Австри коронавирусний вакциныг албадан хийх шийдвэр гаргасан ЕХ-ны анхны улс болов

ПАРИС. /AFP/. Австрийн парламент 2 дугаар сараас эхлэн насанд хүрсэн иргэдийг албадан вакцинд хамруулах шийдвэр гаргасан байна. Ингэснээр тус улс вакциныг албадан хийх шийдвэр гаргасан Европын Холбооны анхны улс болжээ.

Тус улсын Засгийн газар өнгөрсөн оны 11 дүгээр сард коронавирусний вакцинжуулалтыг цаашид зайлшгүй албадан хийлгэдэг болгох талаар мэдэгдэж байсан ба улмаар улс орон даяар вакцинжуулалтын түвшинг нэмэгдүүлнэ хэмээн үзэж байв.

Үүний дараа вакциныг эсэргүүцэгч иргэд нэн даруй эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан юм. Австрийн хэт барууны үзэлтэй намуудаас бусад улс төрийн намууд албадан вакцинжуулалт хийх хуулийн төслийг дэмжиж байна.

Пүрэв гаригт болсон парламентын чуулганы үеэр нийт 183 суудалтай парламентын гишүүдийн 137 нь уг хуулийн төслийг дэмжиж, 33 нь эсэргүүцжээ. 

Одоогийн байдлаар Австри улсын оршин суугчдын 72 хувь нь вакцинд хамрагдаад байгаа нь ЕХ-ны орнуудын дундаж түвшинтэй ойролцоо байгаа ч Итали, Франц зэрэг хөрш орнуудаас харьцангуй доогуур байгаа юм.  

 

  • Шинэ
  • Их уншсан