ОУВС Украинд зориулж зээл олгох журмаа өөрчлөхөөр болов

Олон улсын валютын сан (ОУВС) Засгийн газар хоорондын албан ёсны зээлийн төлбөрөө хугацаа хэтрүүлж, төлбөрийн чадваргүйгээ зарласан улс, оронд зээл олгохыг хориглодог журмаа өөрчлөхөөр болжээ. Өнгөрсөн мягмар гаригт ОУВС- гийн захирлуудын зөвлөлөөс зээл олгох журмаа өөрчилснөөр Украин улс Орост төлөх ёстой зээлийн үндсэн төлбөр, хүүнд санаа зоволгүйгээр нэмж зээл авах боломжтой болох юм. Хуралдааны явцад ОХУ энэ шийдвэрийн эсрэг санал өгсөн аж.

Уг шийдвэр нь хэт нэг талыг барьсан, Оросын талын эрх ашигт харш гэдгийг ОХУ-ын Сангийн сайд А.Силуанов мэдэгджээ. Мөн сангийн зөвлөлийг дахин зарлан хуралдуулж, Украины талаас Орост төлөх ёстой гурван тэрбум ам.долларын зээлийг Засгийн газрын албан ёсны зээл хэмээн хүлээн зөвшөөрүүлнэ гэдгийг хэлсэн байна. ОУВС- гийн зөвлөлийн саналыг тус байгууллага дахь квотын дагуу тооцоолдог. АНУ болон тус улсын холбоотнууд сангийн томоохон хөрөнгө оруулагч тул дангаар шийдвэр гаргах эрх мэдэлтэй аж. ОУВС Украинд санхүүгийн тусламж үзүүлэх тухай дөрвөн жилийн хугацаатай хөтөлбөрөө өнгөрсөн гуравдугаар сард баталсан билээ. Хөтөлбөрийн хүрээнд сангаас 17.5, олон улсын санхүүгийн бусад байгууллагаас дөрвөн жилийн хугацаанд 40 тэрбум ам.доллар олгох тухай заалт орсон байна. Төлөвлөгөөний дагуу Украин улс энэ онд 10 тэрбум ам.доллар авахаас 6.7-ыг авчээ. Энэ ондоо багтаж, хоёр удаа 1.7 тэрбум ам.доллар хүлээн авах ёстой.

Эх сурвалж http://www.info.mn

  • Шинэ
  • Их уншсан