Ж.Төмөрсүх: Миний хүүгийн зорилго нураагүй, тасраагүй яваа

Ирвэс хамгаалагч Т.Лхагвасүмбэрэлийн аав, байгаль хамгаалагч Хөвсгөлийн Улсын Тусгай Хамгаалалттай Газрын Хамгаалалтын Захиргааны дарга Ж.Төмөрсүхтэй холбогдож, ярилцлаа. 


-Та ажлаасаа хөндийрөөд эргээд томилогдсон гэв үү?

-Үгүй. Би Улаан тайгад /Улаан тайгын улсын хамгаалалтын газрын хамгаалалтын захиргааны дарга/ ажиллаж байгаад Хөвсгөл нуурын /Хөвсгөлийн Улсын Тусгай Хамгаалалттай Газрын Хамгаалалтын Захиргаа/ даргаар давхар томилогдсон юм. Сүүлд Улаан тайгын даргаар өөр нэг залуу томилогдоход хүмүүс Төмөрсүх хаачив гэж сурагласан юм билээ. Намайг уул руу явсан хойгуур “Улаан тайгыг Төмөрсүхээс өөр хүн хамгаалж чадахгүй, тэр хүн хаачив” гээд жаахан сенсаци болсон юм шиг байна лээ. Одоо би Хөвсгөл нуурынхаа ажлыг өгчихлөө. Намайг сайд Улаан тайгад буцаагаад томилсон.

-Танай байгууллага хэр том газар нутгийг хамгаалж байна вэ?

-Манайх Улаан тайгын гурван том газар хариуцдаг. Орос Монголын хилээс нааш нийтдээ 1,6 сая га газар хариуцдаг. Хөвсгөлын хөвч тайгын хамгийн хүнд нөхцөлтэй газар нутгийн эко систем, бүрэн бүтэн байдлыг хамгаалах чиг үүрэг бүхий 43 хүнийг чиглүүлэн ажиллаж байна.

-Зэрлэг амьтдын идэш тэжээл хэр элбэг байна вэ?

-Өвс ургамал ургасан, цас багатай үед зэрлэг амьтдын идэш тэжээл олдоцтой. Тайгад бол гайгүй. Ер нь бол тайга цастай. Хамгийн багадаа 40-50 см зузаан байдаг. Үүнээс хатуудах юм бол идэш тэжээлийн хомсдолд орно.

-Байгаль хамгаалагчид зэрлэг гахайг өлсгөхгүйн тулд хорголжин тэжээлийг уул руу зөөдөг гэж сонссон?

-Намар эрт орсон цас хайлаад цас ч биш, мөс ч биш болдог. Ийм үед газар ухаж, үндэс иддэг зэрлэг гахай идэш тэжээлийн хомсдолд ордог. Ийм үед залуу жижиг торой үхэх эрсдэлтэй. Тиймээс байгаль хамгаалагчид хамтраад, хорголжин тэжээлийг гахайн хэвтэрт дөхүүлж ууланд тавьдаг.

-Амьтны амь аварч, идэш тэжээл өгнө гэдэг их л буянтай ажил шүү. Төсөв мөнгө нь хүрэлцдэг юм уу?

-Тухайн жилийн байгууллагын төсвөөс тодорхой хэмжээний санхүүжилт төлөвлөдөг. Дээр нь нутгийн иргэдийн хандив тусламжаар болгож л байна.

-Таныг хэдэн жилийн өмнө АНУ-д лекц тавьсан гэж сонссон. Ямар сэдвээр лекц тавьж байсан бэ?

-Чи чинь ямар их юм сонсдог хүүхэд вэ. Би 2019 онд Монтанагийн их сургуульд байгаль хамгаалал үр дүн гэсэн сэдвээр лекц, танилцуулга хийсэн. Монголоос хөдөөний хүн очоод лекц тавихаар хөгжилтэй орны хүмүүст сонин байдаг байх. Нөгөө талаас бодитой бөгөөд уул тайгад болдог процесс учраас хүмүүс сонирхдог юм билээ.

-Талийгаач хүү тань ирвэс хамгаалах ажлыг эрчимтэй хийж байсан. Тэр ажил хэрхэн үргэлжилж байна вэ?

-Ирвэс хамгаалах сан гээд баг ажилладаг юм. Тэр баг Тост, Тосон бумбын нуруунд ирвэс болон түүний идэш тэжээлийн талаар судалгаа хийдэг. Талийгаач хүүгээс минь хойш нэлээд асуудал өрнөж байж, Тост, Тосон бумбын нуруу улсын тусгай хамгаалалтад орж, Гурван тэс суманд хамгаалалтын захиргаа байгуулагдсан. Ингэснээр ямар нэгэн уул уурхайн асуудал цэгцэрсэн. Одоо миний хүүгийн зорилго бодол, биелж, усгүй болоод байсан ирвэс, аргаль, янгир тодорхой эзэн хамгаалалттай болсон гэсэн үг. Бид ч бас зүгээр суугаагүй өөрсдийн бие сэтгэлээр талийгаач хүүгийнхээ хүсэл зорилгыг биелүүлж яваа. Тайгаад хоёр гурван газар ирвэс байгааг олж тогтоосон. Энэ бол миний хүүгийн зорилго үргэлжлээд явж байна гэсэн үг дээ.

-Хүүгээ золгүй байдлаар алдсанаас хойших өнгөрсөн жилүүд танд амаргүй байгаа байх даа?   

-Төрүүлсэн эцэг эхээс нь гадна байгаль дэлхийд хайртай, ирвэсэнд хайртай ард түмэнд харамсалтай юм болсон. Ажил үйлсээрээ дамжуулж хүү минь ингэж хийх байсан даа гэж бодоод л явдаг.

-Талийгаачтай холбогдох хавтаст хэрэг юу болсон  бэ?

-Тодорхойгүй байгаа. Хянаж, шалгаж байгаа гэсэн чиг үүрэгтэй байдаг юм шиг байна лээ.

-Өмгөөлөгчгүй болсон гэж сонссон?

-Өмгөөлөгч авна гэвэл хаанаас ч авч болно. Ийм хэргийн өмгөөлөх нөхцөл нь өөр болчихдог юм шиг байна лээ. Хэрэг нь эргэлзээтэй болсон онцгой чухал зүйл дээр өмгөөлөгчийн гаргалаа чухал болохоос амь насаа алдсан эзэн холбогдогчгүй хэрэг дээр өмгөөлөгч ач холбогдолгүй юм билээ.

-Тост Тосон бумбын нурууг улсын хамгаалалтад авснаар тэр хавийн иргэдийн нуруу нь тэнийж байгаа байх даа?

-Тэгэхгүй яах вэ. Уул уурхайн олборлолт хийхгүй гэдэг хууль эрх зүйн баталгаатай болсон. Энэ нь хэн дуртай мөнгөтэй нь тэр газрыг ухаад төнхөөд байж чадахгүй болж байгаа юм. Нэг ёсондоо айдасгүй боллоо. Энэ бол маш чухал.

  • Шинэ
  • Их уншсан