ЧИНГЭЛЭГ ТЭЭВРИЙН ТЕРМИНАЛЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛСНААР НҮҮРСНИЙ ЭКСПОРТ НЭМЭГДЭНЭ

Манай улс энэ онд 28.7 сая тонн нүүрс экспортолж, 1.3 их наяд төгрөгийн орлогыг төсөвт төвлөрүүлэхээр тооцсон. Энэ төлөвлөгөөг эхний найман сарын үзүүлэлтээс харахад 40 орчим хувьтай гарсан ч, 472.1 тэрбум төгрөгийн орлогыг төсөвт төвлөрүүлсэн нь 55 хувийн хувийн биелэлттэй байна. Өөрөөр хэлбэл, экспортын биет хэмжээ буурсан ч, дэлхийн зах зээлд нүүрсний үнэ өндөр байгаа нь манай улсын эдийн засагт эергээр нөлөөлөв. /График өгөх/

Нүүрсний экспортын биет хэмжээ буурсан шалтгаан нь дэлхий нийтэд тархаад буй коронавируст цар тахлын нөлөө, түүнээс урьдчилан сэргийлэх хүрээнд БНХАУ-ын талаас хилийн боомтуудад хязгаарлалт тавьж байсантай холбоотой. Хамгийн сүүлд, наймдугаар сарын сүүлээр гэхэд цар тахлын тохиолдол илэрсэнтэй холбоотойгоор Хятадын талаас Гашуунсухайт-Ганцмод боомтоор нүүрс тээврийн автомашин нэвтрүүлэхийг 14 хоног хязгаарлах санал тавьж, нүүрсний экспорт тасалдахад хүрч байв. Харин хоёр тал  тохиролцсоны үндсэн дээр PCR шинжилгээний хариу нь сөрөг гарсан жолооч нарыг тээврийн хөдөлгөөнд оролцуулж эхэлсэн. Өнгөрсөн долоо хоногийн байдлаар  /2021.08.31-09.04/ тус боомтоор нийт 860 орчим автомашин хилээр нэвтэрч, 108.870 мян.тн нүүрс гаргаад байна.

Манай улс экспортын орлогоос эдийн засгийн хамааралтай учраас цар тахлын сөрөг нөлөөллийн эсрэг тодорхой ажлуудыг жилийн өмнөөс хэрэгжүүлж эхэлсэн байдаг. Тухайлбал, УУХҮЯ-ны зүгээс 2020 оны 11 дүгээр сард Боомтын зөвлөлд чингэлэг тээврийн терминал байгуулах тухай санал оруулж, мөн өнгөрсөн 12 дугаар сарын сүүлээр Шивээхүрэн боомтод нэмэлт гарц барих асуудлыг хөндөж хэрэгжүүлэв. Энэ ажлууд судалгааны түвшинд хэрэгжиж, улмаар Монгол Улсын Засгийн газрын 185 дугаар тогтоол 2021 оны 7 дугаар сард гарснаар хилийн боомт, улсын хилийн бүс, зурвас газруудад чингэлэгт тээврийн терминал байгуулах шийдвэр гарч, шуурхай хэрэгжүүлэх үүргийг УУХҮ-ийн сайд Г.Ёндонд даалгасан. Нэг ёсондоо, цар тахлаас үл хамаарч нүүрсний экспортыг нэмэгдүүлэх гарц нь хилийн боомтуудад Гаалийн хяналтын бүс-Чингэлэг тээврийн терминал байгуулах ажил хэмээн үзэж, төслийг төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд яаралтай байгуулахаар болсон юм. Энэ хүрээнд нүүрсний экспортын 95 орчим хувийг бүрдүүлдэг хилийн Гашуунсухайт, Шивээхүрэн боомтод чингэлэг тээврийн терминал байгуулахаар болж, долоодугаар сарын 06-ны өдрөөс бүтээн байгуулалт эхэлсэн.

Гашуунсухайтын боомтын уг чингэлэг тээврийн терминалыг Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас 236 км зайд буюу тус боомтын зурвас газар болох нийт 30 га талбайд байгуулаад байна.  Бүтээн байгуулалтын хүрээнд тус 30 га талбайн хөрсийг хуулж нягтруулан, улмаар уг талбайд 20 см-ийн зузаантай  2 үе том болон жижиг ширхэглэлтэй  хайрган хучилт хийж нягтаршуулжээ. Мөн барилга байгууламжийн хүрээнд гаалийн хяналтын бүс болон хилийн цэргийн хашаа барьж, ариутгалын төхөөрөмж суурилуулан, талбайн гэрэлтүүлгийг шийдээд буй. Түүнчлэн барилга байгууламжуудын цэвэр бохир усны шугам хоолой, нөөцийн сав, ус цэвэршүүлэх төхөөрөмж болон бага оврын цэвэрлэх байгууламжийг барьснаас гадна 40 м-ийн урттай 250 тоннын даацтай 4 ширхэг электрон автожин операторын байрны хамт угсарч суурилуулжээ. Энэхүү бүтээн байгуулалтыг “Энержи ресурс” ХХК шуурхай зохион байгуулж, мөн туслан гүйцэтгэгч 17 компанийн нийт 430 орчим хүн хоёр сар хүрэхгүй хугацаанд гүйцэтгэн, хүлээлгэн өгөхөд бэлэн болсон байна. Уг төслийг “Энержи ресурс” ХХК, “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Тавантолгой” ХК-ийн хөрөнгө оруулалтаар барьж байгуулжээ.  Харин хилийн Шивээхүрэн боомтод барих чингэлэг тээврийн терминалыг 11.6 га талбайд  шийдэж байгаа аж. Тус төсөлд 8 ААН оролцож, одоогийн байдлаар газар шорооны ажил 50 орчим хувьтай байна. Шивээхүрэн боомтод чингэлэг тээврийн терминал байгуулах ажлын хүрээнд гаалийн хяналтын нэмэлт гарцыг “Монголын Алт” ХХК барьж, Хил хамгаалах ерөнхий газарт хүлээлгэн өгөөд байгаа билээ.

Чингэлэг тээврийн терминалыг байгуулснаар хилийн нэвтрэлт нэмэгдэж, нүүрсний экспорт өсч, нүүрсний чанар алдагдахаас сэргийлэн, байгаль орчинд үзүүлж буй сөрөг нөлөөлөл багасах давуу талтайг УУХҮЯ-ны зүгээс тодотгож байна. Хамгийн чухал нь, дараалалд олон хоног зогсох жолооч нарын эрүүл мэнд, нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой юм. Мөн хоёр улсын хил хооронд богинын рейсээр нүүрс тээвэрлэснээр экспорт одоогийнхоос жилд 10 сая тонноор нэмэгдэж, улс орон нутгийн төсөвт төвлөрөх татвар, хураамж нэмэгдэх тооцоо судалгаа гарчээ.

Ташрамд дурдахад, Эрдэс баялгийн салбар нь Монгол Улсын нэгдсэн төсвийн орлогын 32.5 хувийг бүрдүүлж байна. Манай улсын нэгдсэн төсвийн орлого 2021 оны эхний 7 сарын гүйцэтгэлээр 8,666.7 тэрбум төгрөг болсон. Үүнээс, эрдэс баялгийн салбараас төсөвт төвлөрүүлсэн орлого 2,813.5 тэрбум төгрөг байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 1.729.2 тэрбум төгрөг буюу 2.6 дахин өссөн үзүүлэлт гарчээ.

 

Эх сурвалж: УУХҮЯ

 

 

  • Шинэ
  • Их уншсан