Эрдэнэт үйлдвэрийн оны эхний 9 сарын үйлдвэрлэлийн төлөвлөгөө 100-аас дээш хувиар биеллээ

Эрдэнэт үйлдвэрийн хамт олон 2021 оны эхнээс үйлдвэрлэлийн төлөвлөгөөт үзүүлэлтүүдээ 100-аас дээш хувиар биелүүлж байгааг тус үйлдвэрийн Үйлдвэрлэлийн хэлтсээс мэдээлэв. Оны эхний 9 сарын байдлаар, уурхайчид нийт 20 сая 523 мянган метр куб уулын цул гаргаж, төлөвлөгөөг 101 хувиар, 10 сая 143 мянган метр куб хөрс хуулалтын ажил гүйцэтгэж төлөвлөгөөг 100.8 хувиар тус биелүүллээ. Харин эдгээр үзүүлэлтийн төлөвлөгөөний биелэлт өнгөрсөн 9 дүгээр сард 100-101.6 хувиар биелсэн байна. Ил уурхайнхан энэ хугацаанд нийт 26 сая 469 мянган тонн хүдэр олборлосон бол 9 дүгээр сард 2 сая 950 мянган тонн хүдэр олборлолоо. Ингэснээр төлөвлөгөө 101.2-103 хувиар биелжээ. Түүнчлэн исэлдсэн хүдэр олборлолтын төлөвлөгөө 104.8 хувиар биелсэн байна. Өрөмдлөгийн хэсгийнхэн оны эхнээс 399300 тууш метр, өнгөрсөн 9 дүгээр сард 44250 тууш метр өрөмдлөг гүйцэтгэж, 101.3-102 хувиар төлөвлөгөө нь биелэв. 

Баяжуулах үйлдвэрт оны эхний 9 сарын байдлаар, нийт 24 сая 324 мянган тонн хүдэр боловсруулж, хүдэр дэх металлын агуулгыг зэсээр 0.451 хувь, молибденоор 0.01767 хувьд хүргэж ажилласан байна. Хүдэр боловсруулалтын төлөвлөгөө 101 хувиар биелсэн бол хүдэр дэх металлын агуулгын төлөвлөгөө 100.3-122.7 хувиар тус тус биеллээ. Мөн зэсийн металл авалт 100 хувиар, молибдены металл авалт 113.7 хувиар биелжээ. 

Оны эхний 9 сард Эрдэнэт үйлдвэр нийт 428145 тонн зэсийн баяжмал, 4864.8 тонн молибдены баяжмал үйлдвэрлэн, экспортод ачуулав. Ачигдсан зэсийн баяжмалын чанар 102.1 хувь, молибдены баяжмалын чанар 104.6 хувиар биелсэн амжилтаар уурхайчид оны эхний 9 сарын ажлаа дүгнэсэн байна.  

М.Балжинням

 

 

  • Шинэ
  • Их уншсан