60 настай “Сүлд модны наадам”

Цалин мөнгөн тэнгэртээ

Цасан угалз наадуулсан

Цагаан торгон өмсгөлдөө

Цацаг чимгээ савсуулсан .... 

Утсаар сонсгосон “Сүлд модны наадам”

  ... Энэ л шинэ жилийн үдэш  айл бүрийн хойморт гацуур мод өнгө нэмж, “Сүлд модны дуу” инээд бэлэглэдэг билээ. Шинэ жил бол гэр бүлийн баяр. Өнгөрсөн оныхоо амжилт бүтээлийг дүгнэж, ирэх оныхоо ажил хөдөлмөрийг төлөвлөдөг хамгийн чухал өдөр. Тэгвэл энэ баярын бэлгэ тэмдэг болсон “Сүлд модны дуу” хэрхэн бүтсэн талаар хүргэж байна. Тэртээ 1962 оны өвөл. Шинэ жилийн баяр болох гээд хүн бүр догдолж байсан үе. Уран бүтээлийн нөхөд болох Урлагийн гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Жамцын Бадраа, Төрийн шагналт, Ардын жүжигчин Самбын Гончигсумлаа хоёрт шинэ жилийн тухай дуу хийх санаа төрсөн гэдэг. Учир нь баяр цэнгүүнд уригдаж очихдоо шинэ жилийн баярт зориулсан дуутай болохсон гэсэн санаа нь ийнхүү тэндний зорилгыг холбожээ. Энэ яриа болсноос хойш удаагүй байтал Ж.Бадраа гуай утас цохих нь тэр. Тэрбээр “Сүлд модны наадам” хэмээх шүлэг бичээд С.Гончигсумлаад утсаар сонсгосон гэдэг. Шүлгийг утсаар сонсох даруйд л аялгуу нь ороод ирсэн гэж суут хөгжмийн зохиолч маань нэгэнтээ дурссан байдаг. Яруу найрагч нөхрийгөө гэртээ урьж, хүүхдүүд нь сүлд модоо засан бужигнаж байх цаг дор “Сүлд модны наадам” дууны анхны ноот эгшиглэсэн түүхтэй.   

Б.Зангадад зориулсан бүтээл

  Хөгжмийн зохиолч Б.Гончигсумлаа анх дууныхаа хөг аялгууг бичихдээ Б.Зангадын хоолойд зориулж бичсэн ажээ. Энэ тухай Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Б.Зангад хожим нь нэгэн ярилцлагадаа “Гончигсумлаа гуайтай уран бүтээлийн төдийгүй хүний хувьд ойр харилцаатай явсан. Тэр үеэ санах бүрийд бахархах сэтгэл төрдөг. 1962 онд зохиосон “Сүлд модны наадам”, 1963 онд зохиосон “Жаргаах зүрхэн” дуугаа миний хоолойд зориулж бичсэн юм” хэмээн дурсчээ. Энэ дууг зөвхөн төгөлдөр хуураар хөгжимдөж, дуурийн театрын эмэгтэй дуучидтай хамтарч дуулуулахаар аялгууг нь тааруулсан гэдэг. 1962 оны арванхоёрдугаар сарын 29-ний өдөр Монголын радиогийн бичлэг хийлгэхэд Б.Зангад дуулж, гавьяат жүжигчин Б.Бандийн гэргий Т.Григорьева төгөлдөр хуур дарж, С.Гончигсумлаа гуай өөрөө удирдан найруулсан түүхтэй.

  “Сүлд модны наадам”

  Цалин мөнгөн тэнгэртээ

Цасан угалз наадуулсан

Цагаан торгон өмсгөлдөө

Цацаг чимэг сагсуулсан

Сүрлэг Монгол орныхоо

Өлчир жавхааг бадраасан

Сүлд модныхоо наадмаар

Өвлийн эрчийг хариулцгаая аа

Өөдлөн дэвших хишгээрэээ

Улирах жилийг бялхаасан

Өрнөн даргих буянаараа

Угтах оноо мялаасан

Сүрлэг Монгол орныхоо

Өндөр хөгжлийн ерөөцгөөж

Сүлд модныхоо наадамдаа

Өвгөн ааваа дайлцгаая аа

Түмэн галавт дурсгалтай

Баатрын алдар цуурайтсан

Түвшин энхэд суурьшилтай

Баярын магнай тэнийсэн

Сүрлэг Монгол орныхоо

Агуу алдрыг ерөөсөн

Сүлд модныхоо наадамд

Яруу дуугаа өргөцгөөе өө.

  • Шинэ
  • Их уншсан