Х.Мубарак эрх чөлөөтэй болно

Египетийн Ерөнхийлөгч асан Хосни Мубарак эрх чөлөөтэй болжээ. Урьдчилан хорих байранд өнгөрөөсөн хугацааг нь харгалзан түүнийг суллах шийдвэрийг шүүхээс гаргасан байна. Каир хотын шүүхээс энэ сарын 9-ний өдөр Х.Мубарак болон хоёр хүүд нь 16.7 сая ам.долларын санхүүгийн залилан үйлдсэн гэх үндэслэлээр гурван жил хорих ял оноосон. “Ерөнхийлөгч асан зохих ялаа эдэлсэн. Урьдчилан хорих байранд өнгөрөөсөн хугацааг нь тооцсон” хэмээн Египетийн шорон, засан хүмүүжүүлэх байгууллагын тэргүүн тайлбарласан байна. Үүнээс гадна түүнд тулгасан бусад хэргийг нь хэрэгсэхгүй болгожээ.

Х.Мубаракийн хүүхдүүд шоронд хоригдож байгаа боловч урьдчилсан хорих байранд бараг хоёр жил болсон учир ялыг нь хөнгөлөх магадлалтай гэнэ. Хосни Мубарак нь 1981- 2011 онд Египетийн Ерөнхийлөгчийн албыг хашсан. Египетэд 2011 онд өрнөсөн “Арабын хавар” хэмээх үйл явдлын үеэр түүнийг засгийн эрхээс түлхэн унагасан юм. Шинээр Ерөнхийлөгчөөр сонгогдсон Мухаммед Мурсиг 2013 оны зургадугаар сард мөн хүчээр засгийн эрхээс түлхэн унагасан юм. Үүний дараа түүнийг дэмжигчдийн жагсаал, цуглаан Египет даяар өрнөж, эмх замбараагүй байдал газар авснаас 1000 орчим хүн амь насаа алджээ. Ерөнхийлөгч асан Мухаммед Мурси болон түүний дэмжигчдэд хэд хэдэн зүйл ангиар ял тулгаснаас хамгийн ноцтой нь төрийн нууцад хамаарах мэдээллийг Катарын эрх баригчдад дамжуулсан тухай хэрэг аж.

Эх сурвалж http://www.info.mn

  • Шинэ
  • Их уншсан