Ковидын тархалтыг бууруулахад анхаарч, хариу арга хэмжээний нарийвчилсан төлөвлөгөөг хэрэгжүүлж ажиллах үүрэг өглөө

Эрдэнэт үйлдвэрийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөний эхэнд Эрдэнэт сувиллын цогцолборын Ерөнхий эмч Ж.Ганчимэг “ковид-19” цар тахлын халдварын сүүлийн өдрүүдийн явц, тархалтын эсрэг авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл хийв. 

     Энэ сар гарсаар халдварын тоо нэмэгдэж, өнгөрсөн 8 дугаар сарын үзүүлэлттэй харьцуулахад 1.3 хувиар өссөн байгааг Эрдэнэт сувиллын цогцолбороос онцоллоо. Сүүлийн өдрүүдэд Орхон аймагт тархалт эрчимтэй нэмэгдэж, эмнэлгүүд ачаалал ихтэй  байгаа тул хөнгөн хэлбэрээр өвдсөн ажилчдад гэрээр шуурхай тусламж үйлчилгээг үзүүлэх, нийт орны хувиарлалтаас 5-10 орыг тогтмол хуваарилан хэвтүүлж, эмчлэх, нарийн мэргэжлийн эмчийн үзлэг оношлогоо, сувилахуйн тусламж үйлчилгээ, гэрийн эргэлтийн хүртээмжийг эрчимжүүлэхэд чиглэн ажиллаж байгаа юм байна. Цаг үеийн тулгамдсан асуудал болох цар тахлын эсрэг авах арга хэмжээний төлөвлөгөөг дахин нарийвчлан боловсруулж, сахилга хариуцлагыг өндөржүүлж ажиллахыг бүтцийн цех нэгжийн удирдлагуудад онцгойлон сануулав. Түүнчлэн  цех нэгжүүд хөдөлмөр зохицуулалтыг дотоод ажил, онцлогтой уялдуулан нарийн гаргаж, халдвар хамгааллын дэглэмийг сулруулахгүй үргэлжлүүлэх үүрэг өглөө. 

     Мөн энэ сарын 9-12-ны өдрүүдэд үйлдвэрийн ажилчдыг вакцинжуулах, сэргээх 3 дахь тунд хамруулах ажлыг Хангарьд палас болон үйлдвэрийн бүсэд 4 цэгээр дамжуулан зохион байгууллаа. 3 дахь тунгийн вакцинжуулалтад 3736 үйлдвэрийн ажилтан, 1016 ар гэрийн гишүүд  хамрагдсан байна. Өөрөөр хэлбэл, уурхайчид болон тэдний ар гэрийнхэн 7000 тунгаас 4752 буюу 67 хувийг хийлгэжээ. Энэ мэдээллийг Ерөнхий захирлын Хамтын ажиллагаа, нийгмийн асуудал хариуцсан орлогч Ц.Бат-Энх хийж, вакцинжуулалтын ажлыг өндөр түвшинд сайн зохион байгуулсан ажлын хэсгийнхэн болон хамтран ажилласан нийт цех нэгжүүд, тэдгээрийн удирдлагуудад талархаж, цаашид үлдсэн тунд хэрхэн яаж хамруулах төлөвлөгөө гаргах, танилцуулахыг чиглэл болгов.  

     Өнгөрсөн долоо хоногт үйлдвэрийн хэмжээнд үйлдвэрлэл хэвийн, хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн ямар нэг зөрчилгүй ажилласныг бүтцийн нэгжүүдийн удирдлага мэдээлэв. Үйлдвэрлэлийн цехүүдийн намар өвлийн бэлтгэл ажил төлөвлөгөөний дагуу хийгдэж, хөрөнгө оруулалт бүтээн байгуулалт хэвийн үргэлжилж байна. Нийгмийн чиглэлийн бүтээн байгуулалт, тухайлбал “Уурхайчин-1” хорооллын цахилгаан холболт, 1,2-р хорооллын дэд бүтцийн ажилд Нийгмийн харилцааны хэлтэс хяналт тавьж, ирэх сард ашиглалтад оруулахаар шуурхай ажиллаж буй аж. Шуурхай зөвлөгөөнд Ерөнхий захирлын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Д.Үүрийнтуяа мэдээлэл хийж, ирэх долоо хоногт ТӨБЗГ-ын ээлжит хуралдаан Эрдэнэт үйлдвэр дээр болж, үйлдвэрийн хэмжээнд тулгамдаж буй 10 гаруй асуудал авч хэлэлцэхээр бэлтгэж буйг дурьдав. Мөн 2022 оны үйлдвэрийн бизнес төлөвлөгөөнд нягт нямбай хандах, энэ оноос шилжүүлэх зарим хөрөнгө оруулалтын ажлыг эрэмбэлж, дахин боловсруулж оруулах зэрэг ажил хэргийн үүрэг чиглэлийг холбогдох цех нэгжийн удирдлага, мэргэжилтнүүдэд өглөө. 

М.Балжинням

 

  • Шинэ
  • Их уншсан