“Ард” кинотеатрыг таван тэрбумаар зарж байгаа” гэв үү

Хөххотод консулаар ажиллаж байсан Д.Мөнх-Эрдэнэ фэйсбүүкт лаив хийж, багагүй хэл ам, дуулиан шуугиан дэгдээх болсон. Ц.Нямдоржийн “амбаар” дээгүүр дрон нисгэж, хашааных нь тоосгыг тоолсон тэрбээр өчигдөр (2021.11.13) Монгол Улсын гавьяат жүжигчин Ж.Алтанцэцэгийн пост доор “Танай нөхөр Н.Алтанхуягийн хулгайн мөнгийг казино тоглож үрээд хуулийн байгууллага хайгаад хэцүү явахад хэнийд нуугдаж явснаа мэдэж байгаа биз дээ, эрхэм дуучин эгч минь” хэмээн бичиж, поп диваг ихээхэн бухимдуулав. Дуучин Ж.Алтанцэцэг “Энэ жүжигчин Д.Сосорбарам гуайн эгчийнх нь хүүхэд, дүү нь гэх залуу миний нөхрийг гүтгэж бичжээ. “Ам нээвэл уушги нээ” гэж ахыг чинь жинхэнэ луйварчин гэдгийг батлах баримт нь надад байгааг хэлж, ард иргэдэд харуулж болно шүү. Ах чинь 2015 онд мөнгө зээлэх нэрээр луйвар хийсэн. Алдартай дуучинтай хамт тоглолт хийлгэх нэрийдлээр луйвар хийсэн. Цааш нь ярьж болно шүү. Ахынхаа “Ард” кинотеатрыг дэээмдсэн түүхийг нь ярьж чадахгүй хэвтэж, шударга ёс ярьж орилж хашгирч ахынхаа даалгаврыг сайн биелүүлэх гэж зүтгээд олныг үймүүлж явааг чинь мэдэхгүй гэж бүү андуур. Ахынхаа “Ард” кинотеатрыг гадныханд зарах луйврыг хаацайлж яваа шүү чи. Өөр зөндөө бузар юм байгаа” гэжээ. Харин дуучин бүсгүйд нэгэн иргэн “Юунд нууна вэ” гэж хандахад “Юу нууна гэж... Ах нь “Ард” кинотеатрыг таван тэрбумаар зарж байгаа юм гэсэн, гадныханд” гэж хариулжээ. “Ард” кинотеатрын тухайд, Монголын ууган театр. 1930 онд байгуулсан энэхүү театрын барилгыг 1965 онд барьсан аж. Харин 1996 онд менежментийн хувьчлалаар хувьчилж, Монгол Улсын гавьяат жүжигчин Д.Сосорбарам авчээ. Тэр цагаас эхлэн театрын ирээдүй бүрхэг болж, ардаараа овоглосон театрын түүх төгсгөл болсон гэхэд болно. Дуучин Ж.Алтанцэцэгийн бичсэнчлэн Улаанбаатар хотын төвд орших түүхт энэ барилгыг гадаадынханд таван тэрбум төгрөгөөр худалдаж байгаа нь үнэн бол улсын циркийн барилгыг нураасан гашуун түүх давтагдахыг үгүйсгэх аргагүй. Дуучин бүсгүйг бухимдуулсан Д.Мөнх-Эрдэнэ улсын цирк байсан барилга руу нэвтэрч “Румынчуудын тусламжаар барьсан цирк хаачив” гэж Асашёорюү Д.Дагвадорж, хотын мэр Д.Сумъяабазар нараас нэхэж байв.




Д.Эрдэнэ

  • Шинэ
  • Их уншсан