Өглөөний сэргээш цуврал контент #36: Батдоржийн МӨНХЖАРГАЛ

Төгссөн сургууль:
ХААИС-ийг 2002 онд Инженер, эдийн засагч мэргэжлээр төгсөж, 2007 онд Тайланд улсад байрлах Азийн технологийн сургуульд Хөдөө аж ахуйн инженер мэргэжлээр магистрын зэрэг хамгаалсан 

Мэргэжил:
Хөдөө аж ахуйн инженер-эдийн засагч

Ажилласан туршлага:
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Автотээврийн цехийн тоног төхөөрөмжийн засварчнаас ажлын гараагаа эхэлж, тус цехэд инженер, эдийн засагчаар дэвшин ажилласан. Эдүгээ 14 дэх жилдээ уурхайчдын эгнээнд мөр зэрэгцэн, Хөгжлийн хэлтэст эдийн засагчаар ажиллаж байна. 

Чин хүсэл:
Эрдэнэт үйлдвэрийн засварчнаас эдийн засагч хүртлээ дэвшин ажилласан энэ залуу өөрчлөлтийг өөрөөсөө эхлүүлэхэд хувь хүний хүчин чармайлт ямар их байдгийг бодитоор үлгэрлэж яваа нэгэн. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ыг 2031 он хүртэл хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгагдсан төсөл хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлэхэд эдийн засгийн нарийвчилсан тооцоо судалгаанд үндэслэх учиртай. Энэ бүх ажилд өөрийн чадлаар оюуны хөрөнгө оруулалт хийхэд тэр бэлэн.

-Таны амьдралын сэргээш?
-Амьдралын сэргээш болдог зүйлс маань нас, амьдралын хэв маяг, ажлын нөхцөл, цаг агаар, орчин гээд олон зүйлээс хамаарч өөрчлөгддөг. Одоогоор цэвэр агаарт хүүхдүүдтэйгээ тоглохоос л хамгийн их сэргээш авч байна.

-Өөртөө хэвшүүлсэн эерэг дадал?
-Цэвэр орчин, эмх цэгцийг эрхэмлэж, яг цагт нь ажлыг амжуулдаг дадалтай. Гэрт ч, ажил дээр ч цэвэр орчин, эмх цэгцтэй байхыг хичээдэг.

-Таны ажлын бүтээмжийг дээшлүүлдэг гол зүйл?
-Хамт олны хүч, нэгдмэл байдал.

-Хийж байгаа ажлын тань онцлог?
-Эрхэлж буй ажил мэргэжлийнхээ хувьд үйлдвэрийн ирээдүйн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлоход чиглэсэн төсөл хөтөлбөр, томоохон ажлуудад эдийн засгийн тооцоо судалгааг оновчтой хийх нь чухал.

-Ойрын өдрүүдэд ямар ажил амжуулахаар төлөвлөж байна вэ?
-Гадаад улс руу явж туршилт судалгааны ажил эхлүүлэхээр төлөвлөж байна.

-Эрдэнэт үйлдвэр таны харах өнцөг, үзэл бодол, итгэл үнэмшилд хэрхэн нөлөөлж байна вэ?
-Эрдэнэт үйлдвэрийг 2031 он хүртэл хөгжүүлэх үндсэн чиглэлийг баталсан. Одоогоор 2022-2026 оны дунд хугацааны стратеги төлөвлөгөө боловсруулах ажил хийгдэж байна. Үйлдвэрийн хөгжил ирээдүйтэй харагдаж байгаа. Гол нь үйлдвэртээ олон жил ажиллаж мэргэшсэн, туршлагатай ажилтнаа сонсож, ирээдүйн чиг хандалгаа тодорхойлох нь чухал байна.

-Залуучуудад өгөх таны зөвлөгөө?
-Залуучууд бие султай, хөгжил муутай болсон байна. Спортоор хичээллэх нь хүнийг тэсвэр тэвчээртэй болгохоос гадна хүлээцтэй, зөв өрсөлдөөнд сургадаг давуу талтай. Тиймээс өөрийн сонирхсон спортоор заавал хичээллээрэй.

-Таны 5 хүсэл?
-Нэгд, Эрүүл саруул амьдрах, Хоёрт, Үр хүүхдүүдээ зөв хүн болгон хүмүүжүүлэх, Гуравт, Аав, ээжийгээ баярлуулах, Дөрөв, Амьдрах таатай орчин, Тав, Ажиллах таатай орчин.

 

 

  • Шинэ
  • Их уншсан