Б.Мөнхцэцэг:Архив,албан хэрэг хөтлөлтийн ажилтны өдрийг мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэхэд чиглүүлнэ

Тухайн байгууллагын үйл ажиллагааг баримтжуулахад чухал үүрэг, хариуцлагатай оролцдог Архив, албан хэрэг хөтлөлтийн ажилтны мэргэжлийн өдөр ирэх 12 дугаар сарын 5-нд болно. Энэ өдрийг угтсан ажил болон архив, албан хэрэг хөтлөлтийн ажлын онцлогийн талаар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Захиргаа, хүний нөөцийн бодлогын газрын Дотоод зохион байгуулалт, албан хэрэг хөтлөлтийн албаны дарга Б.Мөнхцэцэгтэй ярилцлаа.  -Архив, албан хэрэг хөтлөлт хариуцсан ажилтны мэргэжлийн өдрийг хэзээ тэмдэглэж эхэлсэн бэ? Энэ өдрийн гол ач холбогдол юу вэ? -Манай улсад энэхүү мэргэжлийн өдрийг 2010 оноос хойш  11 дэх жилдээ тэмдэглэх гэж байна. Харин 2019 онд Монгол Улсын Засгийн газрын 204 дүгээр тогтоолоор Архивчдын өдрийг жил бүрийн 12 дугаар сарын 05-ны өдөр тэмдэглэх шийдвэр гарснаар илүү өргөн цар хүрээтэй болсон гэж хэлж болно.  Энэ өдрөөр тухайн жилд тодорхой сэдэв, уриа дор салбарын ололт амжилтыг олон нийтэд мэдээлж сурталчлах, түгээн дэлгэрүүлэх, харилцан туршлага солилцох, бүтээлч ажил, үйл ажиллагаанд оролцуулах, ажилтан ажилчдын хөдөлмөр, бүтээлийг тодруулан алдаршуулах, хөдөлмөрийн алдар тэмдэглэх, урамшуулах, ажил, мэргэжлийн уралдаан зохиох зэргээр олон төрөл, хэлбэрийн үйл ажиллагаа зохион байгуулдаг. Өөрөөр хэлбэл, архив, албан хэрэг хөтлөлт хариуцсан ажилтнуудын үйл ажиллагааг сурталчлах, алдаршуулах, урамшуулах, тэднийг сургаж, хөгжүүлэх, мэдлэгээ хуваалцах боломж олгодог чухал ач холбогдолтой өдөр юм.      -Ер нь энэ ажил мэргэжлийн онцлог юу вэ, орчин цагт албан хэрэг хөтлөлтийн стандарт шинэчлэгдэж, илүү боловсронгуй болж байгаа байх? -Архив, албан хэрэг хөтлөлт хариуцсан ажилтан бол тухайн байгууллагын удирдлагын үйл ажиллагааг баримтжуулахад чухал үүрэгтэйгээр оролцдог. Аливаа байгууллагын дийлэнх үйл ажиллагаа баримт бичгээр дамжин хэрэгждэг, өөрөөр хэлбэл байгууллага ажил, асуудлаа шийдэхдээ тэр бүр биечлэн уулзаж, шийдвэрлэх боломж хомс байдаг. Тэгэхээр бид ажлаа бүтээж, асуудлаа шийдүүлэхийн тулд баримт бичиг төлөвлөж, хүргүүлэх шаардлага үүсдэг. Энэ утгаараа баримт бичиг зөвхөн асуудал шийдвэрлэх бус харилцааны үүрэг гүйцэтгэж эхэлдэг. Таны боловсруулж, зохион бүрдүүлсэн баримт бичиг хэр зэрэг хууль зүйн хувьд, стандартын хувьд, утга найруулгын хувьд тавигдах шаардлагыг бүрэн дүүрэн хангасан байна, төдий чинээ удирдлагын шийдвэрийг үр ашигтай болгох, бодит байдалд хэрэгжүүлэх, тулгамдсан асуудлаа зөв ойлгуулах, шийдвэрлүүлэх, зорилго, зорилтдоо хүрэх нөхцөл боломж бүрддэг.  Мөн байгууллагад ирсэн, байгууллагаас явуулсан болон дотооддоо боловсруулан мөрдөж байгаа нийт баримт бичгийн эргэлт, шийдвэрлэлтийн зохион байгуулалтыг хариуцаж, хяналт тавих үүрэг гүйцэтгэдэг. Иймээс энэ чиглэлээр мөрдүүлж байгаа эрх зүйн баримт бичгийг судалж, хэрэгжүүлэх, хэрэглэх чадвартай байх, төрөл бүрийн салбарын мэдлэг, мэдээлэлтэй байх зэрэг олон шаардлага тавигддаг. Байгууллагаас батлагдан гарч байгаа баримт бичиг нь тухайн байгууллагын нэрийн хуудас болдог учир ямар ч төрлийн баримт бичгийг бүрдүүлдэгээрээ өндөр хариуцлагатай.  1998 онд батлагдсан “Архивын тухай хууль”, 2020 онд “Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай” хууль болж шинэчлэгдэн батлагдсанаас хойш дагаад салбарын хууль эрх зүйн актууд шинэчлэгдсэн. Тухайлбал, “Албан хэрэг хөтлөлтийн нийтлэг журам”, Монгол Улсын Баримт бичгийн стандарт MNS 5140-1:2021, MNS 5140-2:2021, MNS 5140-3:2021 гэх мэтчилэн. Шинээр батлагдсан хууль, журам, стандартыг судлахад баримт бичгийн тодорхойлолтоос эхлээд зарим баримт бичгийн нэр, төрөл, бүрдлийн нэр, тоо өөрчлөгдсөн байгаа нь анзаарагдсан. Захирамжлалын баримт бичигт “хууль”, зохион байгуулалтын баримт бичигт “санамж бичиг” гэх зэрэг баримт бичиг нэмэгдэж, мэдээлэл лавлагааны баримт бичиг болох “санал”-ыг зохион байгуулалтын баримт бичгийн төрөлд оруулсан байх жишээтэй. Сүүлийн үед байгууллагууд цахимаар архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаагаа хөтлөх болсонтой холбоотой “Цахим хэлбэрээр албан хэрэг хөтлөх нийтлэг журам”, “Цахим болон тоон гарын үсгийн тухай хууль” батлагдан, хэрэгжиж байна.   -Эрдэнэт үйлдвэр хэд дэх жилдээ тэмдэглэж байгаа бол? Энэ жил мэргэжлийн өдрийг угтаж ямар ажлууд зохион байгуулж байна вэ?  Манай үйлдвэрийн газрын хувьд 2013 оноос мэргэжлийн өдрийг тэмдэглэж ирсэн. Ихэвчлэн бид архив, албан хэрэг хөтлөлт хариуцсан ажилтнуудаа сургалт, зөвлөгөөнд хамруулан хөгжих боломжоор хангах, аттестатчилал явуулах, мэргэжлийн уралдаан зохион байгуулах, нэгдсэн арга хэмжээний хүрээнд үзлэг шалгалт хийх зэргээр ур чадварын түвшнийг тодорхойлж, цаашид авах арга хэмжээгээ тодорхойлох, мөн шагнаж урамшуулах ажлууд хэрэгжүүлж байлаа. Энэ жилийн хувьд Захиргаа, хүний нөөцийн бодлогын газрын даргын баталсан “Мэргэжлийн өдрийг угтан зохион байгуулах цуврал арга хэмжээний төлөвлөгөө”-ний дагуу хэд хэдэн багц арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Тухайлбал, “Мэргэжил, ур чадварын онлайн уралдаан”, “Шинэчилсэн хууль, журам, стандартын танилцуулга, хувийн хөмрөг” сэдэвт багийн уралдаан зарлаж, цуврал сургалтуудыг мэргэжилтнүүдийн болон архив, албан хэрэг хөтлөлт хариуцсан ажилтнуудаас бүрдсэн багийн хүчээр зохион байгуулна. Мөн Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн Орхон аймаг дахь салбар зөвлөлтэй хамтран аймгийн хэмжээнд “Эрдэнэт үйлдвэрийн архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагааг сурталчлах” ажлыг төлөвлөсөн.  -Архив, албан хэрэг хөтлөлтийн ажилтнуудын өмнө тавигддаг шаардлага, энэ чиглэлд хийж хэрэгжүүлэх зорилт зорилгын талаар тодруулна уу? -Ажилтнуудын өмнө архив, албан хэрэг хөтлөлтийн болон мэдээллийн технологийн мэргэжилтэй байх үндсэн шаардлага тавигддаг. Архив, албан хэрэг хөтлөлтийн мэргэжлийн болон мэргэшлийн үнэмлэх олгох сургалтыг Архивын ерөнхий газарт зохион байгуулдаг. Иймээс энэ онд нийт архив, албан хэрэг хөтлөлт хариуцсан ажилтнуудын сургалтын хэрэгцээг бодитой, үндэслэлтэй тодорхойлох зорилгоор ур чадварын матриц буюу Skill matrix-ыг мэргэжлийн ба ерөнхий ур чадварыг үнэлэх 5 түвшинд боловсруулж, батлуулан, өөрийн, удирдлагын, бодлогын газрын үнэлгээ хийлгэж, нэгтгэсэн. Үнэлгээг үндэслэн сургалт хөгжлийн нэгдсэн хөтөлбөр боловсруулах, хувь хүн бүрийн хөгжлийн төлөвлөгөө гаргуулахаар ажиллаж байна. Цаашид хөгжлийн нэгдсэн хөтөлбөр болон хөгжлийн төлөвлөгөөг үндэслэн, чадамжид суурилсан сургалт, хөгжлийн үйл ажиллагааг хэрэгжүүлнэ. Энэ дашрамд үйлдвэрийнхээ нийт архив, албан хэрэг хөтлөлт хариуцсан ажилтнуудад удахгүй болох мэргэжлийн өдрийн мэнд хүргэж, цуврал арга хэмжээндээ идэвхтэй хамрагдан, хамтдаа хөгжицгөөе гэж уриалмаар байна. Та бүхний мэргэжлийн өндөр ур чадвар, сахилга хариуцлага, нягт нямбай үйл ажиллагаанд тулгуурлан Эрдэнэт үйлдвэрийн архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаа амжилттай хэрэгждэг гэдгийг дахин онцлон хэлмээр байна.  

  • Шинэ
  • Их уншсан