Баавар: Хөдөөний амьдрал дэндүү сайхан бас сонирхолтой



Идэр ес эхэлж, хүйтэн жавар тачигнасан Монголын хөдөө анир гүмхэн хийгээд амар амгалан. Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд өнтэй сайхан өвөл иржээ. Баавар хэдийнэ хөдөөний хүн болжээ. Саяхан хип хопын од байсан, саяхан л алдаж онож аавын хаалга татаж явсан тэрбээр урлагийн шуугиант ертөнц, Улаанбаатарын уур уцаартай амьдралыг орхиод хөдөө мал маллахаар нэг л өдөр Сэлэнгийн Хүдэрийг зорив.

Сэлэнгэ аймгийн Хүдэр сум /2022.01.13/

Тэднийх сумын төвөөс 35 км зайд өвөлжиж байна. Сумын төвөөс биднийг тоссон тэрбээр дэлгүүр орж, эхнэрийнхээ захиасыг аваад хөдөллөө. Өвөлжөө хүрэх замдаа түүнтэй малчин болсон тухайн хөөрөлдсөн юм.

-Хүдэрт өнтэй сайхан өвөл болж байна. Мал сүрэг тарган тавтай юу?

-Тавлаг сайхан. Гэр бүлээрээ хөдөө мал дээр гараад хоёр дахь өвлөө үзэж байна. Би 2019 онд Солонгос улсад эмчилгээ хийлгэж, эх орондоо ирээд тав хонож байтал хил хаагдсан. Тэгээд л эхнэртэйгээ ярилцаад хөдөө гарахаар шийдсэн юм. Манай хадмууд Хүдэр суманд мал малладаг.

Тэрнээс гадна хөдөө гарахад нөлөөлсөн нэг зүйл нь фэйсбүүк үзэж суутал Канад улсын иргэн Жереми Булганы Хутаг-Өндөрт үхрийн фермер ажиллуулдаг юм байна. Тэрийг хараад “Монголд 20 гаруй жил амьдарч буй гадаадын иргэн Монголд мал маллаж болоод байхад бид өөрсдөө яагаад болдоггүй юм” гэж дотроо бодсон. Тэгээд л зориглоод малчин болсон доо. Эхнэр бид хоёр чинь багаасаа л өвөө, эмээ дээрээ хонь хариулж өссөн хүмүүс. Тийм болохоор нэг их хүндрэл бэрхшээл байхгүй. Бас туслах малчинтай. Аав минь Завхан аймгийн уугуул хүн байсан. Нутгийн дүү маань бидэнд тусалдаг юм. Мундаг залуу малчин бий.

-Малчин болно гэхэд ойр дотныхон нь их гайхсан байхдаа?

-Анх бид хоёрыг мал аваад, хөдөө амьдарна гэхэд ах дүү, найз нөхөд маань соёлтойгоор “Энэ хоёр чадахгүй дээ” гэж басч байсан. Бид хоёр ч чадна гэдгээ харуулахаар бусдын адил хичээж байна даа. Хөдөө өглөөнөөс авхуулаад унтах хүртлээ ямар ч завгүй. Бүх ажил цаг нартай. Сайхан л амьдарч байна.

Хүдэр сумын малчны өвөлжөө

-Одоо мянгат малчин болно л гэж үзнэ дээ?

-Тэгнэ дээ. /Инээв/ Манай урлагийнхан чинь ихэнх нь малтай. Харин өөрөө малаа малладаг нь цөөн байх.

-Хүдэр сумын байгаль үнэхээр сайхан юм?

-Сэлэнгэ аймгийн Хүдэр сумыг Монголын Швейцарь гэж ярьдаг юм билээ. Биднийг ийм сайхан хангай маш сайхан хүлээж авсан. Манай өвөлжөө сумын төвөөсөө 35 км зайд хилийн зааг Хаза гэдэг газар байдаг. Зуслан маань сумын төвөөсөө зүүн урагшаа 20 орчим км зайтай Уялга гээд газар бий. Хүдэр сум тэр чигээрээ газар тариалангийн бүс нутаг. Газар тариалангийн олон компани тариалан эрхэлдэг.

WELCOME TO БААВАРЫНХ”

Ш.Батбаяр буюу Бааварын өвөлжөө

Ийн яриа өрнүүлж, ой модон дундуур давхисаар тэдний өвөлжөөнд дөхөв. Өвөлжөө хүрэх зам арай татуу ч зам нь яггүй, цас ихтэй өвөл хэр баргийн машин явахааргүй аж. Холоос уулын энгэрт цэмцийлгэн барьсан гурван гэр харагдах аж.

Гэрийн эзэн “Ноднин зун манайх 100 орчим зочин хүлээж авсан. Заримынх нь ажил амжихгүй ирж чадаагүй. Манайх хэнийг ч хүлээж авахад үүд хаалга маань нээлттэй “Welcome to Бааварынх” гээд гэртээ орохыг урив.

Дуучин Бааварынх таван хүүхэдтэй. Хоёр охин, гурван хүүтэй. Бүгдийнх нь нэр “Энх”-тэй. Ой гарантай Энххишиг охиныг гэрийн “босс” гэж аав, ээж нь өхөөрдөнө.  Бага охин Хишигээ холоос ирсэн зочдоос гирэвшингүй хэсэг гайхан зогсов. Хосууд арван жилийн сурагч байхдаа танилцаж, 2001 онд гэр бүл болжээ.

Одоо том охин нь 21 настай, энэ жил оюутан болсон гэнэ. Оюутан охин, есдүгээр ангийн сурагч хүү нь хичээл сургуультай учраас хотод байгаа бөгөөд гурван бага нь малчны хотондоо аав, ээждээ эрхлэн тоглоно. Багаасаа хоёр дахь хүү Энхтөр нь хураасан бууцан дээр зогсоод "Come on baby" хэмээн хэвлүүлэх дуулж, нялх тугалнуудтай тоглох нь өхөөрдөм.

Бааварын гэргий Б.Золжаргал

“Сайн явж ирэв үү. Замдаа ядрав уу” хэмээн сүүтэй цай чанаж угтсан гэрийн эзэгтэйг Б.Золжаргал гэдэг. Тэрбээр “Бид хоёр чинь өмнө нь “Хоёулаа хөгшрөхөөрөө мал дээр гарна” гэж ярьдаг байсан. Солонгосоос ирээд удаагүй байтал хөл хорио тогтоож, “Мал дээр гаръя” гээд зориглоод л гарсан. Анх бүх зүйл сонин харагдаад, нэг л нүдэнд дасч өгөхгүй, үхрээ саах гэхээр ялгаж мэдэхгүй, их хөгөлсөн. Одоо бол малаа зүслэнэ. Үхэр малаа саагаад, хөдөөний айлын эзэгтэйн бүхий л ажлыг хийж байна” гэв.

Дэргэд суусан хань нь “Малын тоо хэлдэггүй гэдэг дээ. Хэдэн малын маань сайхан өсч байна. Манайх ноднин нэг ч төлийн гарзгүй онд мэнд орсон. Маш сайхан мэдрэмж байдаг юм билээ. Манайх энэ жил арванхоёрдугаар сарын 28-нд эхний төлөө авлаа. Зарим үхрүүд маань удахгүй тугаллана” хэмээн хийсэн ажлаараа бахдан ярив. Тэрбээр анх хөдөө ирээд “Манай нэг үхэр төрөөд” гэж хэлээд хөглөж байснаа бодвол ч одоо туршлагатай малчин болсон тухайгаа ярьж гэр дүүрэн инээдэм болцгоолоо.

Тэд хааяа Улаанбаатар хот орно. Хотын дуу чимээ, түгжрэл, утаа, гэж ярилтгүй. Урьд нь хотод амьдарч байгаагүй юм шиг л түвэгшээдэг болсон тухайгаа дуу нэгтэй хэлж байв.

“БИ МОНГОЛЫН ХИП ХОПЫН ХОЛБООНЫ ТЭРГҮҮН ХЭВЭЭРЭЭ БАЙГАА”

Ш.Батбаяр

“Биеэ засаад гэрээ зас. Гэрээ засаад төрөө зас” гэдэг. Дуучин Бааварын хувьд сүүлийн жилүүдэд хувийнхаа амьдралд анхаарч, урлагаасаа хөндийрсөн тухайгаа хэлж байв. Тэрбээр “Цар тахал гээд урлагийн янз бүрийн арга хэмжээ, тоглолт хориглочихсон. Би чинь бас продюсер хүн. Хамтлаг дуучдын тоглолтыг их зохион байгуулдаг байлаа. Сүүлийн хэдэн жил хувийн амьдралдаа илүү анхаарч, урлагаасаа хөндийрсөн” тухайгаа ярилаа.

Түүний хүүхэд нас Улаанбаатар хотын нэгдүгээр хороололд өнгөрчээ. Багаасаа их хөдөлгөөнтэй, сахилгагүй хүү байсан тухайгаа дурсан ярив. Тэрбээр 1999 онд “Дижитал” хамтлагаа байгуулж, 2009 он хүртэл хамтлагаараа уран бүтээл хийжээ. Түүнтэй урлагаас хөндийрөх болсон тухайн яриа дэлгэхэд,

-“Дижитал” хамтлагийн гишүүд их өнөр өтгөн гэр бүлтэй болсон байна. Хамтлагийнхантайгаа холбоотой байгаа юу?

-Манай хамтлагаас Эрка, Батука, бид гурав их олон хүүхэдтэй. Бусад нь хоёр, гурван хүүхэдтэй. Ойрд хамтлагийнхантайгаа уулзаагүй. Сүүлд Эрка маань шинэ дуу гаргаж, хит болж байгаа сурагтай. Сүүлийн үеийн хип хопчид мундаг байна гээд байсан. Манай Эрка шиг нэг дуу гаргаад хит болгож чадаж байгаа юм уу.

-Дуучин Баавар урлагтаа эргэн ирэх үү?

-Хамтлаг маань 2007 онд “Анддаа” тоглолтоо “UB Place” концертын их танхимд хоёр хоног хийж, тухайн тоглолт зардлаа нөхөж чадалгүй “шатсан” юм. Тэгсэн түрээсийн мөнгө нэхэгдээд, би машинаа барьцаанд тавьсан. Тоглолтын дараа бүжигчид, хөгжим техникийн уран бүтээлчид мөнгөө нэхсэн чинь би ганцаараа үлдсэн. Тэр цагаас хойш хамтлагийнхнаасаа хөндийрсөн. Тэгээд би 2007 ондоо зохиолын дуучдын хамтарсан “Ирж яваа цаг” тоглолтыг зохион байгуулж, өрнөөс гарч байлаа.

-Монголын хип хопын холбооны тэргүүн хэвээрээ юу?

-Би холбооны тэргүүн хэвээрээ байгаа. Холбооны үүсгэн байгуулагч тэргүүн нь байна гэж дүрэмдээ заачихсан байдаг. Би энэ холбоог анх үүсгэн байгуулсан. Сүүлийн үед хип хопын холбоо руу ганц нэг нөхдүүд дайрч, “Холбоогоо өгчих. Ингэе тэгье” гээд л байна. Хүний барьсан гэрийг булааж болохгүй биз дээ. Би хамаг амьдралаа зориулж монголын хип хоп урлагийг ямар хэмжээнд болгосныг хүмүүс мэдэж байгаа байх.

-Хүмүүс Ш.Батбаяраас илүү Баавар нэрээр нь илүү танина. Баавар гэж нэрийг хэн өгсөн юм бэ?

-Миний Баавар нэрийг анх “MR.Dogs” хамтлагийн Хойлогоо /Ц.Хойлогдорж/ өгсөн. Бид бага ангийн хоёр. Бага ангийн хөвгүүд хоорондоо зодолдож, ангийнхаа нэг хоёрдугаар атаманыг үзэж байгаад би “Та нар бөөнөөрөө нийлчихээр битгий бааварлаад байгаарай” гэсэн чинь л Хойлогоо “Өө муу Баавар” гээд л дууддаг болсон. Тэгж л анх 1988 онд нэгдүгээр хороололд Баавар нэртэй болж байлаа. Хүмүүс овог нэрнээс минь илүү Баавар гэж дууддаг.

“ХӨДӨӨНИЙ АМЬДРАЛ ДЭНДҮҮ САЙХАН БАС СОНИРХОЛТОЙ”

Малчин Баавар малаа хариулаад ирж буй.

Баавар, Б.Золжаргал хоёрын мөрөөдөл дөнгөж эхэлж байна. Тэд алс хязгаар нутагт ч тохьтой тухтай орчинг бүрдүүлж, олон ажил хийх зорилготой. Орчин цагийн малчин айлд зурагт, ус буцалгагч, хөлдөөгч, хөгжим, будаа агшаагч, угаалгын машин гээд хотын айлаас дутах зүйл алга. Гэрийнхээ гадна морь, машин, мотоциклтой. Эднийх хилийн зааг дээр учраас гар утасны орос сим ашиглаж, фэйсбүүк хуудаснаас цаг үеийн мэдээллээ авдаг гэнэ.

Баавар “Бид одоохондоо монгол гэртээ амьдарч байна. Цаашдаа малчидтайгаа хамтран өвөлжөөндөө саун барина. Мөн сум орон нутгийнхаа удирдлагуудтай ярилцаж байгаад эрчимжсэн мал аж ахуй руу орох төлөвлөгөөтэй байгаа. Гэхдээ бэлчээрийн мал аж ахуйтайгаа хослуулахаар судалж байна. Залуустаа хандаж хэлэхэд ид хийж бүтээдэг насан дээрээ л орон нутагт амьдаръя гэж уриалъя. Хамгийн сайхан амьдрал хөдөө л байна” хэмээн мөрөөдлөөсөө хуваалцав.

Түүний гэргийг Б.Золжаргал, бага охин Б.Энххишиг

Түүний ярианд гэргий нь хүч нэмж “Бид хоёр гэрт өвөлжих нь битгий хэл амьдарч үзээгүй хүмүүс шүү дээ. Амьдралд бүх зүйл нь бэлэн амьдрал бол утгагүй. Өмнө нь битүү дөрвөн хананы дунд яаж амьдарч байсан юм бол гэж боддог. Хөдөөний амьдрал дэндүү сайхан бас сонирхолтой байна. Бүх зүйлийг гардаж маллаад амьдрах маш сонирхолтой” хэмээн инээмсэглэн ярилаа. Ийн ярих зуур гэрийн эзэн үхэр малаа хашихаар гарч, гэрийн эзэгтэй тогоо дүүрэн бууз жигнэв.

“АЛДСАН АЛДААГАА ДАВТДАГ ХҮН БОЛ ХАМГИЙН ТЭНЭГ ХҮН”

Түүний гэр бүлийн найм дахь гишүүн бол "Бамбар"

“Эр хүн туг ч барина. Тугал ч хариулна” гэдэг. Тэрбээр амьдралдаа алдаж оносон ч дахин тэр алдаагаа давтахгүй нь тулд хичээж яваагаа хэлж байв. Тэрбээр “Би амьдралдаа алдсан. Хар тамхи гэдэг зүйл хүний амьдралд хэзээ ч байж болохгүй гэдгийг ойлгосон. Алдсан алдаагаа давтдаг хүн бол хамгийн тэнэг хүн. Тэгэхээр залуус энэ муухай зүйлээс хол байх хэрэгтэй” гэдгийг чин сэтгэлээсээ захисан юм.

Учир нь орон нутагт архидалт газар авч, залуусыг “залгиж” байгааг тэр анзаарч, сэтгэл эмзэглэж явдгаа хэлж байв. Эхнэр М.Золжаргал нь “Гэр бүл уучлал, тэвчээр, хүндлэл, хариуцлага дээр тогтдог. Үр хүүхдийнхээ өмнө хариуцлагатай, бие биеэ хүндэлж, уучилж чаддаг байх юм бол амьдрал бүтэн үлддэг гэдгийг өөрийнхөө амьдралаас мэдэрлээ. Хань минь алдаж оносон байж болно. Гэхдээ эргээд харахад бид хоёр амьдралаа бүтэн аваад үлдчихсэн, үр хүүхэд маань эрүүл, өнөр өтгөн, тайван сайхан амьдарч байна” гэв.

Тэрбээр “Хань минь маш цайлган зантай, хүнд их тусалдаг, зорьсон ажлаа яаж ийгээд бүтээдэг дайчин зантай хүн. Үр хүүхэд гэр бүлээ авч явахаас гадна гурван хүний гэр бүлийн арыг даадаг. Эр хүний ноён нуруу сайтай хүн дээ” хэмээн ханийгаа онгироож орхив.

-Солонгос улсад биеэ эмчлүүлсэн гэсэн. Одоо бие нь дажгүй юу?

-Миний биеийн нуруу, хоёр гар гээд 70 хувь нь түлэгдсэн. Тиймээс Солонгос улсад эмчилгээ хийлгэсэн. Одоо дахин нэг хяналтад үзүүлэх шаардлагатай байгаа. Цар тахал гээд хил гааль хаалттай байна. Бие маань одоо дажгүй ээ. Бие өвдөж, зовж байна гээд байвал өвдөөд л байна. Аль болох зовлонгоо тоочихгүй, ийм сайхан эрүүл агаар, хөдөө нутагт сайхан байна.

-Хүн амьдралд алдаж оноход хүний чанар танигдана гэдэг. Эргээд харахад тийм хүн хэр олон байна вэ?

-Намайг хазгай гишгэхэд маш олон хүн зангаа таниулсан. Тэдний ч буруу гэж юу байх вэ. Угаас хүн гэдэг их муухай амьтан юм. Хүн амьдралд жаахан л хазгай гишгэвэл “Ашгүй минь” гээд дээрээс нь дэвсэлдэг. Тэгэхээр хүн амьдралд аль болох алдахгүйг хичээх хэрэгтэй.

Алдаж оноход минь намайг орхиогүй хүмүүс ч бий. Нэгдүгээрт, ээж, ах дүү гээд гэр бүл минь байна. Би тэднийхээ хүчинд өдий дайтай явна. Би чинь бараг үхээд боссон хүн шүү дээ.

Харин “Яг тэр маань ирнэ дээ” гэж бодсон хүмүүс бүгд алга болсон. Монголын урлагт 2000-2009 он хүртэл Бааваргүй юм байхгүй байлаа.Тэрнээс хойш жаахан хазгай гишгэхэд хүн бүр зангаа хувиргасан. Тэр хүмүүсийн биш миний буруу л даа.

-Ах дүү хэдүүлээ вэ?

-Би ах дүү тавуулаа. Хоёр ах нэг эгчтэй, нэг дүүтэй. Багаасаа хоёр дахь хүү нь. Манай гэрийнхэн хувийн бизнес эрхэлдэг. Ээж минь энэ зун манайд ирээд амраад явсан. Хүүгээ малчин болсонд үнэхээр баяртай байгаа. Ээж минь үхэр жилтэй хүн л дээ.

  • Шинэ
  • Их уншсан