Хүний нөөцийн ажилтнуудаа шагналаа

   Монгол улсад жил бүрийн 10 дугаар сард Хүний нөөцийн ажилтны мэргэжлийн өдрийг тэмдэглэдэг уламжлалтай. Энэ өдрийг тохиолдуулан “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Захиргаа, хүний нөөцийн бодлогын газрын ажилтнуудыг Монгол Улсын Засгийн газрын болон орон нутгийн төр, захиргааны байгууллагын шагналаар шагнасныг өнөөдөр гардууллаа. “Сэлэнгэ” амралт, аялал жуулчлалын цогцолборын Хүний нөөцийн мэргэжилтэн Г.Энхбилгүүн Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны Жуух бичгээр, ЗХНБГ-ын Хүний нөөцийн албаны Мэдээллийн систем хариуцсан мэргэжилтэн Д.Идэрбаяр “Мэдээлэл харилцаа, холбооны тэргүүний ажилтан” цол, тэмдгээр, Соёл, урлагийн цогцолборын Хүний нөөцийн мэргэжилтэн Д.Энхбилэг “Хөдөлмөрийн салбарын тэргүүний ажилтан” цол, тэмдгээр тус тус шагнуулав. Түүнчлэн “Эрдэнэт” сувиллын цогцолборын Хүний нөөцийн мэргэжилтэн Л.Даалхай Орхон аймгийн Засаг даргын Жуух бичгээр, Чанарын хяналтын хэлтсийн Хүний нөөцийн мэргэжилтэн Д.Бумгэрэл Орхон аймгийн хүндэт тэмдгээр шагнагдаж, ЗХНБГ-ын Хүний нөөцийн мэргэжилтэн Н.Гантөгс, Ил уурхайн Хүний нөөцийн тэргүүлэх мэргэжилтэн М.Мөнхчимэг, Дулааны цахилгаан станцын Хүний нөөцийн мэргэжилтэн Э.Цагаанхүү нарыг үйлдвэрийн газрын шагналаар урамшуулсан байна.  

Манай улсад хүний нөөцийн салбарын ажилтны баярын өдрийг 5 дахь жилдээ тэмдэглэж байна. Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор энэхүү өдрийг тэмдэглэх болсон нь энэ салбарт ажиллаж буй хүний нөөцийн ажилтнуудад урам зориг өгсөн, зорилт зорилгыг тодорхойлсон өндөр ач холбогдолтой шийдвэр болсон юм. 

 

  • Шинэ
  • Их уншсан