

Монгол Улсын 30, 31 дэх Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн үед БНЭУ-ын Засгийн газартай хэлэлцээр хийсний үр дүнд Энэтхэгийн Засгийн газраас хөнгөлөлттэй зээл олгож, Газрын тосны боловсруулах үйлдвэр барьж байгуулах ажил хэрэгжиж эхэлсэн. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ч үүнд анхаарал хандуулж, ажил төлөвлөсөн хугацаанд хэрэгжиж байна.  “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХК өдөр тутмын ажлыг хариуцаж,  үйлдвэрийн бүтээн байгуулалтыг БНЭУ-ын Экспорт-Импортын (Эксим) банк, Төслийн менежментийн зөвлөх компани хамтран ажиллаж байна. Төсөл нийт 4 үеэс бүрдэнэ. Одоогийн байдлаар EPC-1 буюу технологийн бус барилга байгууламжийн ажил хэрэгжиж байна. Энэ хүрээнд үйлдвэрийн усан хангамжийн байгууламжууд, оффис, гал команд, хоолны газар, лаборатори, агуулах, засварын цех, анхны тусламжийн барилгуудын ажил эхэлсэн. Мөн үйлдвэрийн талбайд зам, сувагчлал, үерийн ус зайлуулах систем зэрэг технологийн байгууламжуудын барилга угсралтын бэлтгэл ажлууд хэрэгжиж байгаа. Эхний багц ажлыг 2022 оны 11 сард дуусган хүлээлгэж өгөх төлөвлөгөөтэй. Гүйцэтгэгч Энэтхэгийн тал цар тахлаас үүдэж, хугацаа бага зэрэг алдсан ч, өнөөдрийн эрчээр хугацаанд нь хүлээлгэж өгөхөө илэрхийлсэн. Харин дараагийн 3 шатны багц ажлын хүрээнд дагалдах байгууламж, үйлдвэрийн цахилгаан станц, лицензит технологийн байгууламжийг ашиглалтад оруулахаар төлөвлөсөн.

Дорнод аймгийн Матад сумаас, Дорноговь аймгийн Алтанширээ сум хүртэлх 560 орчим километрийн хоолойн ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажил эхэлж байна. УУХҮЯ, “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-д “Түүхий тос дамжуулах хоолойн төслийг санхүүжүүлж, барих гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулах” Үнэлгээний хороог байгуулж, мэргэжил, санхүүгийн чадавхитай олон улсын компаниудыг тендерт оролцуулах зорилгоор урьдчилсан сонголтын урилгын зарыг АНУ-ын “Gulf Publishing” компанийн “Pipeline and Gas Journal” сэтгүүл болон олон улсын газрын тосны сайтуудад нийтлүүлсэн. Урьдчилсан сонголтонд 9 улсын 22 компани оролцох хүсэлтээ ирүүлснээс бидний тавьсан нөхцөл, шаардлагыг хангаж, хамтран ажиллах хүсэлтээ ирүүлсэн 15 компанид тендерт оролцох урилга, тендерийн баримт бичгийг 2021.04 сард хүргүүлээд байна. Хоёдугаар шат 8 сарын 23-нд эцэслэгдэнэ.

Газрын тосны үйлдвэр ашиглалтад ороход түүхий эдийн нөөц хангалттай бий юу? Дотоодын шатахууны хэрэглээний хэдэн хувийг хангах боломжтой вэ?

Дотоодын газрын тосоо өөрсдөө боловсруулж, түлш шатахуунаа үйлдвэрлэнэ гэдэг бол Засгийн газар энэ төрлийн бүтээгдэхүүний үнийн бодлогоо бие даан зохицуулах бүрэн боломж нээгдэнэ гэсэн үг. Үйлдвэр ашиглалтад орноор дотоодын шатахууны хэрэглээний 55 орчим хувийг хангана. Шатахууны үнээс хамааралгүй эдийн засаг гэж байхгүй. Тиймээс ард иргэдийн амьдралд шууд нөлөөлөх түлш шатахууны үнийг төр засаг зохицуулна гэдэг эдийн засгийн тусгаар тогтнол, хараат бус байдалд маш чухал. Томоор харвал, үйлдвэрийг дагаад манай улсад нефть-химийн аж үйлдвэр сууриа тавина.

Төслийн ажлыг эрчимжүүлэх, төлөвлөсөн хугацаанд нь ашиглалтад оруулахын тулд яамны зүгээс “Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих тухай хууль”-ийг УИХ-ын 2021 оны 01 сарын 29-ний өдрийн хурлаар хэлэлцүүлж батлууллаа. Мөн энэ хуулийн хүрээнд газрын тос боловсруулах үйлдвэр болон түүхий тос дамжуулах хоолойн төсөлд төрийн болон нутгийн захиргааны байгуллагаас үзүүлэх дэмжлэгийг тодорхойлох, газрын тос боловсруулах төрийн өмчит үйлдвэрийн газрын тосны хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа явуулах харилцааг нарийвчлан зохицуулах “Газрын тос боловсруулах үйлдвэрт төрөөс дэмжлэг үзүүлэх журам”-ын төслийг эцэслэн боловсруулж батлуулахаар Засгийн газарт хүргүүлээд байна.

Манай улс 332.6 сая.тн газрын тосны баталгаат нөөцтэй. Үүнээс ашиглалтын баталгаат нөөц нь 43.2 сая.тн байсан. Одоогоор “Петрочайна Дачин тамсаг” компани 9 сая.тн орчмыг ашигласан бөгөөд үлдсэн нөөцийн хэмжээгээр тооцоход цаашид 20 жил ашиглах баталгаат нөөц үлдсэн гэж тооцоолж болно. Мөн  энэ оны 7 сард Матад XX талбайд шинээр ашиглалтын нөөц тогтоосон нь томоохон алхам болоод байна. Түүнчлэн хайгуулын дүнд Хөхнуур XVIII  болон Галба XI талбайгаас тос илэрсэн учраас ажлыг эрчимжүүлж, шинээр орд болгон хөгжүүлж, нөөцийг нэмэгдүүлэх боломжтой. Энэ чиглэлээр тодорхой ажлуудыг хийж хэрэгжүүлнэ.

Гадаадын хөрөнгө оруулалтыг татах чиглэлд ямар бодлого баримталж, ямар ажлуудыг хийж байна вэ?

Сүүлийн 10 жилийн статистикийг аваад үзвэл гадаадын шууд хөрөнгө оруулалтын 70-75 хувь нь уул уурхайн салбарт орсон байдаг. Цаашид гадаадын хөрөнгө оруулалтыг татах, дэмжих зорилгоор эрх зүйн шинэчлэлийг хийхээр ажиллаж байна. Хайгуулын шатанд хөрөнгө оруулалтыг татахын тулд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох процессыг ил тод, нээлттэй болгох ажлуудыг хийж байгаа. Гадаадын болон дотоодын хөрөнгө оруулалтыг геологи, ялангуяа хайгуулын үйл ажиллагаанд татах гол асуудал бол эрх зүйн орчны тогтвортой болон таатай нөхцөл байдаг. Тэр ч утгаараа Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж байна.  Мөн 2018 оноос эхлэн Геологийн баримтын төв архивт хадгалагдаж байсан цаасан суурьтай мэдээллийг цахим орчинд мэдээлэл авах боломжтойгоор Англи, Монгол хэл дээр бэлтгэн Монгеокат системийн хөгжүүлэлтийг хийж байна.   

ХАЙГУУЛЫН ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ЖУРМЫГ ШИНЭЧИЛЖ БАЙНА

Хайгуул явуулах чиглэлд ямар бодлого баримталж, хэрхэн ажиллаж байна вэ. Хайгуул хийх сонгон шалгаруулалтыг яаж хийхээр тогтсон бэ?

Монгол улсад сүүлийн 30 жилийн хугацаанд уул уурхайн салбар огцом хөгжиж томоохон ордуудыг эдийн засгийн эргэлтэнд оруулж дотоодын нийт бүтээгдэхүүний 25 хувийг энэхүү салбар бүрдүүлсэн нь хайгуулын тусгай зөвшөөрлийг эрчимтэй олгож байсантай холбоотой. Монгол улсад 10 жилийн өмнө 2570 гаруй хайгуулын тусгай зөвшөөрлийн хэмжээнд 302 тэрбум төгрөгийг хайгуулын ажилд зарцуулж байсан бол өнөөдөр 899 тусгай зөвшөөрлийн хэмжээнд 80 гаруй тэрбум төгрөгийг хайгуулын ажилд зарцуулж байна. 2021 оны 07 дугаар сарын 30-ны байдлаар ашигт малтмалын хайгуулын 922, ашиглалтын 1728 хүчинтэй тусгай зөвшөөрөл байна. Уг нь энэ хамаарал эсрэгээрээ байх ёстой. Гэвч 2018 оноос өмнө хайгуулын тусгай зөвшөөрлийг өргөдлийн журмаар олгож байсныг 2018 онд Ашигт малтмалын тухай хуулинд өөрчлөлт оруулж зөвхөн сонгон шалгаруулалтын журмаар олгодог болсноор шинээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгох ажил удааширч байгаа.

2019 оноос хойш 2 жил хагасын хугацаанд хайгуулын 159 тусгай зөвшөөрлийг шинээр олгосон байдаг. Энэ бол чамлахаар үзүүлэлт. Одоогийн сонгон шалгаруулалтын журмаар нэг тусгай зөвшөөрөл олгох хугацаа ойролцоогоор 35 хоног байгаа. Мөн олон нийтийн дунд сонгон шалгаруулалттай холбоотой хардалт, сэрдэлт их байна. Бидний зүгээс олон улсын жишгийг судалж, алдаа онооноосоо суралцаж ил тод, нээлттэй шударга өрсөлдөөнийг дэмжсэн сонгон шалгаруулалтын журмыг шинэчилж байна.

Мөн 2021 оны 07 дугаар сарын 16-нд Монгол улсын Ерөнхий сайдын захирамжаар батлагдсан Авлигын төсөөллийн индексийг бууруулах зорилго бүхий ажлын хэсгийг ХЗДХ-ийн сайд Б.Нямбаатараар ахлуулан байгуулаад байна. Энэхүү ажлын хэсгийн авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөөнд хардалт сэрдэлт дагуулсан хайгуулын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журмыг шинэчлэн, төлөвлөгөөнд багтаасан. 

Бид сонгон шалгаруулалтын журмыг ил тод, нээлттэй, хүний нөлөөлөл бага, субъектив буюу өнгө харсан үнэлгээнээс зайлсхийсэн, аж ахуйн нэгжийн шударга оролцоог хангасан хэлбэрээр зохион байгуулахаар шинэчлээд дуусч байна.

Та сая эрх зүйн хүрээнд Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг төсөл явж байгаа гэлээ. Энэ хуулийн төслөөр салбарын ямар асуудлыг хэрхэн зохицуулж байгаа вэ. Голлох өөрчлөлтийн тухайд?

Ашигт малтмалын тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш нийт 35 удаагийн өөрчлөлтөөр 300 гаруй зүйл, заалтыг өөрчилж шинэчилсэн байдаг. Салбарын яамны зүгээс нэлээн өөрчлөлт, шинэчлэлт орсон Ашигт малтмалын тухай хуулийг шинэчлэх зүйтэй гэж үзэж байгаа.

Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын гол концепци нь нэгдүгээрт Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлттэй уялдуулах, хоёрдугаарт эрдэс баялгийн салбарт үйлчилж буй хуулиудын давхардал, хийдэл, зөрчлийг арилгах, гуравдугаарт “Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль /шинэчилсэн найруулга/ батлагдсантай холбогдуулан уг хуультай бусад хууль тогтоомжийг нийцүүлэх, дөрөвдүгээрт салбарын шинэчлэлийг зайлшгүй хийх гэсэн үзэл баримтлал байна. Чухал өөрчлөлт нь, уул уурхайн үйл ажиллагаа эрэл, хайгуулын шатнаас эхлэн төлөвлөгдөж хаагдах хүртэлх бүх үе шатанд нээлттэй, хяналттай байх тогтолцоог бүрдүүлэхийн зэрэгцээ олон нийтийн оролцоо нэмэгдэх ба ил тод, хариуцлагатай уул уурхайн тогтолцоог олон улсын сайн туршлагад суурилан улам бүр баталгаажуулахыг зорьж байна. Мөн энэ төсөл батлагдсанаар геологийн судалгаа, ашигт малтмалын эрэл, хайх, ашиглах, баяжуулалт, борлуулалт, байгаль орчны хамгаалалт, нөхөн сэргээлт, уурхайн хаалт, хөдөлмөрийн аюулгүй байдал, уул уурхайн эрсдэлийн удирдлага, орон нутгийн уялдаа холбоо зэрэг бүхий л асуудлыг хамарсан эрх зүйн зохицуулалттай болж, манай салбарт эерэг үр дагаврууд бий болно гэж үзэж байна.

Үндэсний баялгийн сангийн хуулийн төслийг боловсруулж байгааг мэдээлсэн. Энэ хуулийн төслийн агуулга ямар байх вэ, одоо ямар шатанд явж байна вэ?

Монгол Улсын Үндсэн хуулийн 6.2-т “.. Газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж шударга хүртээхэд чиглэнэ” хэмээн тусгасан. Үүнийг хэрэгжүүлэх хүрээнд УУХҮЯ-ны зүгээс Үндэсний баялгийн сангийн хуулийн төслийг боловсруулан ажиллаж байна. Өнөөдөр дэлхийн ТОП 100 баялгийн сан 8.7 их наяд долларын хөрөнгө төвлөрүүлсэн байдаг ба энэ нь дэлхийн зах зээл дээр эргэлдэж буй нийт хөрөнгийн арав орчим хувьтай дүйцнэ. Эдгээр баялгийн сангууд нь байгалийн баялаг болон төрийн өмчит компаниас ашиг орлогоо бүрдүүлж, одоо болон ирээдүй  хойч үедээ орлогыг тэгш, шударга хуваарилах зарчмаар ажилладаг.

Үндэсний баялгийн санд хэд хэдэн сангийн төрлүүд багтдаг. Түүхий эдийн үнийн хэлбэлзлээс үүдсэн эдийн засгийн хямралаас хамгаалах төсвийн тогтворжуулалтын сан гэж бий. Мөн ирээдүй хойч үедээ хүртээх хадгаламжийн/ирээдүй өв сан болон дотоод эдийн засагтаа хөрөнгө оруулдаг хөгжлийн сан гэж бий. Үүний тод жишээ нь, Чилийн тогтворжуулалтын сан, Сингапурын Темасек, Казахстаны Самрук Казынаг дурдаж болно.

Өдгөө манай улс төсвийн тогтвортой байдлыг хангах Тогтворжуулалтын сан болон ирээдүй үед хадгаламж үүсгэх Ирээдүйн өв сангийн хуулиудыг 2010, 2016 онд баталсан. Тэгэхээр уул уурхайгаас орж ирэх нэмэлт орлогыг бид хөгжилд хөтлөх томоохон мега төслүүд, эдийн засгийг төрөлжүүлэх үр ашигтай төсөл хөтөлбөрүүд болон нийгэм эдийн засгийн ач холбогдол бүхий хөрөнгө оруулалт хийж, Хөгжлийн сангаар дамжуулан дотоодын эдийн засгаа дэмжихийг зорьж байна. Энэхүү томоохон хөрөнгө оруулалт хийх механизм маань хуульчлагдсан, ил тод, ойлгомжтой, урт хугацааны бодлоготой уялдсан байхаас гадна мэргэжлийн, туршлагатай, итгэмжлэгдсэн удирдлагаар хангагдсан байх ёстой. 

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам Эрдэс баялгийн салбарт цахим бодлого хэрэгжүүлнэ гэж мэдэгдсэн. Энэ ажил одоо ямар шатанд явж байна, ямар ач холбогдол, үр дүнг хүлээж байгаа вэ?

“Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, “Цахим Засаглал” Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй холбоотой УУХҮЯ болон АМГТГ, ҮГА нь төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлэх, байгууллагын үйл ажиллагааны бүтээмж, үр ашгийг нэмэгдүүлэх, нээлттэй, хүнд сурталгүй, ил тод, хариуцлагатай байдлыг төлөвшүүлэх зорилготойгоор “Эрдэс баялгийн цахим засаглал” бодлогыг хэрэгжүүлж эхлээд байна. Эхний ээлжинд бид яамнаас олгодог тусгай зөвшөөрлийн үйлчилгээг цахимжуулж Тусгай зөвшөөрлийн бүртгэлийн системийг хөгжүүллээ. Мөн Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн үйл ажиллагааг цахимжуулаад байна.

Ашигт малтмалын хуулийн дагуу хайгуулын тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтын журмаар олгож байгаа. Энэхүү олгох процессыг цахимжуулах, оролцогч аж ахуйн нэгжүүд сонгон шалгаруулалтын материалаа цаасаар биш цахимаар илгээх, хянах, сонгон шалгаруулалтын комиссын үйл ажиллагаа, шийдвэрийг ил тод, нээлттэй болгохын тулд сонгон шалгаруулалтын цахим систем хөгжүүлэх ажлыг эхлүүлсэн.

Уул уурхайн салбарын ойрын 10 жилийн хөгжлийг хэрхэн харж байна вэ?

Уул уурхай, хүнд үйлдвэрийн салбар бол Монголоос дэлхийн түвшинд өрсөлдөж буй хамгийн том сектор. Учир нь бид бүтээгдэхүүнээ шууд экспортолж, гадны компаниудтай шууд өрсөлдөж байдаг. Тэгэхээр салбарын бодлогыг тодорхойлохдоо дэлхийн чиг хандлага, хөгжил хааш тэмүүлж, дараагийн 30 жилд геополитик, бүтцийн ямар өөрчлөлтүүд гарах, ирээдүйд эрэлттэй болох эрдэс баялгийг тодорхойлох зэргээр өргөн хүрээнд харж, ойлгож байж, тогтвортой хөгжинө.

Манай улс шиг байгалийн баялаг арвинтай улс олон бий. Нөгөө талаар, бид азтай гэмээр өгөгдөлтэй. Тухайлбал, Монголын томоохон ордууд Хятадтай ойр буюу урд хил орчмоор байрладаг. Гэтэл өмнөд хөрш бол уул уурхайн хэрэглэгч, үйлдвэрлэгч талаасаа дэлхийн хамгийн том зах зээл. Энэ давуу талаа ашиглаж, бид өрсөлдөх чадвараа улам сайжруулах ёстой. Олон улсын түвшинд авч үзвэл “Эрдэнэс тавантолгой”, “Оюутолгой” зэрэг компанийн уурхайнууд  зардал багатайд тооцогдоно. Мөн бидэнд дараагийн томоохон ордууд илрэх геологийн тогтоц, нөөц бололцоо ч асар их байна. Салбарын өрсөлдөх чадварыг хойш татаж буй асуудлуудын нэг нь дэд бүтэц. Жишээлбэл, “Эрдэнэс тавантолгой”-н нүүрсийг дэлхийн түвшинтэй харьцуулахад бид маш бага өртгөөр олборлодог боловч тээврийн зардал маш өндөр. Үүнийг шийдэхийн тулд төмөр замыг яаралтай барьж ашиглалтанд оруулах ёстой. Үүнтэй холбоотой “Эрдэнэс тавантолгой” компанийн санхүүжилтээр ойрын хоёр жилд багтаж, төмөр зам барьж, ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Энэ ч үүднээс ирэх жилүүдийн төлөвийг эерэгээр харж байгаа.

Бид олборлогчоос боловсруулагч болж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд онцгой анхаарах ёстой. Тэдгээр үйлдвэрийг дагаад олон жижиг, дунд үйлдвэр бий болно. Энэ бүхэн өөрөө аж үйлдвэржсэн Монгол Улс болж хөгжих хөрс суурь юм. Эдгээр үйл явц хэрэгжээд эхлэхээр аж үйлдвэржилтэд шаардагдах ур чадвартай ажилчин анги илүү томорно. Дэлхийн аж үйлдвэржсэн орнуудын жишгийг авч үзвэл ингэж л дараагийн түвшинд гарах үсрэнгүй улс болдог. Дагаад ур чадвар бүхий хүний нөөцтэй болж, ажилчдын бүтээмж ч өснө. Мөн түүхий эдийн үнийн хэлбэлзлээс хамаардаггүй, өөрсдөө баялаг бүтээж экспортолдог, дэлхийн хэмжээнд өрсөлддөг олон салбартай, төрөлжсөн эдийн засаг болж хөгжинө. Түүнээс биш өнөөдрийнх шигээ олборлоод л, түүхийгээр нь гаргаад байвал түүхий эдийн үнийн хэлбэлзлээс хамааралтай улс хэвээрээ л байна. Тиймээс Монгол Улс хөгжлийн дараагийн түвшинд заавал очих ёстой. Үүнийг “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогод бид маш тодорхой тусгасан.

Уул уурхайн салбарын ирээдүйг төсөөлөн харахад дэлхийн эдийн засаг, хүн төрөлхтний эрэлт хэрэгцээ тэр чигтээ өөрчлөгдөж байна. Хэд хэдэн томоохон хүчин зүйл энд яригдаж буй. Нэгд, хотжилт. 2050 он гэхэд дэлхий дээр 9.8 тэрбум хүн амьдрахаас 68 хувь нь хот суурин газар оршин сууна. Мэдээж хэрэг тэнд уул уурхайн бүтээгдэхүүнүүд буюу эрдэс баялаг орц болно. Хоёрт, дэлхий даяар хүлэмжийн хийг бууруулах (carbon neutrality) трэнд давалгаалж эхлэх нь тодорхой болчихлоо. Жишээлбэл, Америкийн ерөнхийлөгч Жо Байден  2050 он гэхэд хүлэмжийн хийг саармагжуулах, тэглэх бодлого хэрэгжүүлнэ гэдэг амлалт өгчихлөө. БНХАУ-ын дарга Ши Жинпинь 2060 он гэхэд улсаа carbon neutral болгохоо мөн зарлалаа. Европын холбоо ч бас үүнтэй төстэй шийдвэр гаргаснаа мэдэгдсэн. Энэ бүхнээс үүдээд эдийн засгийн бүтцийн өөрчлөлт бий болно гэсэн үг. Нэгд, сэргээгдэх эрчим хүч, хоёрт, ногоон эдийн засаг, гуравт, цахилгаан машин болон батерей гэх мэт. Хүлэмжийн хий ялгаруулдаг технологиудыг байгальд ээлтэй болгох үйл явц  өрнөхөөс өөр аргагүй болж байна. Өөрөөр хэлбэл, уул уурхайн бүтээгдэхүүн, эрдэс баялгийн эрэлт хэрэгцээ хувьсан өөрчлөгдөх нь. Тэр дундаа зэс, мөнгө, төмрийн хүдэр, газрын ховор элемент  зэрэг бүтээгдэхүүн илүү үнэ цэнтэй болно гэсэн таамаг бий.  

Тэгэхээр Монгол улсын уул уурхайн салбар нь энэхүү хувьсан өөрчлөгдөж буй эрэлт хэрэгцээнээс хамаарч байгаа бүтээгдэхүүн дээр илүү бодлогоор дэмжих, томоохон тоглогч болж гарч ирэх, мөн цаашдаа байгаль орчинд ээлтэй, өндөр технологи, инновацийг уул уурхайн салбарт нэвтрүүлж төрөлжсөн, тогтвортой, хариуцлагатай уул уурхайн салбар бий болсноор аж үйлдвэржсэн Монгол улс хөгжих гол суурь нь болно гэдэгт итгэдэг.

ЭХ СУРВАЛЖ: ӨДРИЙН СОНИН  /2021.08.08/

 

  • Шинэ
  • Их уншсан