“Оюу Толгой”: Гүний уурхайн нэмэлт санхүүжилт 75 сая ам.долларыг батлав

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Оюу Толгой” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл, “Rio Tinto”, “Turquoise Hill Resources” зэрэг “Оюутолгой” төслийн холбогдогч талууд гүний уурхайн бүтээн байгуулалтын богино хугацаанд шаардагдах нэмэлт санхүүжилтийн тодорхой хэсэг 75 сая ам.долларыг баталсан талаар “Turquoise Hill Resources” мэдээллээ.

"Turquoise Hill Resources" компаниас тус байгууллага болон Монгол Улсын Засгийн газар хоорондын гэрээ хэлцэлд дэвшил гарсантай холбогдуулан “Оюутолгой" компанийн Төлөөлөн удирдах зөвлөлөөс далд уурхайн бүтээн байгуулалтын төслийг үргэлжлүүлэх төсвийг баталсныг мэдэгдлээ. Уг төсвөөр ирэх оны нэгдүгээр сарын дунд үе хүртэл Оюутолгойн далд уурхайн төслийг үргэлжлүүлэхэд хангалттай хүрэлцэх учиртай гэв. "Turquoise Hill Resources" компанийн зүгээс төсвийн хөрөнгийг нэмэгдүүлэх нь шаардлагатай бөгөөд ойрын хугацаанд хийх эерэг алхам мөн гэж үзэж байгаа аж.

"Оюутолгой" компанийн ТУЗ удаан хугацааны дараа гүний уурхайн ажлыг үргэлжлүүлэх нэмэлт санхүүжилтийг ийнхүү баталснаар төслийн хоёр дахь шат буюу гүний уурхайн бүтээн байгуулалт үргэлжлэх нөхцөл бүрджээ. Тодруулбал, далд уурхайн бүтээн байгуулалт ирэх оны 1 дүгээр сарын дунд үе хүртэл үргэлжлэх боломжтой аж. Энэ талаар ТУЗ-ийн хурлын өмнө хэд хэдэн удаа хэлэлцэж байсан ч хойшилж байсан юм.

 

Үндсэндээ далд уурхайн бүтээн байгуулалтыг бүрэн дуусгахад 1.45 тэрбум ам.долларын нэмэлт санхүүжилт шаардлагатай. Энэ санхүүжилтийг “Оюу Толгой” компанийн Төлөөлөн удирдах зөвлөл батлах эсэх нь тодорхойгүй байгааг мэдэгдэлд дурджээ. Гэхдээ нэмэлт санхүүжилт 75 сая ам.долларыг баталсан нь далд уурхайн бүтээн байгуулалтад нэн чухал байсныг онцолжээ. Мөн талуудын яриа хэлэлцээтэй холбоотой эерэг нааштай үр дүн гарч байна гэж тодотгожээ.

“Оюу Толгой”-н гүний уурхай 2023 онд ашиглалтад орж, олборлолт эхэлснээр манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүн 30 хувиар өсөх тооцоог ОУВС-гаас гаргаад байгаа юм. Гүний уурхай 2028 онд бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхлэхэд олборлолтын хэмжээгээр Оюутолгой нь дэлхийн хамгийн том 4 уурхайн нэг болох юм.

 


 

  • Шинэ
  • Их уншсан