Монголбанкны Ерөнхийлөгчийн эдийн засгийн талаарх ОНЦЛОХ ЭШЛЭЛҮҮД

Монголбанкны Мөнгөний бодлогын хороо 2021 оны 12-р сарын 16-нд ээлжит шийдвэрээ танилцууллаа. Төв банкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн хэвлэлийн хурлын үеэр эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, ирээдүйн төлөвийн талаар хэлсэн үгнээс онцлох эшлэлийг хүргэж байна.

Инфляц:

1. Инфляц төв банкны зорилтот түвшинг даваад байгаа ч дунд хугацаанд зорилтын орчимд тогтворжих төсөөлөл хэвээр. 2022 оны сүүлийн хагасаас үнийн өсөлт тогтворжиж, инфляц Төв банкны зорилтын түвшин рүү буурах төлөвтэй байна.

2. Үнийн өсөлтийн дийлэнх хэсгийг нийлүүлэлтийн шинжтэй хүчин зүйлс тайлбарлаж байна.

3. Хил, гааль дээр үүссэн импортын хадгалалт, тээвэрлэлтийн зардал,  малын халдварт өвчин дэгдсэнээс шалтгаалсан махны үнийн өсөлт, дэлхийн зах зээл дэх нефтийн үнийг дагасан шатахууны үнийн өсөлт, түүний дам нөлөө инфляцыг өсгөх нөлөө үзүүлж байна.

Эдийн засгийн өсөлт:

1. Эдийн засгийн өсөлт эмзэг, жигд бус байгаа нь 3-р улирлын агшилтаас харагдаж байна.

2. Хөдөлмөрийн зах зээлийн уналт үргэлжилж, өрхийн хэрэглээ буурах зэрэг нь эдийн засгийн өсөлтийг сааруулах нөлөө үзүүлсээр байна.

3. Төв банкнаас хэрэгжүүлж буй эрэлтийг дэмжих бодлогын нөлөөгөөр зарим салбарын үйлдвэрлэл өсөж байгаа. Эдийн засгийн өсөлтийн цаашдын төлөв Ковид-19 вирусийн шинэ хувилбарын тархалт, экспортын гаргалт, хилийн нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдөхөөс шууд хамааралтай болохыг онцлох хэрэгтэй.

Төв банкны бодлого:

1. Төв банкны мөнгөний бодлого нь дунд хугацааны үнийн тогтвортой байдлыг хангах, эдийн засгийг сэргэлтийг дэмжихэд чиглэж байна.Төв банк эдийн засгийн сэргэлтийг удаашруулахгүйгээр дунд хугацааны инфляцын зорилтоо биелүүлэхэд чиглэсэн бодлогын арга хэмжээнүүдийг шат дараатай авч хэрэгжүүлж байна.

2. Мөнгөний бодлого, макро зохистой бодлого, санхүүгийн зохицуулалтын арга хэмжээг мөчлөг сөрсөн байдлаар хэрэгжүүлж байгаа. Бодлого, зохицуулалтын арга хэмжээний нөлөөгөөр санхүүгийн нөхцөл зөөлөрч, эдийн засгийн сэргэлтийг дэмжиж байна.

3. Нийлүүлэлтийн хүчин зүйлсийн дам нөлөөнөөс үүдэлтэй хоёр дахь үеийн инфляцаас сэргийлэх зорилгоор ирэх оноос шаардлагатай тохиолдолд бодлогын хүүний тохиргоог хийнэ.

Санхүүгийн зах зээл:

1. 2021 оны 10 дугаар сарын байдлаар банкны системийн зээлийн үлдэгдэл жилийн 16.6 хувиар өсөж, зээл олголт нэмэгдлээ.

2. Шинээр олгосон зээлийн дундаж хүү жилийн дүнгээр 1.9 нэгж хувиар буурч 10 дугаар сарын байдлаар 13.8 хувь хүрэв.

3. Гадаад валютын нөөц 4 тэрбум ам.доллартай он давахаар байна.

Эдийн засаг дахь тодорхой бус байдал:

1. Гадаад эдийн засгийн төлөвт КОВИД-19 вирусийн шинэ хувилбарууд тархах нь төсөөллийн гол тодорхой бус байдал хэвээр байна.

2. Дэлхий нийтэд инфляц эрчтэй өсөж буй энэ үед томоохон Төв банкууд бодлогын төлөвөө хэр хурдтай чангаруулах нь хөгжиж буй орнуудын өсөлт, гадаад санхүүжилтийн нөхцөлд чухал нөлөөтэй байна.

 

 

  • Шинэ
  • Их уншсан