Эрдэнэт үйлдвэр цагаагчин үхэр жилийн хөдөлмөрийн аваргуудаа тодруулж, алдаршуулав

Зууны манлай Эрдэнэт үйлдвэрийн хамт олон жил бүрийн сар шинийн баярын босгон дээр улиран одож буй оны хөдөлмөрийн сайчуул, манлайлагчдаа үйлдвэрийн “Хөдөлмөрийн аварга”-аар өргөмжлөн, алдаршуулдаг уламжлалтай. 17-р жарны цагаагчин үхэр жил буюу 2021 оны ажил үйлс, амжилт бүтээлээрээ цех хамт олноо тэргүүлэн, үйлдвэрлэлийн төлөвлөгөөт зорилтыг ханган биелүүлэхэд идэвх санаачилгатай ажилласан нэр бүхий 33 ажилтныг Эрдэнэт үйлдвэрийн “Хөдөлмөрийн аварга”-аар шалгаруулан, зургийг нь хүндэт самбарт байрлуулж, урамшуулах ёслолын ажиллагаа өнөөдөр боллоо.  Мөн үйлдвэрийн газарт олон жил үр бүтээлтэй ажиллаж, шинэ техник технологи нэвтрүүлэн эзэмших, үндэсний мэргэжилтэй боловсон хүчин сургаж бэлтгэх, хөдөлмөрийн хамт олныг удирдан зохион байгуулах, үйлдвэрлэлийн менежментийг зах зээлийн нөхцөлд нийцүүлэн боловсронгуй болгоход бүтээлч хөдөлмөрөө зориулсан “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ил уурхайн Ерөнхий инженер Д.Уламмандах, Засвар механикийн заводын технологич инженер Ахметов Ю.Г, Геологи хайгуулын экспедицийн цооног өрөмдөгч Л.Бадрахбаяр нарын гурван ажилтныг  үйлдвэрийн газрын Хүндэт дэвтэрт нэрийг нь бичиж, алдаршуулан “Хүндэт тэмдэг”-ээр шагналаа. 

      Хөдөлмөрийн аваргууд болон Хүндэт дэвтэрт нэр нь бичигдсэн эрхмүүдийн шагналыг үйлдвэрийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн, Ерөнхий захирлын Нэгдүгээр орлогч бөгөөд Ерөнхий инженер Т.Батмөнх, Ерөнхий захирлын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Д.Үүрийнтуяа нар гардуулж, баяр хүргэв. Мөн Монголын ҮЭХ-ны дээд шагнал “Хөдөлмөрийн хүний төлөө” тэмдгээр  тус үйлдвэрийн Ерөнхий захирлын Нэгдүгээр орлогч бөгөөд Ерөнхий инженер Т.Батмөнхийг шагнасныг гардууллаа. 

Шагнал гардуулах ёслолын ажиллагааны үеэр Ерөнхий захирал Х.Бадамсүрэн 2021 оны Хөдөлмөрийн аваргууд, Хүндэт дэвтрийн эзэддээ хандаж үг хэлсэн. Тэрээр “Өнгөрсөн хугацаанд дэлхий нийтийг хамарсан ковид цар тахлын хүндрэл бэрхшээл биднийг ч бас тойроогүй, хүнд цаг үе байсан ч манай уурхайчин хамт олон эв нэгдэлтэй, ёс зүйтэй байж, бие биенээ дэмжин зангидсан гар шиг ажиллаж чадлаа. Үүнийхээ үр дүнд та бид олон сайхан амжилт гаргалаа. Энэ бүхний тэргүүн эгнээнд байж, хамт олныхоо нэр хүндийг өндөрт өргөж ажилласан хөдөлмөрийн аваргууд, тэргүүний ажилтнууддаа халуун баяр хүргэе. Цар тахлын үед бид түүхэндээ анх удаа улс орон нутгийн төсөвт 1.2 их наяд төгрөг төвлөрүүлж чадлаа. Энэ бол тус үйлдвэрийн уурхайчин хамт олны улс орондоо бүтээж буй үндэсний баялаг юм.  Өнөөдөр Эрдэнэт үйлдвэрийн ажилтан бүр аль цех нэгжид ажиллаж буйгаас үл хамааран 170 гаруй сая төгрөгийн баялаг бүтээж байна. Ийм хэмжээний баялагийг Монгол хүн бүр бүтээж чадвал эх орон маань хөгжиж дэвших зам саадгүй дардан байх болно. Энэ үйлсэд бахархам  хувь нэмрээ оруулж буй та нартаа дахин баяр хүргэж, улам өндөр амжилт хүсье” хэмээн онцоллоо. 

М.Балжинням
Фото Б.Баттөгс

  • Шинэ
  • Их уншсан