Эрдэс баялгийн бүтээгдэхүүний экспорт 4,274.3 сая ам.долларт хүрчээ

 

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас салбартайгаа холбоотой статистик мэдээллийг 2021 оны нэгдүгээр сарын 01-нээс наймдугаар сарын 19-ны байдлаар mmhi.gov.mn сайтад байршуулжээ. Энэхүү мэдээлэлд дурдсанаар, төмрийн хүдрийн экспорт 4,845.6 мянган тонн буюу өнгөрсөн оны мөн үеийнхээс 484.9 мянган тонноор буурсан аж. Харин газрын тосны экспорт өнгөрсөн оны мөн үеийнхээс 108 хувиар буюу 3,301.5 мянган баррелиар нэмэгдсэн байна. Үнэт металл худалдан авалт 2.89 тонноор буурч, 11.7 тонн болжээ. Тэгвэл нүүрсний экспорт өмнөх жилийн мөн үеийнхээс 2.501.4 мянган тонноор буурч, 10,811 мянган тонн болсон аж. Зэсийн баяжмалын экспорт ч хасах үзүүлэлтийг зааж, 58.9 мянган тонноор буурч 806.5 мянган тонн болжээ. Хэдийгээр ийнхүү буурсан үзүүлэлттэй байгаа ч эрдэс баялгийн бүтээгдэхүүний экспорт 4,274.3 сая ам.долларт хүрч, өнгөрсөн оны мөн үеийн гүйцэтгэлээс 693.9 сая ам.доллар буюу 19.4 хувиар өссөн байна. Өөрөөр хэлбэл, “Экспортын биет хэмжээ буурсан ч дэлхийн зах зээл дээр эрдэс баялгийн үнэ өссөн учир ашигтай үзүүлэлтийг зааж байна” гэж мэргэжилтнүүд онцолж байгаа юм.      





  • Шинэ
  • Их уншсан