Нэмэлт тун хийлгэхгүйгээр омикрон хувилбараас хамгаалах боломжгүй

Вакцины нэмэлт идэвхжүүлэгч тун хийлгэхгүйгээр омикрон хувилбараас хамгаалах дархлаа огт үүсэхгүй байгааг Массачусетсийн төв эмнэлэг, Массачусетсын технологийн хүрээлэн, Харвардын их сургуулийн “Рагон” институтын эрдэмтдийн судалгаа нотолжээ. Тэдний тогтоосноор, ковид19 өвчнийг үүсгэдэг SARS-CoV-2 вирусийн омикрон хувилбарын эсрэг дархлаа бий болгохын тулд Moderna эсвэл Pfizer компанийн mRNA-д суурилсан вакцины нэмэлт тунг хийлгэх шаардлагатай аж. Өөрөөр хэлбэл, уламжлалт буюу ердийн тун хийлгэсэн хүмүүст омикрон хувилбарыг таньж, саармагжуулах чадвартай эсрэг бие үүсгээгүй байжээ. Эрдэмтэд дээрх судалгааны үр дүн “Cell” сэтгүүлд нийтлэгдсэн байна.

Омикрон хувилбар нь өнгөрсөн оны арвэннэгдүгээр сард ӨАБНУ-д анх илэрсэн бөгөөд халдварлах чадвараараа өмнөх дельта хувилбараас хавьгүй илүү болох нь батлагдаад байгаа билээ.

Cell сэтгүүлд нийтлэгдсэн энэхүү судалгааны үр дүнгээс үзэхэд АНУ-д байдаг вакцины уламжлалт тунгийн горим нь омикрон хувилбарыг таньж, саармагжуулах чадвартай эсрэг бие үүсгэдэггүй болохыг харуулж байна.

“Рагон” хүрээлэнгийн ерөнхий судлаач, Харвардын Анагаах ухааны сургуулийн Анагаах ухааны туслах профессор Алехандро Балазс "Хүмүүс өмнө нь хийлгэсэн вакцинууд омикроноос хамгаалж байгаа эсэхийг мэдэхийг маш их хүсэж байсан" гэж онцлон тэмдэглэжээ.

Эрдэмтэд Массачусетс мужийн иргэдээс Файзерын хоёр тун, Модерна болон “Жонсон энд Жонсон”-ы нэг тунд хамрагдсан 239 хүн, Файзер эсвэл Moderna вакцины нэмэлт гуравдугаар тун авсан 70 хүнээс цусны дээж авч, омикроноор халдварлуулахад сүүлийн бүлэг нь амжилттай саармагжуулжээ. Ердийн нэг, хоёр тун авсан хүмүүст харин огт саармагжаагүй буюу дархлаа үүсээгүй гэсэн дүн гарсан байна.  

 

  • Шинэ
  • Их уншсан