Японд “омикрон” хувилбарын анхны тохиолдол илэрчээ

ТОКИО. /Kyodo/. Японд коронавирусний шинэ хувилбар “омикрон”-оор халдварласан анхны тохиолдол бүртгэгдсэн талаар тус улсын Засгийн газрын эх сурвалж өнөөдөр мэдээлжээ.

Тодруулбал, Намибиас ням гарагт “Нарита” нисэх буудалд ирсэн 30 гаруй насны эрэгтэй олон тооны мутаци бүхий шинэ хувилбараар халдварласан болох нь тогтоогдсон байна.


Европ, Канад, Хонконг зэрэг улс орон, бүс нутагт илрээд буй “омикрон” хувилбар нь халдварлах чадвар өндөр, халдвар авсан, вакцин хийлгэснээс үүссэн дархлаанаас зугтах чадвартай байж болзошгүй болохыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага анхааруулаад байгаа юм.


“COVID-19”-ийн шинэ хувилбар илэрсэнтэй холбогдуулан улс орнууд зорчих хөдөлгөөний хязгаарлалтуудаа чангатгаад байна. Япон улсын хувьд мягмар гаргаас эхлэн гадаадын иргэдийг хилээрээ түр нэвтрүүлэхгүй байх шийдвэр гаргаж, халдварын эрсдэл өндөр бүс нутгуудаас ирэх иргэд, байнгын оршин суугчдадаа зориулалтын байранд 10 хоног тусгаарлагдах шаардлага тавиад байгаа юм.

Ерөнхий сайд Кишида Фүмио эдгээр арга хэмжээний талаар олон нийтэд танилцуулах үеэрээ “хамгийн таагүй нөхцөл байдал үүсэхээс урьдчилан сэргийлэхийн тулд” шаардлагатай бүх арга хэмжээг авч хэрэгжүүлэхээ амлажээ. Тус улс нь бизнес эрхлэгчид, гадаадын оюутнууд, техникийн дадлагын хөтөлбөрт оролцогчдын хилээр нэвтрэх хязгаарлалтыг сулруулснаас хойш ердөө гурван долоо хоногийн хугацаа өнгөрч буй юм.

Намибиас ирсэн эрэгтэйн хувьд нисэх буудалд ирсний дараа өгсөн коронавирусний шинжилгээний хариу нь эерэг гарсан бөгөөд сорьцыг нь Халдварт өвчин судлалын үндэсний хүрээлэнд илгээн шинжлүүлэхэд “омикрон” хувилбараар халдварласан нь тогтоогдсон байна. 

 

  • Шинэ
  • Их уншсан