Г.Занданшатарын давхар цохилтот мэдэгдэл

Монголын улс төрийн нэгэн сонирхолтой натур бол УИХ-ын дарга Г.Занданшатар. Индэрт гарч энтертайнмент шоу хийдэггүй, төвийг сахисан мэт боловч тааварлашгүй нүүдэл хийдэг энэ эрхмийг ажиглагчид “УИХ-д үнэмлэхүй олонхи суудалтай МАН-ын парламент дахь дарга нь” гэж дүгнэдэг. Сонирхолтой дүгнэлт байгаа биз. “Алх хэний гарт байна вэ, түүнд эрх мэдэл бий” гэдэг. Үүн лүгээ адил Г.Занданшатар хэдийгээр эрх баригч хүчний тэргүүн биш ч хууль тогтоох дээд байгууллагыг даргалдаг өндөр эрх мэдэл бүхий улстөрч. Тиймээс ч улс төрийн хүрээнийхэн дунд “МАН-ын дараагийн дарга нь Г.Занданшатар уу” гэх яриа хүчтэй өрнөсөн. Одоо ч энэ тухай хардлага, таамаглал үе үе дэвшүүлэх нь бий. Харин эх сурвалжуудын яриагаар Г.Занданшатар “Ард түмэн бидэнд итгэл хүлээлгэсэн. Тиймээс улс орныхоо төлөө хүчээ нэгтгэн зүтгэх ёстой. Албан тушаал, эрх мэдэл бол 100 дугаар асуудал” гэж популистуудын амыг нэг сайн тагласан гэдэг. Г.Занданшатар гэж ийм улстөрч...

          УИХ-ын намрын чуулган өнгөрсөн баасан гарагт нээлтээ хийлээ. Монголын улс төр дэх намрын халуун өдрүүд ийнхүү эхэлж байна. Цар тахлын хүнд үед сөхөрсөн, цөхөрсөн ард түмэн хэзээ л бол хэзээ дэлбэрэхэд бэлэн дарьтай торх мэт болчихоод буй энэ эгзэгтэй үед Г.Занданшатар УИХ-ын даргын хувьд “...Хэдийгээр иргэдийнхээ 65 гаруй хувийг вакцины хоёр тунд хамруулсан ч 382 мянган тохиолдол бүртгэгдэж, 1200 гаруй иргэн энэ аюулт өвчнөөр амь насаа алдлаа. Амь нас нь эрсэдсэн ард иргэдийнхээ ар гэр, төрөл төрөгсдөд УИХ гүн эмгэнэл илэрхийлье” хэмээн чуулганы индрээс хэлэв. Улс төрд төвийг сахигч бөгөөд төвийн тоглолтыг ямагт хийгч Г.Занданшатар ийнхүү ард түмний зүгээс “Монгол төр хэзээ эмгэнэл илэрхийлэх бол оо” гэж өдөр бүр шахам Төрийн ордны зүг чих тавьж, сошиалд уур бухимдлаа илэрхийлж байгаа энэ үед тун мэдрэмжтэй алхам хийлээ. Ард түмэндээ эмгэнэл илэрхийлсэн анхны улстөрч болов уу даа, тэр!? Цар тахлын үед эрүүл мэндийн салбар тэр чигтээ “Улаан бүс” болж, эмч, эмнэлгийн ажилтнуудын цалин, хангамжийн асуудал тулгамдаж буй энэ үед тэрбээр “Эрүүл мэндийн салбарт иргэнд чиглэж, гүйцэтгэлд тулгуурласан санхүүжилтийг нэвтрүүлэх, эмч, эмнэлгийн ажиллагсдын нийгмийн асуудлыг сайжруулах зэрэг төсвийн удирдлагын тогтолцооны эхлэл тавигдсаныг бататгаж, салбарын чадавхыг богино хугацаанд шинэ шатанд гарган иргэдийн эрүүл мэндийг хамгаалах найдвартай тогтолцоог төлөвшүүлэх шаардлагатай” гэж онцолсон юм. Өөрөөр хэлбэл, олон нийтийн зүгээс хүлээлт үүсгэсэн бас нэгэн чухал сэдэвт УИХ-ын дарга Г.Занданшатар товч бөгөөд тодорхой хариулт өгсөн нь энэ.

          Монголын нийгмийн хамгийн эмзэг бөгөөд орхигдсон сэдэв бол эдийн засаг. Улстөрч Г.Занданшатар намрын чуулганы нээлтийн үеэр “Эдийн засгийн өсөлт удааширч, 2021 оны дүнгээр 5.1 хувь болох төсөөлөл гарчээ. Өргөн хэрэглээний бараа, үйлчилгээний үнийг өмнөх оны эцэстэй харьцуулахад 2021 оны наймдугаар сард л гэхэд улсын хэмжээнд 8.9 хувь, Улаанбаатар хотод 10.0 хувиар өссөн нь ард иргэдийн амжиргаанд хүндээр тусч байна. Ийм нөхцөлд Засгийн газар тогтвортой, тууштай ажиллах шаардлагатай” гэж олон нийтэд хийгээд улстөрчдөд хандсан мессэж өгсөн нь анхаарал татна. Учир нь “МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнийн тэргүүлж буй Засгийн газар цар тахлын онцгой нөхцөл байдалд тааруу ажиллаж байна. Огцор” гэдэг шаардлага сошиал ертөнцөөр нэг давалгаалж буй энэ үед Г.Занданшатар “Засгийн газар тогтвортой ажиллах ёстой. Огцруулахыг дэмжихгүй” гэдэг хувь улстөрчийн мэдэгдлээ давхар хийчихлээ. Энэ анхаарахгүй байх өнцөг гэж үү! Нөгөөтэйгүүр “Эдийн засгийн нөхцөл байдал улам хүндэрч байна. Ачаа чинь улам нэмэгдэж байна шүү” гэдэг анхааруулгыг МАН-ын бүрдүүлсэн Засгийн газарт бас өглөө. Үнэхээр ч дэлхий дахинд нүүрлэсэн цар тахалд Монгол Улс нэрвэгдэж, аж ахуйн нэгжүүд дампуурч, Замын-Үүдэд ачаа бараа олон сараар гацаж, иргэд цар тахлаар амь насаа алдаж, халдварын тохиолдол өдөр бүр дөрвөн оронтой тоогоор илэрч, шатахууны хомсдол нүүрлэж, шуудхан хэлэхэд нийтээрээ “Хар нүх”-ний амсарт тулаад буй энэ үед ажиглагчдын дүгнэсэнчлэн “УИХ дахь эрх баригч хүчний дарга” ийм мэдэгдэл, анхааруулгыг өгөхөөс өөр яалтай! УИХ гэдэг ард түмний төлөөлөл. Тиймээс Г.Занданшатар хувь улстөрчийн хувьд, намынхаа журмын нөхдөд хатуухан сануулга өгөх нь зүйн хэрэг.  

          “Энэ удаагийн намрын чуулган Монгол Улсын эдийн засгийн шинэ сэргэлтийн бодлогыг тодорхойлсон чуулган болно”... Г.Занданшатар УИХ-ын намрын чуулганы үеэр хэлсэн үгэндээ онцолсон таван мессэжийн нэг нь энэ. МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнийн дэвшүүлсэн шинэ сэргэлтийн бодлогыг УИХ ч дэмжиж ажиллах юм байна гэдэг нь спикерийн хэлсэн үгнээс ийнхүү харагдаж байна. Тэрбээр Засгийн газраас хэрэгжүүлж буй 10 их наядын хөтөлбөрийн талаар УИХ-ын даргын хувьд болон хувь улстөрчийн тухайд ч байр сууриа илэрхийллээ. “Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй 10 их наядын хөтөлбөрийн үр дүнд эдийн засагт сэргэлт бий болсон. Гэхдээ нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ цар тахлын өмнөх 2019 оны түвшинд хүрээгүй байна” гэж... Харин спикерийн онцолсон эдийн засгийн статистикаас харвал, манай улсын төсвийн урсгал тэнцэл 25.7 тэрбум ам.долларын алдагдалтай гарч, гадаад өр 32.4 тэрбум ам.долларт хүрч, нийт экспортын 90 хувь, гадаадын шууд хөрөнгө оруулалтын 73 хувь нь зөвхөн уул уурхайн салбараас хамааралтай байгаа аж. Г.Занданшатарын онцолсноор, “дусал залгасан” эдийн засагтай Монгол Улсад эрх баригч хүчнийхэн шинэ сэргэлтийн чухам ямар бодлого хэрэгжүүлэх нь сонирхол татна. Ямартай ч шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд төсвийн хөрөнгө оруулалт, хөдөлмөр эрхлэлт, хот, хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах, хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх боломжтой чиг үүргийг төр гүйцэтгэхгүй байх зарчим баримтлах, эрүүл мэнд, боловсрол, соёл урлаг, шинжлэх ухаан, нийгмийн салбарт санхүүжилтийн шинэ тогтолцоог нэвтрүүлэх аж. Шинэ сэргэлтийн бодлогын талаар спикерийн хэлсэн таван багц асуудлыг тоймлоход шүү дээ.

          Нөхөн сонгуультай, нөхөн сонгууль тойрсон дуулиант мэдээллүүдтэй, гудамжаар нэг бухимдалтай, сошиал хийрхлээр дүүрэн энэ үед УИХ-ын дарга Г.Занданшатарын намрын чуулганыг нээхдээ хэлсэн таван мессэжийг анхаарахгүй өнгөрч болохгүй. “Засгийн газар тогтвортой ажиллах ёстой. Шинэ сэргэлтийн бодлогыг дэмжинэ” гэж мэдэгдсэн тэрбээр “Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг амилуулах эрх зүйн хувьсгалын зорилтоо бид энэ чуулганаар үргэлжлүүлэх болно” гэж мэдэгдсэн нь бас л сонин. Учир нь өмнөх парламентын үед МАН УИХ-д олонхи байсан. Тэр үед Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хумьж, хэт их эрх мэдэлтэй Ерөнхий сайдыг “төрүүлсэн”. Тийм атал энэ удаад Үндсэн хуульд дахин ямар өөрчлөлт хийх вэ, ойр ойрхон нэмэлт, өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага бий юү гэдэг асуулт гарч ирэв. Спикерийн мэдэгдсэнчлэн МАН шүүх засаглалд хийж буй шинэчлэлээ үргэлжлүүлж, Зөрчлийн тухай хуулийг шинэчлэн найруулж, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах аж. Мөн Шүүх байгуулах тухай, Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулиудыг шинэчлэн найруулж, Иргэний болон захиргааны шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай, Шүүхийн бус журмаар өр барагдуулах үйл ажиллагааны тухай зэрэг хуулиудыг шинээр хэлэлцэж батлахаар төлөвлөж байгаа юм байна. “Монгол Улсын шүүхийн тухай хууль гацаанаас гарсан. Үндсэн хуулийн Цэцийн шийдвэр эцэслэгдсэн” гэдгийг ч УИХ-ын дарга Г.Занданшатар онцлов. Харин түүний зүгээс өгсөн тав дахь мессэж боловсролын салбартай холбоотой. Дэлхийд алдартай Стэнфордын их сургуульд лекц уншиж явсан спикер “Хүүхэд, залууст дэлхийн түвшний боловсролыг эзэмшүүлэх, дэлхийтэй хөл нийлүүлэн алхах шинэ монгол иргэдийг өсгөн хүмүүжүүлэх үзэл баримтлалтай багц хуулиудыг хэлэлцэхээр зорьж байна. Мэдээж хэрэг, үүнд цаг хугацаа их орно. Боловсролын ерөнхий хууль, Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулиудын шинэчилсэн найруулга, Хүмүүнлэг боловсролыг дэмжих тухай, Боловсролын хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд багтаж байна” гэлээ. Г.Занданшатар ийнхүү УИХ-ын даргын хувьд болон хувь улстөрчийн зүгээс нийгэмд хүлээлт үүсгэсэн олон асуудалд хариулт өгч, байр сууриа илэрхийллээ. Өөрөөр хэлбэл, тэрбээр олон нийтэд болон Засгийн газар, эрх баригч хүчнийхэнд хандсан давхар цохилттой мэдэгдлээ ийнхүү хийв. Харин хувь улстөрч Г.Занданшатар дээрх таван мессэжээрээ дамжуулж, улс төрд ямар нэн шинэ нүүдэл хийх нь сонирхол татна. Учир нь тэр Монголын улс төр дэх төвийн тоглогч, Монгол төрийн №2 хүн.  

Г.Энх   

  • Шинэ
  • Их уншсан