“Нэн түрүүнд ХАБ-2021” бага хурлыг 10 дахь жилдээ хамтран зохион байгуулна

Даваа гаригийн ээлжит шуурхай зөвлөгөөнд Эрдэнэт үйлдвэрийн ХАБЭА-н хэлтсийн дарга Д.Мөнхболд “Нэн түрүүнд ХАБ-2021” бага хурлын талаар мэдээллээ. Энэ сарын 21,22 -ны өдрүүдэд болох тус бага хуралд 15 төлөөлөгч оролцох бол хурлын үйл ажиллагааг Эрдэнэт үйлдвэр 10 дахь жилдээ хамтран зохион байгуулж байна. “Нэн түрүүнд-ХАБ” анхны бага хурлыг 2012 онд Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциац санаачлан, Эрдэнэт үйлдвэр ивээн тэтгэж, ирсэн түүхтэй. Энэ удаагийн бага хурал “Аюулгүй байдал ба Ковид-19” сэдвийн дор болох бөгөөд Ерөнхий захирлын Нэгдүгээр орлогч бөгөөд Ерөнхий инженер Т.Батмөнх илтгэл тавьж оролцоно.  Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн эрх зүйн орчны шинэчлэл, өөрчлөлтийн болон зохицуулалтын шинэлэг мэдээлэл, байгууллагын ХАБ-ын асуудлаа шийдвэрлэж буй тэргүүн туршлагаас суралцах зорилготой тус хурлын үйл ажиллагааг дэмжин, хамтран ажиллаж буй үйлдвэрийн удирдлага, хамт олонд талархлаа илэрхийлье гэж ХАБЭА-н хэлтсийн дарга онцлов. 

     Уламжлал ёсоор шуурхай зөвлөгөөнд үйлдвэрийн бүтцийн нэгжийн удирдлагууд өнгөрсөн долоо хоногийн ажлын тайлан, шинэ долоо хоногийн төлөвлөгөөгөө танилцууллаа. Ажилчдыг халуун хоолоор хангах дараагийн компани шалгаруулалт хүртэл Ерөнхий захиргааны 1-р байранд Сэлэнгэ катеринг шинэ салбар нээн ажиллаж эхэлсэн бол Байгаль орчин, ногоон хөгжлийн хэлтсийнхэн Хангал голын гольдрол дагуу 10.3 км орчим талбайг 223 ажилтны хүчээр цэвэрлэсэн байна. Мөн энэ хавар, намар тус хэлтсээс зохион байгуулж, нийт 21 төрлийн 9182 мод тарьжээ. Үйлдвэрлэлийн хэлтсээс 10 сарын эхний 17 хоногийн үйлдвэрлэлийн явцаас мэдээлж, энэ долоо хоногт өвлийн бэлтгэл хангах ажилтай газар дээр нь үзэж танилцахаар төлөвлөж буйг мэдээлэв.  Өнгөрсөн 7 хоногт хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлууд хэвийн үргэлжилж, төлөвлөгөөт засварууд хуваарийн дагуу хийгдсэн байна. Энэ сарын 19-20-нд Эрдэнэт хотод болох “Эрдэнэт хөгжил-2021” форумд Ерөнхий захирлын Хөгжлийн асуудал хариуцсан орлогч Д.Энхбат тэргүүтэй 100 ажилтан оролцож, гурван илтгэл хэлэлцүүлэхээр бэлтгэж буйг Хөгжлийн хэлтсээс мэдээлэв. 

     Шуурхай зөвлөгөөний төгсгөлд Ерөнхий захирал Х.Бадамсүрэн, Нэгдүгээр орлогч бөгөөд Ерөнхий инженер Т.Батмөнх нар цаг үеийн ажлуудаа хугацаанд нь амжуулж, хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажилд тулгамдаж буй бараа материалын нийлүүлэлт, хангамжтай холбоотой зарим асуудлыг боломжит бүх хэлбэрээр даруй шийдвэрлэн ажиллах, хальтиргаа гулгаа үүсэж хүйтэрч байгаа тул үйлдвэрийн бүс дэх аюулгүй ажиллагааг  хангаж ажиллах  үүрэг чиглэл өглөө.  

М.Балжинням

 

  • Шинэ
  • Их уншсан