Э.Бат-Үүл: Интернэтэд лалар маш их байна

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл журмын нөхөр Баабар, Да.Ганболд нартай хамт UBS телевизийн “Кофе юу, цай юу” нэвтрүүлэгт оролцох үедээ “Интернэтэд лалрууд маш их байна” гэж ярьсан нь сошиал ертөнцийнхний сэдэв болоод байна. Өөрийг нь “Үүлэн үст” хэмээн хочилж, элдэв эвлүүлэг постлоод зогсохгүй хүү Б.Чулуудайтай нь холбоотой таагүй мэдээллүүд твиттер, фэйсбүүкээр нэг цацагддаг учраас Үүл дарга интернэтэд хачин дургүй болчихоод байгаа. Ямартаа л дээрх нэвтрүүлэгт оролцох үеэрээ “Монгол хэлэнд лалар гэдэг үг байдаг юм.
Энэ үг 1970-аад оны үед манай Дөчин мянгатаас гарсан гэж хэлж болно. Бид тэр үед яагаад тийм үг гаргасан бэ гэвэл, нүүрээ нуусан лалын террористууд их гардаг байв. Нүүрээ нуусан хүн шиг хүчтэй, зоригтой хүн байдаггүй байхгүй юу. Нүүрээ нуучихсан учраас хэн ч түүнийг мэдэхгүй. Нүүрээ нууж байгаад хүний толгой тас цавчиж, буудаад байгаа улс, Исламын шашинтнууд, тэр лалруудын гивлүүрийг аваад хаячихаар ёстой нэг хөгийн амьтан байдаг.
Тэр бол амьдралдаа бүтэлгүйтдэгээс болж ертөнцийг зүхсэн нөхөр. Бүр садист, өвчтэй болчихсон, солиорчихсон. Тэгэхээр ийм улс интернэтийн ард зөндөө байгаа. Миний нэг танил нөхөр бий л дээ. Хөөрхий минь, уг нь өөрөө гайгүй боловсрол олж авсан. Гэхдээ энэ ертөнцийг зүхэхээс өөр ажилгүй сууна. Яагаад гэвэл, өөрөө юу ч хийдэггүй. Тэгээд ядуурчихсан, хэцүүдчихсэн. Одоо эхнэр, хүүхэд нь хүртэл хажууд нь байж чаддаггүй. Ингээд л ертөнцийг хараагаад л, ерөөсөө ажил нь интернэтийн ард суугаад солиорлоо цацах. Түүнээсээ бөөн кайф авна. Саяхан та бидний мэддэг, таньдаг нэг хүн нас барлаа. Үгүй одоо тэгээд нэгэнт байхгүй болсон хүнийг харааж зүхэж яах гээд байгаа юм бэ. Өө, тэгсэн чинь нөгөө нөхөр интернэт рүү ороод “Би маш их баярлаж байна. Болдог бол дахиад арав үхүүлмээр байна” гэж солиорох юм. Баабар нэг хэсэг “Интернэтийн ард боловсролтой улс байдаг” (Нийтлэлч Баабар хажуугаас нь “Бичиг үсэгтэй” гэсэн шүү дээ” гэв) гэж байсан. Тэгэхээр гивлүүртэй лалруудтай адил “Интернэтийн лалар” маш их байна.


Бидний оюун ухаан сэргэг, саруул байх ёстой” гэж байх вэ дээ. Үүл даргын “Танил нөхөр” ч гэж хэн юм, бас хаалттай нийгмийн үед Орос, Монголын ганц, ганцхан суваг үздэг байх үед Исламын нүүрээ нуусан террористуудыг зурагтаар гаргадаг байсан нь юу л бол. Бас Үүл дарга тэр үед Исламын ямар террористын гивлүүрийг хуу татсан чинь хэн ч биш нөхөр байж таарсан юм бол. Тэгээд ч монголчууд “Террорист” гэдэг үгийг хэлэх нь байтугай сонсоо ч үгүй байсан цаг шүү дээ. Хотын мэр хэтэрхий задгай, чөлөөтэй яриаг ийнхүү өрнүүлэх гэж байгаад М.Зоригт сайдын хэлдэгчлэн Исламчуудыг юу яачихлаа. Угтаа Э.Бат-Үүл дарга гадаадынханд энэрэнгүй хандаж, бүр уучлал гуйдгаараа улстөрчдөөс ялгардаг. “Босоо хөх Монгол”-ынхон өнгөрсөн онд Бурхан Халдун ууланд нэгэн өвөрмонгол залууг өмнөө сөхрүүлж, бичлэг хийсний төлөө Өвөрмонголын иргэдийн төлөөлөлтэй уулзаж, уучлал гуйж байсан. Харин дараа нь Жастин Капла гэгчийг хоригдоход очиж эргэсэн талаар тухайн үед хэвлэлүүд мэдээлж байв. Гэтэл Үүл дарга энэ удаад нэр, нүүрээ нуун сошиалаар хараал урсгаж, хэт улстөрждөг нөхдөд хэлэх муу үг олдохгүй байсан уу, ямартай ч Исламын террористуудтай адилтгаж орхилоо.

Ц.Бундан

  • Шинэ
  • Их уншсан