Бээжин хотын зарим хэсэгт зорчих хөдөлгөөнийг хязгаарлаж, хөл хорио тогтоолоо

БНХАУ-ын нийслэл Бээжин хот өвлийн олимпын наадмыг хүлээн авахад ердөө долоо хоногийн хугацаа үлдээд байна. “Бээжин-2022” өвлийн олимпын наадам ирэх сарын 4-20 өдрүүдэд зохион байгуулагдана.

Тэгвэл Бээжин хотын захиргаа пүрэв гаригт ковидын халдварын тархах эрсдэлийг бууруулах зорилгоор нийслэлийн зарим хэсэгт хөдөлгөөн хязгаарлаж, хөл хорио тогтоох шийдвэр гаргалаа. Тухайлбал, Омикрон хувилбарын голомт дэгдсэн Фэнтай дүүрэгт хөл хорио тогтоож, иргэдийг шаардлагагүй тохиолдолд гэрээсээ гарахыг хориглон, өдөр бүр ковидын шинжилгээнд хамруулах шийдвэр танилцуулсан.

БНХАУ-ын Үндэсний эрүүл мэндийн комиссын мэдээлснээр лхагва гаригт нийслэлийн хэмжээнд ковидын халдвар дотоодод дамжсан таван тохиолдол нэмж бүртгэгдсэн байна. Бээжин хотод нэгдүгээр сарын 15-ны өдрөөс хойш дотоодод халдвар дамжсан 60 тохиолдол бүртгэгдээд байгаа аж.

Гэвч олимпын наадмын нээлт хаяанд ирсэнтэй зэрэгцэн Цагаан сарын баярын амралтыг тохиолдуулан Хятадын олон зуун сая иргэн дотоодын аялал жуулчлал хийж байгаа нь халдвар тархах эрсдэлийг нэмэгдүүлж байгаа юм. Хятадын Үндэсний тээврийн газрын мэдээлснээр энэ жил Цагаан сарын амралтын эхний 10 хоногт дотоодын аялал жуулчлал өмнөх оны мөн үетэй харьцуулахад 46 хувиар нэмэгдсэн байна.

“Бээжин-2022” өвлийн олимпын наадмыг зохион байгуулах комиссын мэдээлснээр лхагва гаригт олимпын наадмын арга хэмжээнд оролцохоор хүрэлцэн ирсэн гадаадын тамирчид, зочид төлөөлөгчдөөс ковидын 23 тохиолдол шинээр бүртгэгдсэн байна. Үүнээс найман тохиолдол нь “bubble”-ийн зохион байгуулалтад орсон олимпын хотхонд бүртгэгджээ.

Эх сурвалж: Reuters

  • Шинэ
  • Их уншсан