ДЭМБ: Covid-19-ийн шинэ хувилбар санаа зовоож байна

Covid-19 цар тахлын вирусийн “Омикрон” гэж нэрлэгдсэн шинэ хувилбар дахин өвчлөл үүсгэж, вакцины үр дүнг бууруулж, халдварламтгай байх магадлалтай тул ДЭМБ-ын санаа зовоосон ангилалд багтсаныг анхааруулав.

Өмнөд Африкт анх бүртгэгдсэн тус хувилбарын халдвар Ботсвани, Бельги, Хонгконг, Израйл улсуудад илэрсэн байна. Улмаар олон улс Өмнөд Африк улс руу явах, ирэх аяллыг хязгаарлах болон хориглох арга хэмжээ авч эхэлжээ. 

Вирус цаг хугацааны явцад өөрчлөгдөх, мутацилагдах нь хэвийн үзэгдэл. Гэхдээ “омикрон” хувилбар альфа, дельта хувилбараас халдварлалт өндөртэй байх магадлалтай байна. 

 МУУ МЭДЭЭ, ГЭХДЭЭ СҮЙРЭЛ БИШ

ДЭМБ өчигдөр Covid-19-ийн шинэ хувилбараар үүсгэгдсэн халдварын олон тохиолдлыг бүртгэж, мутацийг B.1.1.529 гэж нэрлэсэн. Өмнөд Африкийн бараг бүх мужид бүртгэгдсэн шинэ мутацийн халдвар анх арваннэгдүгээр сарын 9-нд илэрчээ. 

НҮБ-ын эрүүл мэндийн байгууллагын мэдэгдэлд дурдсанаар шинэ хувилбар нь олон тооны мутацитай бөгөөд тэдгээрийн зарим нь санаа зовоож байна гэжээ. Мөн ДЭМБ-аас шинэ хувилбарын хор нөлөөг судлахад хэдэн долоо хоног шаардлагатай, эрдэмтэд одоогоор хэр халдварлах чадвартайг нь тогтоохоор ажиллаж байна гэв. 

Үүний зэрэгцээ Их Британийн эрүүл мэндийн албаныхан одоо байгаа вакцинууд шинэ хувилбарын эсрэг үйлчилгээ сул байх нь бараг ойлгомжтой байна гэж мэдэгджээ. 

Гэхдээ Оксфордын их сургуулийн бүтцийн биологич профессор Жэймс Найсмит хэлэхдээ “энэ бол муу мэдээ, гэхдээ сүйрэл” биш гэдгийг онцлов. Шинэ хувилбар аюулын харанга дэлдэж байгааг мэдээлж байхад АНУ-ын халдварт өвчныг хянах, судлах төвийн дарга Энтони Фаучи вакцин өвчний хүндрэлээс хамгаалах үр дүнтэй хэвээр байх боломжтой гэж мэдэгджээ. Тэрбээр “Бүрэн судлах хүртэл энэ хувилбар халдварын хүндрэлээс сэргийлэх эсрэг биеийг дарангуйлах эсэхийг мэдэхгүй” гэсэн байна.  

ДЭМБ-аас улс орнуудыг эрсдэлийг тооцож, шинжлэх ухаанчаар хандаж, яаран сандран аяллын хориг тавихгүй байхыг сануулжээ. Гэсэн ч Их Британи, АНУ, Европын холбооны орнууд, Швейцарь зэрэг орнууд  Африкийн өмнөд хэсгийн орнууд руу нислэгүүдээ цуцалж, хориг тавив. Харин Өмнөд Африкийн эрүүл мэндийн сайд Жо Пхаахла “олон улс нислэгүүдээ цуцалж, хориг тавьсан нь ДЭМБ-ын стандарт, нормын эсрэг шударга бус шийдвэр” гэв. 

“Санаа зовоосон хувилбар” гэдэг нь ДЭМБ-ын топ категорийн нэг юм.  Омикрон хувилбар нь олон мутацийн цуглуулгаас бүрдсэн учраас халдварлах чадвар болон вакцины хамгаалал хэр байх нь эргэлзээ төрүүлж байна. 

“Омикрон” нь нь өмнөх хувилбаруудаас өөр, хэдэн шатаар илүү мутацилагдсан нь эрдэмтдийг гайхашруулжээ. Гэхдээ энэ мутаци нь халдварыг дархлаа нь дийлээгүй ганц өвчтөний биед үүссэн байх магадлалтай гэж үзэж байна. Вирус илүү олон хүнд халдварлах тусам мутацилагдах магадлал нэмэгддэг. Өмнөд Африкт вакцинжуулалтын хувь дөнгөж 24 хувьтай байгаа юм. Харин вакцинжуулалтын хувь өндөр орнуудад омикрон хувилбар хэр тархаж, өвчлөл үүсгэх нь тодорхойгүй байна.


Энэ хувилбарын эрсдэл нь хоёр жилийн өмнө Хятадын Ухань гарсан эх вирусээс өөр, аюултай гэж үзэж байна. Тиймээс эх вируст суурилсан вакцинууд энэ хувилбарын эсрэг үр дүн багатай байх гэнэ.

Өмнөх бета, дельта  хувилбар нь дархлааны системээс бултах чадвар нь өндөр байсан учраас энэ жилийн эхээр дэлхий дахиныг айлгаж байв. 

  • Шинэ
  • Их уншсан