М.Оюунчимэг: Чингэлтэй дүүрэгт шинэ цэцэрлэгүүд ашиглалтад орсноор 700 гаруй хүүхэд гэрийнхээ ойр суралцах боломжтой боллоо

 

            УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга М.Оюунчимэг Чингэлтэй дүүргийн 37 дугаар дунд сургууль болон 291, 292, 275 дугаар цэцэрлэгийн хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажилтай танилцлаа. Тэрбээр энэ үеэр дээрх сургууль, цэцэрлэгүүдийн удирдлагууд, багш, ажилчидтай уулзаж, санал бодлыг нь сонсон зориулалтын ширээ, сандлыг гардуулан өгсөн юм. Чингэлтэй дүүрэг хүн ам олонтой боловч цэцэрлэгийн хүртээмж тааруу. Дүүргийн хэмжээнд нийт 45 цэцэрлэг, 18 дунд сургууль үйл ажиллагаагаа явуулдаг аж. Тиймээс эрхэм гишүүн М.Оюунчимэг энэ асуудлыг анхааралдаа авч, холбогдох байгууллагуудтай хамтран шуурхай ажилласны үр дүнд долдугаар хороонд 240 хүүхдийн ортой 291 дүгээр цэцэрлэг, аравдугаар хороонд 240 хүүхдийн ортой 292 дугаар цэцэрлэгийг шинээр байгуулж, бяцхан шавь нараа хүлээн авахад хэдийнэ бэлэн болжээ. УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга М.Оюунчимэгээс энэ талаар тодруулахад “Чингэлтэй дүүргээс би УИХ-ын сонгуульд хоёр ч удаа нэр дэвшиж ялалт байгуулсан. Манай дүүрэг гэр хороолол ихтэй. Цэцэрлэг, сургуулийн хүртээмж муугаас хүүхдүүд гэрээсээ хол явж суралцдагийг хараад эх хүний хувьд сэтгэл их зовинодог байсан. Харин одоо шинэ цэцэрлэгүүд ашиглалтад орсноор 700 гаруй хүүхэд харъяаллын дагуу гэрийнхээ ойр суралцах боломжтой боллоо. Мөн 70 гаруй ажлын байр шинээр бий болсонд сэтгэл хангалуун байна” гэсэн юм. Чингэлтэй дүүрэгт энэ онд дахин гурван цэцэрлэг, нэг сургуулийг ашиглалтад оруулахаар төлөвлөсөн аж. УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга М.Оюунчимэг сургууль, цэцэрлэгүүдийн үйл ажиллагаатай танилцах үеэрээ “Хэдийгээр цар тахлын нөхцөл байдал намжаагүй ч хүүхдүүд маань сурч боловсрох ёстой. Сургууль, цэцэрлэгийн орчин хүүхдүүдэд хамгийн аюулгүй, эрдэм номд шамдан суралцахад нэн таатай хоёр дахь гэр нь байх учиртай. Тиймээс сургуулийн захиргаа, багш нар, эцэг эхчүүд болон сурагчид маш хариуцлагатай байж, халдвар хамгааллын дэглэмийг сайтар баримтлахыг онцгойлон анхаарч ажиллаарай” гэлээ. Харин шинээр ашиглалтад орсон 291 дүгээр цэцэрлэгийнхний зүгээс барилгын ажлыг чанарын өндөр түвшинд гүйцэтгэсэн “Ванхүү” ХХК-ийн хамт олонд талархал илэрхийлж байгаагаа уламжлав.  








Т.Насан

 

 

   

 

  • Шинэ
  • Их уншсан