Онцгой байдлын байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөн боллоо

Жил бүрийн эхэнд уламжлал болон зохион байгуулагддаг “Онцгой байдлын байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөн-2022” хоёр өдөр болж өндөрлөлөө.

Онцгой байдлын албаны хэмжээнд өнгөрсөн онд тавьсан зорилт, зорилгынхоо биелэлт, хийж хэрэгжүүлсэн ажлын алдаа оноогоо дүгнэж, энэ онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө, зорилтыг нарийвчлан тодорхойлох зорилготой тус зөвлөгөөнд Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан оролцов.

Тэрбээр Монгол Улсын Засгийн газраас Онцгой байдлын байгууллагын бэлэн байдлыг хангах, алба хаагчдын ажиллах нөхцөлийг сайжруулах, техник технологийн чадамжийг нэмэгдүүлэх, гамшгийн голомтод эрэн хайх, аврах ажиллагаа явуулах болон гамшгийн дараах хор уршгийг арилгах, хойшлуулашгүй сэргээн босгох чадавхийг дээшлүүлэх зэрэг зорилтыг бодлогын баримт бичгүүдэд тусган ажиллаж байгааг энэ үеэр онцолсон.

Өнгөрөгч 2021 онд УИХ-аар батласан “Гамшгаас хамгаалах тухай хуульд”-д оруулсан нэмэлт өөрчлөлтөөр сум, орон нутагт ажиллаж байгаа алба хаагчдын үүргээ биелүүлэх нийгмийн баталгааг сайжруулах, тэднийг тогтвор суурьшилтай ажиллуулах боломжийг бүрдүүлэхийн тулд аймаг, суманд 5 болон түүнээс дээш жил тасралтгүй ажиллаж байгаа Онцгой байдлын алба хаагчдад 2023 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн 30 сарын үндсэн цалинтай тэнцэх урамшуулал олгож байхаар хуульчилж, Онцгой байдлын байгууллагын үйл ажиллагааны 2022 оны төсвийг Улсын Их Хурлаар хэлэлцүүлэн батлуулсныг мөн дурдлаа.

Өнөөдөр ОБЕГ-ын тулгын гурван чулууны нэг болох “Гал түймэртэй тэмцэх байгууллага” үүсэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ой тохиож байгаа бөгөөд Шадар сайдын зүгээс үе үеийн гал сөнөөгч нар, ахмад ажилтнууд болон өдгөө ажиллаж буй алба хаагч, ахлагч, офицерууд, удирдлагийн баг, онцгой байдлын нийт бие бүрэлдэхүүн, тэдний гэр бүл, үр хүүхдүүдэд Гал түймэртэй тэмцэх байгууллагын түүхт 100 жилийн ойн баярын мэндийг хүргэв.

2021 онд Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 3559 хүний амь нас, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн 111.2 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалжээ. Үүнээс 8914 иргэн, аж ахуйн нэгжийн 383,7 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг галын аюулаас авран хамгаалснаас гадна сүүлийн 100 гаруй жилийн хугацаанд дэлхий дахинаа тохиолдож байгаагүй “Ковид”-ын цар тахалтай 2 жил гаруй хугацаанд тэмцэж, цар тахлын үеийн хариу арга хамжээг түргэн шуурхай хэрэгжүүлэн ажиллаж буй.

Энэ цар тахалын давалгаанд албаны бэлэн байдлаа ханган, төлөвлөлт, үйл ажиллагаагаа бодитой үнэлж, ажлын хариуцлагыг шат шатандаа сайжруулах, өнгөрсөн 2 жилийн хугацааны алдаа оноо, туршлага дээрээ тулгуурлан хариу арга хэмжээг орон нутагтаа хэрэгжүүлж, бодит нөхцөлд тулгуурласан оновчтой шийдвэрийг гарган шуурхай хэрэгжүүлж, иргэдэд учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, ажиллахыг Шадар сайд төгсгөлд нь үүрэг болгов.

  • Шинэ
  • Их уншсан