Х.Баттулга, Худалдаа, хөгжлийн банкныхан “Мета капитал” ХХК-ийн ард бий юү

         Японы эрэн сурвалжлах чиглэлийн нөлөө бүхий хэвлэл болох “Шюүкан бүншюн” сэтгүүлд 2021 оны арванхоёрдугаар сарын 22-нд нэгэн ноцтой материал нийтлэгдсэн. Тэрхүү нийтлэлд 2018-2020 онд 53 сая иен буюу 457 мянган ам.долларын татвар төлөхөөс зайлсхийж, Токиогийн Прокурорын газрын Тусгай мөрдөн шалгах хэлтэст саатуулагдаж байсан Нихон их сургуулийн Ерөнхийлөгч асан Хидетоши Танакагийн “Монгол маршрут”-ын талаар дурдсан. Тодруулбал, Хидетоши Танакаг Монголд хүлээн авдаг хүн нь Асашёорюү Д.Дагвадорж. Нихон их сургуулийн экс Ерөнхийлөгчийн “Монгол маршрут”-тай холбоотой шинэ “Тамари” (Хууль бусаар хадгалсан хөрөнгө.орч) олдвол ноён Танакаг дахин шалгах сэжүүр гарч ирж болзошгүй тухай “Шюүкан бүншюн”-д онцолсон юм. Үүнээс гадна дээрх нийтлэлд “Токиод Төлөөлөгчийн газартай Монгол Улсын Худалдаа, хөгжлийн банк, HIS-ийг үүсгэн байгуулагч Хидео Савадагийн “Савада холдингс” компани ХААН банкны хувьцааг Токио дахь хөрөнгө оруулалтын компанид худалдсан. Ийнхүү ноён Савадагийн оролцоо байхгүй болсон ч ХААН банкны томоохон хувьцаа эзэмшигч өөрчлөгдсөн нь ихээхэн анхаарал татаж байна” гэж Токио хотын Прокурорын газрын холбогдох албан тушаалтнууд ярьсан талаар өгүүлсэн нь яах аргагүй сонирхол татна.

          Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн улс төрийн хүрээнийхэнд “ХААН банкны 60 хувь бол хоёр японы хоорондын наймаа. Монголчуудад ер падгүй” гэж худлаа ярьдаг. Түүний энэ үгэнд эгдүүцсэн УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар “ХААН банкны хувьцааг гадаадынхан өөр хоорондоо арилжсан юм бол дотоодынхон юунд сандралдана вэ” гэж ёжлонгуй хэлсэн удаатай. Үнэхээр ч Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн өнгөрсөн оны долдугаар сарын 26-нд ХААН банкны 60 хувийг худалдах тухай тендер явуулах зөвшөөрлийг хууль бусаар өгсөн тухай бичиг ил болж, Монгол, Японы талд зуучлагчаар ажилласан хүмүүс нь Д.Сумъяабазар, Асашёорюү Д.Дагвадорж нар байсан нь сэтгүүлчдийн анхааралд өртөж, “Савада Холдингс”-ийнхон “Упсилон инвестмент” хязгаарлагдмал хариуцлагатай нөхөрлөл (ХХН)-д өнгөрсөн арваннэгдүгээр сарын 01-нд хувьцаагаа худалдаж, гүйлгээ хийгдчихсэн нь тодорхой болсон байхад улс төр, эдийн засаг дамнасан бүлэглэлийнхэн үүрээ олохгүй сандралдаж, хэвлэлд олон нийтийг төөрөгдүүлэх өгөөш шидэж байв. Тэрхүү өгөөш бол Японы алдарт цагны брэндийг бүтээсэн “Сейко холдингс” корпорацийн үүсгэн байгуулагч Кинтаро Хатторигийн гэр бүлийн гишүүн, “Сейко инструментс” ХХК-ийн ТУЗ-ийн дарга асан Жүничи Хаттори юм. ХААН банкны 60 хувийг худалдсан тухай дуулиан дэгдэж, улстөрчид хийгээд олон нийтийн дунд өндрөө авах үед сандралдсан мөнөөх “Дотоодынхон” юуны учир Жүничи Хатториг Монголын хэвлэлд өгөөш болгон өгч, ХААН банкны “Цаад эзэн” мэт сурталдав! Тэр үнэхээр Монголын хамгийн олон харилцагчтай ХААН банкны “Цаад эзэн” мөн байсан уу...

          “Савада Холдингс” компанийн 30.9 хувийг “Упсилон инвестмент” ХХН худалдаж авсан. Тус ХХН-ийн 99.98 хувийг Жүничи Хаттори эзэмшдэг болсон тухай мэдээлэл хэвлэлүүдэд гарсан. Гэтэл “Упсилон инвестмент” ХХН болон Жүничи Хатторигийн нэр алга болж, оронд нь “Мета капитал” ХХК гол эзэмшигч болж бичигдсэн нь тун сэжиг бүхий. Өөрөөр хэлбэл, “Савада Холдингс”-ийн нэрийг “HS Holdings” болгон өөрчилж, хамгийн том хувьцаа эзэмшигч буюу 30.9 хувийг эзэмшигч нь “Мета капитал” ХХК болсон нь asia.nikkei.com сайтад байршуулсан мэдээллээс тодорхой харагдана. Угтаа “Упсилон инвестмент”-ийнхэн “Мета капитал” ХХК-д хувьцаагаа шилжүүлэхдээ Монголбанкнаас зөвшөөрөл авах ёстой. Гэвч тэгсэнгүй. Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн өнгөрсөн онд ХААН банкны хувьцааг худалдах тендерийн зөвшөөрлийг хууль бусаар олгосон, төв банкны тэргүүн нь ийнхүү хууль бус үйлдэл хийж, худлаа ярьсаар атал түүнийг томилдог УИХ ямар ч арга хэмжээ авч чадахгүй байгаа учраас япончууд энэ байдлыг далимдуулж Монголын хуулийг зөрчин дур зоргоороо авирлацгааж байна.

          Монголын хамгийн том банкны дийлэнх хувьцааг эзэмшиж байсан “Савада Холдингс” компанийн нэрийг “HS Holdings” болгон өөрчилж, монголчуудыг төөрөгдүүлэх сонирхол хэнд байна вэ. “Упсилон инвестмент” ХХН, Жүничи Хатторигийн нэрийг илбийн юм шиг алга болгож, “HS Holdings” компанийн хамгийн том хувьцаа эзэмшигчийн суудалд заларсан “Мета капитал” ХХК-ийн цаана хэн байгаа вэ... Энэ тухайд ухаж хөвөрдвөл, нэн сонирхолтой баримт гарч ирнэ. Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн 2021 оны аравдугаар сарын 29-нд ХААН банкны гүйцэтгэх захирал Р.Мөнхтуяагийн нэр дээр “Мэдэгдэл хүргүүлэх тухай” гэсэн Н/71 тоот албан бичиг илгээсэн нь бий. Тэрхүү албан бичигт “Олон улсын магадлан баталгаажуулах, хяналт шалгалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Кролл” байгууллагын Ази, Номхон далайн бүс нутгийг хариуцсан салбараас Япон улсын хуулийн этгээд “Мета капитал” ХХК нь 2014 онд Худалдаа, хөгжлийн банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч болох “Юнайтед бэнкинг корпорэшн” ХХК (UBC)-ийн хувьцааг худалдан авч, тус банкны хувьцаа эзэмшигч болсон тухай мэдээллийн дагуу Монголбанкнаас 2021 оны аравдугаар сарын 26-ны өдрийн Н/69 тоот хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, хувьцаа эзэмшигчийн бүтцэд өөрчлөлт оруулах тухай албан бичгийг ХААН банкинд хүргүүлсэн болно” гэж дурджээ. Эндээс харвал, “Мета капитал” ХХК-ийн цаана Худалдаа, хөгжлийн банк, тус банкны ТУЗ-ийн дарга “Сахал” Д.Эрдэнэбилэг, экс Ерөнхийлөгч Х.Баттулга байгаа нь тодорхой биш үү. Өөрөөр хэлбэл, ХААН банкны “Цаад эзэд” энд ил гарч ирцгээсэн харагдах...! “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувьтай холбоотой хэрэгт “Хам хэрэгтнүүд” болцгоосон “Сахал” Д.Эрдэнэбилэг тэргүүтэй ХХБ-ныхны хэргийг прокурорынхон хянаж байна” гэх мэдээлэл хэвлэлд гарах зуур Б.Лхагвасүрэнгийн хэлсэнчлэн “Хоёр япон”-ы цаана “нуугдсан” монголчууд ийнхүү ил гарч ирэв бололтой. Тэр бол Монголбанк-Худалдаа, хөгжлийн банк-Үндэсний хөрөнгө оруулалтын банкийг хэрсэн улс төр, эдийн засгийн бүлэглэл юм. Тодруулбал, ганзагын наймааны үеэс нөхөрлөлийн түүх нь эхлэлтэй экс Ерөнхийлөгч Х.Баттулга, “Сахал” Д.Эрдэнэбилэг хоёрын ашиг сонирхол Монголын банкны системийг бүхэлд нь атгахад нэгдчихээд байгаа нь дээрх мэдээллээс тодорхой харагдана. 

П.Лувсан    

 

  • Шинэ
  • Их уншсан