Дараах долоон аймаг Цагаан сар тэмдэглэхийг хориглолоо

Коронавирусийн Омикрон хувилбарын тархалтаас сэргийлж Засгийн газар төрийн золголт хийхгүй, ард иргэдийг Цагаан сарын баярыг өргөн дэлгэр тэмдэглэхгүй байхыг уриалсан билээ. Түүнчлэн, Монгол Улсад Омикрон хувилбарын тархалтын оргил үе нэгдүгээр сарын 20-ноос хоёрдугаар сарын 10-ны хооронд буюу Цагаан сарын өдрүүдэд таарч буй. Оргил үед өдөрт илрэх халдварын тоо 18-20 мянга давна гэдгийг анхааруулсан. Тэгвэл шинэ хувилбарын давлагаанаас сэргийлж аймгууд Цагаан сар тэмдэглэхгүй гэдгээ ар араасаа мэдэгдсээр байна. Өнөөдрийн байдлаар дараах долоон аймаг олон нийтийг хамарсан үйл ажиллагаа болон Цагаан сарын баярыг тэмдэглэхийг хориглоод байна. 

Ховд аймаг

Ховд аймгийн Онцгой комиссоос олон нийтийг хамарсан арга хэмжээ, спорт, соёл урлагийн тэмцээнийг хоёрдугаар сарын 7-ны өдөр хүртэл хориглох шийдвэрийг гаргажээ. Мөн Цагаан сарын баярыг зөвхөн гэр бүлийн хүрээнд тэмдэглэх үүрэг чиглэлийг сумдын удирдлагуудад үүрэг болгосон байна. Иргэн, ААН, төрийн байгууллагууд халдвар хамгааллын дэглэмийг сайтар баримталж ажиллахыг уриалжээ.

Дархан-Уул аймаг

Дархан-Уул аймгаас Цагаан сарын баярыг аймгийн хэмжээнд нэгдсэн байдлаар зохион байгуулахгүй байх шийдвэрийг гаргажээ. Өөрөөр хэлбэл төрийн байгууллагууд нийтийг хамарсан золголт дотор нутгийн зөвлөл, ААНБ-уудын ахмадаа хүлээж авдаг хүндэтгэлийн үйл ажиллагаанууд хийхгүй юм байна. Мөн аймгийн Онцгой комиссын зүгээс Цагаан сарын баярыг өргөн хүрээнд биш гэр бүлийн хүрээнд цомхон тэмдэглэх, аль болохоор ахмад настан, айлаар хэсэхгүй байх уриалгыг дэвшүүлжээ.

Увс аймаг

Увс аймгийн Онцгой комисс хуралдаж ирэх сарын 10-ыг хүртэл олон нийтийн арга хэмжээ, жагсаал, цуглаан зохион байгуулахыг хориглох шийдвэр гаргажээ. Мөн хүнсний зах, барилгын материалын дэлгүүрийг 10:00-18:00 цаг хүртэл, худалдааны төв, хүнсний дэлгүүрийг 08:00-22:00 цаг хүртэл ажиллуулах шийдвэр гаргасан байна. Түүнчлэн Цагаан сарын баярыг гэр бүлийн хүрээнд тэмдэглэж, бүх шатны төрийн болон хувийн хэвшлийн байгууллага, нутгийн зөвлөлийн золголт зохион байгуулахгүй байхыг үүрэг болгожээ.

Завхан аймаг

Завхан аймаг нэгдүгээр сарын 14-ний өдрөөс эхлэн олон нийтийг хамарсан үйл ажиллагааг зохион байгуулахгүй байхаар шийдвэрлэж, Цагаан сарын баярыг зөвхөн гэр бүлийн хүрээнд тэмдэглэхийг уриаллаа. Тодруулбал, коронавируст халдварын тархалт улсын хэмжээнд төдийгүй Завхан аймагт нэмэгдэж, он гарсаар 155 тохиолдол бүртгэгдэж, одоогоор 105 хүн хэвтэн эмчлүүлж байна. Цаашид халдварын тохиолдол эрчимтэй нэмэгдэх хандлагатай байгаа юм. Мөн мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин 20 суманд тархаж, дэгдэлт зогсохгүй байна. Иймд халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх, тэмцэх зорилгоор аймгийн Онцгой комиссоос тус шийдвэрийг гаргалаа.

Дорнод аймаг

Дорнод аймгийн Онцгой комиссын хуралдаанаар Монгол Улсад коронавируст цар тахлын Омикрон хувилбар илэрсэнтэй холбоотойгоор урьдчилан сэргийлэх, хохирол амсахгүй байх зорилгоор төрийн болон орон нутгийн өмчит байгууллагуудын олон нийтийг хамарсан хурал, цуглаан арга хэмжээ, худалдаа, үйлчилгээний байгууллагыг ажиллах цагийн хуваарийг оройн 22:00 цаг хүртэл ажиллуулах, олон нийтийг хамарсан хурал зөвлөгөөн, спорт, соёл урлагийн арга хэмжээг 2022 оны нэгдүгээр сарын 12-ны өдрөөс нэгдүгээр сарын 27-ны өдрийг хүртэл буюу 15 хоногийн хугацаанд хязгаарлах шийдвэрийг гаргажээ.

Баянхонгор аймаг

Бяанхонгор аймаг короновирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, мал амьтны гоц халдварт “Шүлхий” өвчний тархалтыг бууруулах зорилгоор нутаг дэвсгэрийн хэмжээнд олон нийтийг хамарсан спортын уралдаан тэмцээн болон мал амьтны холбогдолтой зохион байгуулалтын арга хэмжээг түр зогсоож, хүн , мал амьтын гоц халдварт өвчнөөс хамгаалах бэлтгэл, бэлэн байдлаа хангаж ажиллахыг чиглэл болголоо. Мөн тус аймгаас 02-р сарын 15-ны өдрийг хүртэл төрийн байгууллага танхимаар хурал, зөвлөгөөн, сургалт, олон нийтийг хамарсан арга хэмжээг зохион байгуулахгүй байх арга хэмжээг авчээ.

Орхон аймаг

Тус аймгаас коронавирус  халдварын оргил үеийн идэвхжилтийг бууруулах үүднээс  тэмцээн уралдааныг 02-р сарын 15 хүртэлх хугацаанд зохион байгуулахгүй байх, Цагаан сарын баярыг гэр бүлийн хүрээнд тэмдэглэж, бүх шатны төрийн болон хувийн хэвшлийн байгууллага, нутгийн зөвлөлийн золголт зохион байгуулахгүй байх, төрийн байгууллага аливаа олон нийтийг хамарсан хурал, сургалт зөвлөгөөнийг 50 хувийн дүүргэлттэй зохион байгуулахыг үүрэг болгожээ.

 

  • Шинэ
  • Их уншсан