Ашиглалтаас гарсан цацрагийн үүсгүүрийг тусгай байгууламжид хүлээлгэж өглөө

Эрдэнэт үйлдвэрийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэлтсийн Цацрагийн аюулгүйн албанаас Холбоо, мэдээллийн технологи, автоматжуулалтын цех, Тээвэр ложистикийн төв, Гэрээт цагдаагийн хэлтэстэй хамтран, ашиглалтаас гарсан цацрагийн үүсгүүрийг тусгай байгууламжид  шилжүүлэх ажлыг зохион байгуулав. Энэ хүрээнд нийт 36 ширхэг цацраг идэвхт изотоп бүхий цацрагийн үүсгүүрийг Улаанбаатар хот хүртэл аюулгүй тээвэрлэж, цацраг идэвхт хаягдлыг тээвэрлэх, төвлөрүүлэн хадгалах тусгай байгууламжид хүлээлгэж өгчээ. 

      Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэлтсийн Цацрагийн аюулгүйн албанаас ашиглаж, хадгалж буй цацрагийн үүсгүүрийн техникийн төлөв байдалд жил бүр эрсдэлийн үнэлгээ хийж, гарсан үр дүнгээр нь цаашид ашиглах боломжтой эсэхийг нь тогтоон ажилладаг. Ингэснээр, өндөр эрсдэлтэй гэж үнэлэгдсэн буюу цаашид ашиглалтын болон аюулгүйн шаардлагыг хангаагүй цацрагийн үүсгүүрийг ээлж дараалан ашиглалтаас гаргах, шинэчлэн солих, цацраг идэвхт хаягдалд тооцох, цацраг идэвхт хаягдлыг тээвэрлэх, төвлөрүүлэн хадгалах тусгай байгууламжид бүр хадгалуулахаар шилжүүлэх менежментийг хэрэгжүүлж буйг тус албаны Тэргүүлэх инженер Ц.Оргил онцлов. Цацрагийн аюулгүйн алба нь энэ онд цацрагийн үүсгүүрийг ээлж дараалан ашиглалтаас гаргах, солих, хадгалалт ба тээвэрлэлтийн горимд бэлтгэж шилжүүлэх, урьдчилж бэлтгэсэн тусгай сав баглаа боодолд хийж бэхлэх, зохих цацрагийн аюулгүйн хэмжилтүүдийг хийх зэрэг ажлыг гүйцэтгээд байна.

М.Балжинням

 

 

 

 

  • Шинэ
  • Их уншсан