Дуурийн театрын Примадонна

Хувь тавилан, урдаас зурагдсан төөрөг гэж байдаг гэдэгт та итгэдэг үү. Аавынхаа алган дээр торниж, ээжийнхээ энгэрт эрхэлж өссөн тал нутгийн танхилхан охин нэг л өдөр дэлхийн тайзан дээр од болон гялалзаж, Монголын сонгодог урлагийн шигтгээ болж гэрэлтэнэ гэж хэн мэдэх билээ. Энэ бол хувь тавилан байсан юм. Энэ л замаар алхаж, энэ оргилд хүрэг гээд эхнээс нь түүний амьдралын алхам бүрийг тодоос тод зурчихсан гэлтэй. Кино драмын ангийн хаалганы өмнүүр эргэлдэх бүрт нь жүжигчин гэсэн мэргэжил түүнээс албаар зугтаасан байж болох юм. Содномцэрэнгийн Мөнгөнцэцэг дуулах гэж л төржээ. Дуулах дуулахдаа ховорхон заяах хүчтэй, эртэй хоолойг бурхан түүнд харамгүй заяасан юм. Хонгорхон зүстэй, хоёр салаа гэзэгтэй. Түүнийхээ үзүүрт цагаан тууз цэцэглээд уячихсан, эрх шар охин өөрийгөө толинд харах бүртээ урлагийн л хүн болно гэж боддог байсан нь зөнтэй байсан юм билээ.
 
Тэрбээр Монголдоо анх удаа дэлхийн дуурийн дуучдын хүрэх ёстой оргил, мөрөөдөл нь болсон Глиникийн олон улсын тэмцээнээс гранпри шагналыг авчирсан юм. Монгол гэж бараг мэдэхүй, монгол дуучид дэлхийд танигдаж эхлээгүй байхад С.Мөнгөнцэцэг анхлан шанг нь татсан гавьяатай дуучин билээ. Түүний гаргасан тэр л тод жимээр өнөөдөр дэлхийн шилдэг баритон Э.Амартүвшин, “Марийнский”  театрын гоцлол дуучин Г.Ариунбаатар, Италид алдар цуугаа мандуулсан Ч.Бадрал зэрэг олон авьяаслаг залуус алхаж яваа гэхэд хэн ч маргахгүй. Энэ удаагийн “Амьдралын тойрог” буландаа Төв аймгийн эгэл монгол айлаас дэлхийн сонгодог урлагийн тайзан дээр нэрээ “мөнхөлсөн” Монгол Улсын гавьяат жүжигчин, дуурийн дуучин С.Мөнгөнцэцэгийг урилаа. Түүний ассан, дүрэлзсэн, амжилт бүхнээс атгасан амьдралын хуудсыг хамтдаа нээе.
 
ЖҮЖИГЧИН БОЛОХ МӨРӨӨДӨЛТЭЙ ОХИН
 
Содномцэрэнгийнх Төв аймгийн уугуул, дөрвөн хүүхэдтэй. Том охин нь өнөөдрийн нийтлэлийн эзэн С.Мөнгөнцэцэг билээ. Тэрбээр дороо гурван эрэгтэй дүү дагуулсан айлын ганц охин юм.Багадаа их хөдөлгөөнтэй, сониуч хүүхэд байжээ. Сургуулийн урлагийн үзлэг, спорт өдөрлөгт үргэлж үеийнхнийгээ манлайлдаг, нийгмийн идэвхитэй охин байсан гэнэ. Аав ээж нь урлаг, уран сайхан гэж явдаггүй байж. Харин ганц охин нь багаасаа л урлагийн хүн тэр дундаа жүжигчин болох хүсэлтэй байсан гэдэг. Харин дуучин болсныхоо дараа удам судраа судалтал ээжийнх нь аавын талд аймаг хошуундаа сайхан дуулдгаараа алдаршсан халхын заан Гомбосүрэн гэж хүн байсан тухай олж мэджээ. Аав ээж нь  ганц охиндоо бүхнээ л зориулдаг. Айлын том хүүхэд л сайн явбал дүү нар нь дагаад амьдралын зам нь дардан, гэрэл гэгээтэй явна гэж бэлгэшээдэг хүмүүс байв. Тухайн үед өнөөдрийнх шиг олон суваг байсангүй. С.Мөнгөнцэцэг ихэвчлэн Оросын “ОРТ” телевизийн урлагийн нэвтрүүлгийг аавтайгаа үзнэ. Дуурийн дуучдын том хормойтой даашинзыг хараад ийм гоё даашинз өмсөхсөн гэж бяцхан охины гэгээн хүслээр мөрөөддөг байж. Харин монгол дуучдаасаа анх “Цэцэгчний хүслэн” дууны эзэн Д.Энхбатыг их дуурайдаг байжээ. Барааны ризенийг банзан дээр хадаад ятга болгон тоглодог байсан гэнэ. Тоглох бүртээ “Монгол Улсын гавьяат жүжигчин С.Мөнгөнцэцэг дуулна” гэж өөрийгөө зарладаг байсан нь биеллээ олсон гэлтэй.Тэрбээр дунд сургуульд байхдаа ганцаараа олон хүний урд гарч дуулах дургүй байж. Учир нь хацарнаасаа эхлээд чих хүртлээ чавга шиг улайчихдаг байжээ. Хүүхдүүд харахаараа шоолно. Тиймээс долдугаар ангидаа кино драмын дугуйланд орсон нь жүжигчин болох хүслийг нь асаажээ. Наймдугаар ангид байхдаа жүжгийн тэмцээнд орж түрүүлэхдээ улам урамшиж, есдүгээр анги төгсөхдөө урлагийн хүн болно гэж эргэлт буцалтгүй шийдсэн байв. Харин сурлага сайтай учир багш нар нь түүнийг эмч болгох хүсэлтэйгээ ээж аавд нь хэлжээ. Эцэг эх нь ч айлд нэг эмч байх хэрэгтэй гээд охиноо Анагаахын сургуульд шалгуулахыг санал болгосоор. Гэвч сэтгэлд нь урлагийн хүн болно гэсэн ганцхан хүсэл оволзоостой.
 
СУИС-ИЙН ШАЛГАЛТААС ХОЦОРЧЭЭ
 
Ингээд ахлах сургуулиа төгсч, амьдралаа шийдэх хариуцлагатай үетэй нүүр тулав. Тухайн үед орон нутагт их сургуулийн хуваарь цөөхөн ирдэг байж. Гэвч С.Мөнгөнцэцэгийг төгсдөг жил СУИС-ийн кино драмын ангийн хуваарь даанч ирсэнгүй. Харин дуулаачийн ангийн хоёр хуваарь иржээ. Жаахан хүүхэд байсан учир СУИС-д л орж байвал ямар ч ангид нь орсон яахав. Сургуульдаа очихоороо ангиа солиод жүжигчний ангид орно гэж бодоод амжиж. Тиймээс дуулаачийн ангид шалгалт өгөхөөр шийджээ. Яг шалгалт өгөх өглөө үсээ хоёр салаа сүлжээд, дүрэмт хувцсаа өмсөөд очив. Гэтэл комисс нь “СУИС хуваариа буцаагаад татчихсан. Сургууль дээрээ нэгдсэн журмаар шалгалтаа авна гэнэ. Чи одоо хурдан хот руу явахгүй бол амжихаа болилоо” гэж хэлсэн байна. Комиссийн өрөөнөөс уйлаад гарч ирсэн охиноо аваад аав нь яаралтай хот руу явах болжээ. Тухайн үед аймгийн Соёл урлаг, боловсролын газраас бичиг хийж өгчээ. Хэдийгээр хотод олон удаа ирсэн боловч хэн нь ч СУИС хаана байдгийг мэдсэнгүй. Төөрч, будилж их явсаар зорьсон газраа ирэв. Гэтэл шалгалт дуусаад, комисс нь цайндаа орж таарчээ. Аавыг нь гурван настай байхад нэг хашаанд амьдарч, хардаг байсан Цэцэгмаа эгч нь хожим мундаг төгөлдөр хуурч болж Хөгжим бүжгийн сургуульд багшилдаг гэж байсныг нь гэнэт аав нь санасан гэдэг. Тиймээс нөгөөх эгч рүү утас цохиход сургууль дээр хүрээд ирсэн байна. Шалгалт өгөх гэж байгаа хүүхдээ ч харж амжилгүй шалгалтын комисс руу орж хоцорч ирсэн учир байдлыг нь тайлбарлаад шалгалт авахыг гуйснаар өнөөдрийн дуучин С.Мөнгөнцэцэгийн урлагийн замналын алтан хаалгыг нь анх нээж өгчээ.
 
ДАШАМААГИЙН ЭРХ ШАР
 
сонин mn
Этиопийн гүнж Аида.
 
Дуулаачийн ангид орсон хэрнээ үргэлж кино драмын ангийн хажуугаар эргэлдэнэ. Ангиа солих хүсэлтээ хэнд хэлэхээ мэдэхгүй хэдэн сар өнгөрчээ. Түүний мэргэжлийн багш нь Монгол Улсын гавьяат багш Дашамаа билээ. Багш нь түүнийг үргэлж урамшуулна. “Чи өөрөө л хичээх юм бол хонгилын  үзүүрт гэрэл асах гээд байна” гэж хэлнэ. Шавиа ангиа солих гээд байгааг гадарласан багш хүний зөн совин ч байсан уу нэг өдөр “Чи мундаг сайн дуурийн дуучин болчихвол тайзан дээр дуулахаас гадна жүжиглээд их гоё ш дээ” гэж хэлсэн нь С.Мөнгөнцэцэгийн бодлыг бүтэн эргүүлж чадсан гэдэг. Энэ үеэс өнөөх бодол нь замхарч, кино драмын ангийн үүдээр ч эргэлдэхээ болив. “Сайн л дуурийн дуучин болоё” гэсэн ганцхан зорилтыг өөртөө тавьжээ. С.Мөнгөнцэцэгийг багш нар нь “Дашамаагийн эрх шар” гэж нэрлэнэ. Учир нь багш нь түүнд яг л өөрийн охин шигээ өөриймсөг хандана. Шавь нь ч юм л бол багшийнхаа өмнө хошуугаа унжуулж суугаад ээждээ эрхэлж байгаа мэт нялхарна. Ингэж багшийнхаа хайранд өлгийдүүлсээр таван намрыг үдээд 1998 онд Болгарийн Хөгжмийн академид суралцах ховорхон боломжоос атгасан түүхтэй. Тухайн үед  70 гаруй хүүхэд шалгалт өгөхөд хоёрхон хүүхэд тэнцсэний нэг нь С.Мөнгөнцэцэг байв.Монголын дуурийн урлагийн алтан үеийнхэн ихэнх нь Болгарт боловсрол эзэмшсэн байдаг. Тиймээс дөнгөж сургуулиа төгсч байсан залуухан дуучны хувьд энэ нь ховорхон тохиох хувь тавилан гэлтэй. Тэрбээр дуурийн урлагийн өлгий нутаг болох Болгарт зургаан жил сурсан юм.  
 
ЕВРОПЫН 13 ОРНООР АЯЛАН ТОГЛОЛТ ХИЙСЭН АНХНЫ МОНГОЛ ДУУЧИН
 
сонин mn
Эрвээхэй нүдэн Чио Чио Сан
 
Болгарт очсон эхний жилүүд бодож байсан шиг нь амархан байсангүй. Тэнд хэн ч Дашамаа багш шиг нь түүнийг эрхлүүлэхгүй. Багш нар нь сурвал сур. Сурч чадахгүй бол буц гэсэн хатуу хандлагатай. Оюутан С.Мөнгөнцэцэгийн хувьд хэд хэдэн удаа сургуулиас хасагдах дээсэн дөрөөн дээр очсон удаатай. Тэр үед “Би олон хүүхдийг ардаа орхиж энэ сургуульд ирсэн. Хэрэв сайн дуучин болж чадахгүй бол эх орондоо очих хэрэг алга. Надад итгэл хүлээлгэсэн хүмүүсийн урмыг хугалах эрх байхгүй. Тиймээс илүү сайн хичээнэ” гэж өөртөө амлалт өгчээ. Хичээл зүтгэлийнхээ хүчинд тэдний ангийг 36 хүүхэд төгсөхөд хоёрхон хүүхэд 6.0 буюу хамгийн дээд үнэлгээтэй төгссөний нэг нь монгол оюутан С.Мөнгөнцэцэг байв. Ийнхүү тэрбээр сургуулиа амжилттай төгсөж чадсанаас гадна Болгарын дуурийн театртай гэрээ хийж, дипломаа ч гардаж аваагүй байхдаа дуурийн урлагийн шилдгүүдтэй мөр зэрэгцэн ажиллаж эхэлсэн байдаг. Европын театруудын жишиг нь тухайн уран бүтээлийн гол дүрд дуулах дуучинтайгаа зөвхөн тэр уран бүтээл дээр л гэрээ хийдэг ажээ. С.Мөнгөнцэцэгийн хувьд Болгарын Велико-Търново хотын Хөгжмийн театртай хоёр ч жүжигт дараалан гэрээ хийж, Русе хотын дуурийн театрт “Турандот” дуурийн Лиуд  дуулж, Софийн хөгжимт драмын театрт гол дүр бүтээж, дипломаа хамгаалсан түүхтэй. С.Мөнгөнцэцэгийн нэрийн хуудас болсон дүрийдийн нэг нь “Богема” дуурийн Мими билээ. Тэрбээр энэ дүрээр Европын 13 оронд аялан тоглолт хийсэн анхны монгол дуучин юм.
 
АМЬДРАЛДАА ХИЙСЭН ХАМГИЙН ЗӨВ ШИЙДВЭР
 
С.Мөнгөнцэцэг ханьтайгаа Болгарт танилцжээ. Анх Болгарт очиход нь хоёр монгол оюутан хоттой танилцуулж байсны нэг нь ирээдүйн хань Ц.Чинбат нь байсан гэдэг. Түүний хань Эдийн засгийн сургуульд Олон улсын харилцааны чиглэлээр сурдаг байж. Хосуудын хувьд хамаг л сайхан дурсамж, хайрын түүх нь Болгар улстай салшгүй холбоотой. С.Мөнгөнцэцэг сургуулиа төгсөөд театруудтай гэрээ хийж, уран бүтээлийн олз омог дүүрэн байсан үе. Түүний хувьд Болгарт амьдардаг ч юм уу гэсэн бодол үе үе бодогдох болж. Харин энэ үед Улаанбаатараас нөхөрт нь захидал ирснээр дуучин маань хамгийн хариуцлагатай сонголтын өмнө ирсэн гэдэг. Нөхрийнх нь ээж бие нь тааруу байсан учир хүүгээ хурдан ир гэж дуудуулжээ. Тухайн үед хань нь “Би монгол явахаас өөр сонголтгүй боллоо. Чамайг шууд хамт явъя гэж хэлж чадахгүй нь. Учир нь энэ бол чиний мөрөөдөл. Энэ мэргэжлийг эзэмшсэн гол зорилго чинь сайн дуучин болох. Уран бүтээлийн чинь эхлэл дөнгөж тавигдаж байхад хамт буцъя гэж тулгахгүй. Эцсийн сонголтыг чи өөрөө хий”  гэжээ.
 
Дуучин бүсгүйн хувьд энэ үе хамгийн хүнд байжээ. С.Мөнгөнцэцэг бодсон. Түүнийг шийдвэр гаргахад олон хүчин зүйл нөлөөлсөн гэдэг. Тэрбээр нэгэн алдартай дуучны түүхийг уншсанаа санажээ. Насаараа дуурийн урлагт зүтгэж, карьер хийсэн ч насны эцэст хүүхэдгүй, бүх эд хөрөнгө нь улсын өмч болсон түүхтэй.
 
“Хүний амьдралд, ялангуяа бүсгүй хүний амьдралд юу чухал юм бэ. Өчнөөн жил хайрласан хайртай залуу минь байна. Сургуулиа төгсөөд эх орон руугаа явж чадахгүй надад хоргодоод үлдсэн сэтгэлийг нь би яах вэ. Хайртай хүнээ явуулчихаад, түүнийгээ эх орноо, ээж ааваа санасан сэтгэл минь яах бол” гэж өөрөөсөө асууж л дээ. Эх оронд минь ч театр бий. Ерөөсөө л Монгол руугаа буцаж, гэр бүлээ цогцлооё гээд нэг л өдөр Болгарт эхлүүлсэн карьераа орхиод нөхрөө дагаад 2007 онд нутагтаа буусан гэдэг. Энэ нь ч түүний хувьд амьдралдаа хийсэн хамгийн зөв сонголт байсан гэж өнөөдөр дуучин бүсгүй маань ам бардам хэлж сууна.
 
МОНГОЛЫН АНХНЫ АИДА
 
сонин mn
Гунигт бүсгүй Мими.
 
Эх орондоо ирээд шууд тухайн үеийн ДБЭТ-ын захирал байсан Г.Сэргэлэн даргатай уулзсанаар түүний гоцлол дуучны тушаал гарсан түүхтэй. Театртаа анх гоцолсон уран бүтээл нь “Чио Чио Сан” дуурь байв. С.Мөнгөнцэцэгийн хувьд Монголын анхны Аида билээ. Дэлхийд чансаагаараа дээгүүрт орж, дуурийн театрын чанар чансааг илэрхийлдэг энэ бүтээл анх 2013 онд УДБЭТ-ын тайзнаа амилсан байдаг. Бүтээлийн хувьд олон хүний бүрэлдэхүүнтэй нүсэр дуурь. Ялалтын бөмбөр, найрал дуучдын хоолойг давж дуулах хүчирхэг хоолойтой дуучин л Аидаг бүтээдэг юм. Тэгвэл С.Мөнгөнцэцэг хорин хэдхэн настай Этиопийн гүнж Аидаг тунхагласан анхны монгол дуучин болж нэрээ мөнхөлсөн байдаг. Уг нь анх Аидад таван дуучин бэлтгэж байв. Ардын жүжигчин Б.Жавзандулам, гавьяат жүжигчин Б.Эрдэнэтуяа, Ө.Уянга, Ш.Наранчимэг, С.Мөнгөнцэцэг байв. Дуурийг ОХУ-ын алдарт найруулагч Анатолий Петрович ирж найруулсан юм. Тэрбээр яг тоглолтын өмнөх өдөр шууд нээлт хийх дуучин нь С.Мөнгөнцэцэг гэж зарлажээ. Ингэж тэрбээр Монголын сонгодог урлагийн түүхэнд нэрээ алтан үсгээр бичсэн юм. С.Мөнгөнцэцэг Болгарт хамт сурч байсан найзуудтайгаа одоо ч холбоотой байдаг. 2018 онд Болгарт болсон нэгэн ёслолын үйл ажиллагаанд урилгаар оролцоход түүнийг “Мон­голын Примадонна” ирлээ гэж хүндэтгэл­тэйгээр хүлээж авчээ. Үнэхээр л С.Мөнгөнцэцэг “Аида”, “Тоска”, “Богема”, “Чио Чио Сан” гээд дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн сонгодог бүтээлийн гол дүрд дуулдаг учир яахын аргагүй Монголын Примадонна билээ.
 
ОН СОЛИГДОХ МӨЧИД ГАВЬЯАТ ЖҮЖИГЧИН БОЛСОН НЬ
 
Дуучин хүн уралдаан тэмцээнд орж өөрийгөө сорьж байж хөгждөг гэж дуучин С.Мөнгөнцэцэг өөрийн туршлагаас ярьж байсан юм. Тиймээс оюутан байхаасаа л олон улсын тэмцээнүүдэд оролцож ялж, ялагдаж явсан арвин намтартай.С.Мөнгөнцэцэг Болгараас ирэхийнхээ өмнө Бүх Болгарын дуурийн дуучдын уралдаанд оролцож гуравдугаар байр эзлээд байв. Монголдоо ирээд 2008 онд дөрөвхөн сартай охиноо тэврээд Хятадад болсон олон улсын уралдаанд оролцож байсан удаатай. Түүний хувьд олон уралдаан тэмцээнд орсон ч тэргүүн байр аваагүй байж. Харин 2009 онд Глиникийн нэрэмжит дуурийн дуулаачдын уралдаанд оролцохгүй бол дараа жил нас нь тэнцэхгүй хасагдах болчихоод байв. Тиймээс сүүлчийн удаа өөрийгөө сорихоор шийдсэн нь тэр. Үргэлж дэмжиж, ар талыг нь даадаг нөхөр нь энэ удаад нэг л дэмжсэнгүй. Тэгэхээр нь нутгийн зөвлөлдөө хандаад зардал мөнгөний асуудлаа амархан шийдчихэв. Ингээд зорьсон тэмцээндээ очжээ. Шагналтнуудыг доороос нь зарласаар. Монгол дуучин догдолсоор. Гэтэл  тэргүүн байранд  Содномцэрэнгийн Мөнгөнцэцэг гэж зарлахад өөрийн эрхгүй нулимс нь асгарчээ. Тэрбээр ийнхүү олон жил хөдөлмөрлөснийхөө үр шимийг хүртэж, Монголын сонгодог урлагийн чанар чансааг дэлхийд анхлан “тамгалсан” юм.
 
Өмнө нь ямар ч монгол дуучин хүрээгүй оргилд тэр анхлан гарсан байдаг. С.Мөнгөнцэцэгийг эх орондоо ирэхэд Ерөнхийлөгч зарлиг гаргаж тэрбээр Б.Солонго багшийнхаа хамт арванхоёрдугаар сарын 31-нд хоёулахнаа төрийн сүлднийхээ өмнө зогсоод Ерөнхийлөгчөөс Монгол Улсын гавьяат жүжигчин цолыг гардаж байв. Өнөөдөр ч тэрбээр дуурийн театрынхаа бүхий л уран бүтээлд оролцож, дахин олон гол дүр бүтээх чин хүслээр дүүрэн явна. Дахиад өөрийгөө сорьж, тайзан дээрээ гал шиг дүрэлзэх дэврүүн хүсэл нь ч асаалттай байна лээ. Тайзан дээрээ гарахаар ихэмсэг бардам, харц дээгүүр бүсгүй маань гэртээ бол гурван хүүхдийн ээж, эгэл жирийн эхнэр хүн билээ. Урлагийн хүний амьдралд түүнийг ойлгох хань л хамгийн чухал. С.Мөнгөнцэцэгт ажил амьдралын хувьд аль аль нь алгаа дэлгэсэн азтай хүн. Учир нь тэрбээр өөрийг нь ойлгодог энэ л биенийхээ нэг талыг олчихсон. Театртаа дуулж, хүүхдүүдээ эрхлүүлж, ханийнхаа нөмөр нөөлөгт дулаахан явдаг учир түүнд энэ амьдралд гуних, ганцаардах  шалтгаан алга. Цаашдаа ч энэ л хэвээр тайзан дээрээ эрхэмсэг бардам оршиж, алтан гургалдай шиг ховорхон хоолойгоороо дуулж бас жаргаж амьдраарай ягаан театрын Примадонна минь.
 
 
Ч.Гантулга
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

  • Шинэ
  • Их уншсан