АН: Гуравхан сарын настай эв нэгдэл

УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн хэлсэнчлэн Ардчилсан намынхан гуравхан сарын настай эв нэгдлээ тунхаглав. Өнгөрсөн бямба гарагт Их тэнгэрт хуралдаж, нам доторхи асуудлаа ярилцан нанчилдахгүйгээр сонгуульд оролцохоо нэг нэгэндээ “тангараглав”. Гэвч энэ бол УИХ-ын сонгууль угтаж хөшигний өмнө дэглэж эхэлсэн нэн шинэ жүжиг нь. Харин хөшигний ард “Галын наадам” ширүүссэн хэвээр байна. Үгүй гэвэл, үйл явдлуудыг хараач! Цагдаагийнхан Женкогийн туслах бүсгүйг цагдан хорив. Тэгмэгц Г.Уянга тэргүүтэй “Босогчид”-ын төлөөлөгчид “Хөхүүл хүүхэдтэй эхийг сулла” хэмээн Хууль зүйн сайдтай камерын өмнө утсаар ярив. УИХ дахь эмэгтэй гишүүд хууль хяналтынхан руу бичиг илгээж, УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат “Цагдаагийн байгууллагыг шалгах ажлын хэсэг байгуулна” хэмээн айлгахтай зэрэгцэн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж сошиал ертөнц дэх шал танихгүй залуустай Их тэнгэрт болзов. Ингэхдээ “Эхийн цагаан сүүний ард хор, хулгай хоёроо нууж болохгүй. Гадаадад байгаа нөхөр рүүгээ мессеж бич. Намайг “Хууль хяналтынхныг зогсоосонгүй” гэж байна. Би зогсоохгүй ээ. Х.Баттулга надад “Тавантолгойг би авъя” гэж байсан” хэмээн амин найзынхаа эсрэг үг хэлэв. Харин УИХ-ын дарга З.Энхболд Эдийн засгийн форумын үеэр “Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд гурав сууж байгаад “Тэр толгойг түүнд өгье” гэдэг шийдвэр гаргах боломжгүй.
Ерөнхийлөгч маань “Шенхуа”, ММС компаниудад Тавантолгойг өгөхийг хүссэн зарим хүний буруу тайлбарт итгэсэн байна” гэж мэдэгдлээ. Амин найзуудын ашиг сонирхол Тавантолгойгоос болж тав хуваагдаж, тангараг тасарсан нь ийн тодорхой болов. З.Энхболдын мэдэгдлийн араас УИХ-ын гишүүн Г.Уянга Ерөнхийлөгчийн эсрэг бичгийг УИХ-ын даргад өглөө. Энэ бичиг нь Ерөнхийлөгчийн зүгээс Жастин Капла нарт уучлал үзүүлсэн зарлигийг хүчингүй болгож, Үндсэн хуулийн Цэцээр дүгнэлт гаргуулахыг хүссэн утгатай. Г.Уянгын даашинзны хормой ийн дэрвэлзэх зуур МАН-ынхан З.Энхболдыг УИХ-ын даргаас огцруулах бичгээ мань спикерт өөрт нь, бүр намынх нь 26 жилийн ойн үеэр гардуулсан нь өнгөрсөн долоо хоногийн содон үйл явдал. Намынхаа залууд “оймсдуулсан” даргаа генсек нь өмөөрч мэдэгдэл хийв. Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Эрхэмбаяр “МАН-ынхан Тавантолгойгоос болж манай даргыг огцруулах гээд байгаа юм” гэсэн утгатай үг хэлсэн нь улс төр дэх Женко ба MCS бүлэглэлийнхний хооронд болж буй “зодоон” дээр МАН-ынхан хүч нэмэхээр шийдэв үү гэж харагдахаар байна. Хүч нэмэх гэхээсээ илүү ил гарч, энэ “гал”-ыг өрдөлцөх нь эрх баригчдыг ирэх сонгуулиар нэгмөсөн дарах операци ч байж мэдэх юм. Учир нь МАН-д, тэр дундаа тус намын УИХ дахь бүлэгт Л.Энх-Амгалан тэргүүтэй MCS-ийн “Бие төлөөлөгчид” бий. Тэдэнтэй Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ардчилсан нам дахь “Алтангадас” фракцийн Г.Батхүү, С.Баярцогт тэргүүтэй лидерүүд хүч хавсарч, Женко Х.Баттулгын хувьд Х.Тэмүүжин рүү харвадаг сумаа бараг дуусчихаад байна. Тавантолгойн төлөөх хүч тэнцвэргүй тулаан МАНАН-д ийн өрнөж байна. Женко Х.Баттулгын эсрэг нумаа татсан MCS бүлэглэлийнхний өөр нэгэн бай нь З.Энхболд! 
    З.Энхболд Ардчилсан намыг “Фракцигүй нам” болгохоо зарласан. Гэвч эрх баригч хүчин дэх фракциудын хямрал улам гүнзгийрч, бүр МоАН гэдэг жижиг “нам” тус намд байгуулагдлаа. Өөрөөр хэлбэл, Ардчилсан нам МоАХ+”Шонхор” ба МоАН+”Алтангадас” болон хуваагджээ. МоАХ, “Шонхор” фракци бол З.Энхболд, Женко нарынх, харин МоАН-д Лу.Болд, Г.Батхүү, С.Баярцогт, Л.Гантөмөр, Х.Тэмүүжин, М.Батчимэг, Ш.Түвдэндорж нар, дээр нь “Чандмань”, “Соёмбо”, “Нэг ардчилал”, “Мөнхтэнгэр” зэрэг жижиг фракциуд нэгдчихээд байгаа. Энэ бол З.Энхболд, Женко Х.Баттулга нарын хувьд нам төдийгүй төр дэх эрх мэдлээ алдахад тун ойрхон байгааг илтгэнэ. Чухам ийм учраас З.Энхболд намынхнаа Их тэнгэрт яаралтай цуглуулж, УИХ-ын сонгуульд “Эв нэгдэлтэй нам” болон оролцох өнгөлөн далдлалтыг хийж эхэлсэн нь тэр биз. Хамгийн сонирхолтой нь энэ сарын 16-нд Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хороог хуралдуулахаар товлосон. Хэдийгээр УИХ дахь Ардчилсан намын бүлгийн зарим гишүүн “МАН-ынхан маш гэнэн тоглолт хийж байна. З.Энхболдыг бид УИХ-ын даргаас огцруулахгүй. Сонгууль болох гэж байхад намын даргыг өөрчлөх асуудал ч байхгүй” гэсэн тайлбарыг өгч байгаа ч эрх баригч хүчин дэх МоАН фракцийнхан сонгуулиас урьтаж нам доторхи эрх мэдлээ авахыг хүсэхгүй гэж үү. Сонгуульд ялсан ч, ялагдсан ч эрх мэдлийн хуваарилалт дээр хүний, өөрийн намынхантай урьдчилсан яриа хөөрөөг хийх сонирхол бас байхгүй юу. Үгүй. “Эв нэгдэл” гэдэг үгэнд хайрцаглагдчихгүй л бол тэд эсрэг тоглолт хийж л таарна. Энэ чинь Ардчилсан нам шүү дээ! Тэгээд ч Ардчилсан нам дахь МоАН фракцийн гол төлөөлөл болох УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл “МоАН гэдэг нь Монголд байгуулагдаж байсан анхны ардчилсан үзэлтэй намын нэр. Өнөөдрийн Ардчилсан намын эцгийн нэр гэсэн үг” хэмээн цахим мэдэгдэл хийж байсан нь 2015 оны арваннэгдүгээр сар. Эндээс харвал, эрх баригч хүчинд өрнөж буй фракциудын сөргөлдөөн намжихгүй бол сонгуулиас өмнө энэ намаас МоАН гэдэг нам албан ёсоор салан тусгаарлаж ч мэдэх юм. Яг л Н.Энхбаяр МАН-аас гарч МАХН-ыг байгуулдаг шиг. Гэхдээ Ардчилсан намын “шарх” ил, МАН-ын “шарх” далд байдаг. Өнгөн дээрээ өөд өөдөөсөө сум тавьцгаадаг ч Ардчилсан намынхан сонгуульд эв нэгдэлтэйгээр орж байсан нь 2012 онд болсон явдал. Өчигдөрхөн нь Н.Алтанхуягаа намын даргаас унагах хороо найруулж, жороо тохируулж байсан З.Энхболд, Женко Х.Баттулга тэргүүтэй улстөрчид маргааш нь Н.Алтанхуягийн туган дор жагсч УИХ-ын 2012 оны сонгуульд ялж, эрх мэдлийн “Бялуу”-аа эвтэй нь аргагүй хувааж байсан билээ.
Тэгвэл өнөөдөр Н.Алтанхуяг, Женко Х.Баттулга хоёрын хэн хэн нь хуулийн буулганд орчихоод байгаа. Ингэлээ гээд тэд эрх ашгаа нэгтгэж, Ц.Элбэгдоржийн эсрэг хамтран хөдлөхгүй нь өнгөрсөн долоо хоногт Н.Алтанхуягийн хийсэн мэдэгдлээр тодорхой болсон. 12 оны сонгуулийн дараахан Буйр нуурын эрэг дээр хамтдаа амарч байсан Ц.Элбэгдоржийнхоо эсрэг мэдэгдэл хийхдээ Н.Алтанхуяг “Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж болон түүнтэй үгсэн хуйвалдагч төрөөс төрсөн тэрбумтны бүлэглэл энэ мэдэгдлийн араас ашиг хонжоогоо хувааж чадахгүй арсалдаж байгаа амин найзуудтайгаа намайг хамаатуулан авлигатай тэмцэх амаргүй ажилд нь саад учруулж байгаа мэтээр ард түмнээс тусламж хүсч жүжиглэнэ гэдэгт эргэлзэхгүй байна” гэж хэлсэн. Ц.Элбэгдоржийн амин найз бол Женко Х.Баттулга. Харин Н.Алтанхуяг Женкотой “дайсан” хэвээр үлдэхээр шийдсэн бололтой. Тэгвэл Ардчилсан намыг эвтэй байлгах хүч хэнд байна вэ. З.Энхболдод уу, Н.Алтанхуягт уу. Тус нам дахь фракциудын хүчний харьцааг харвал, энэ хүч Н.Алтанхуяг тэргүүтэй “Алтангадас”, МоАН-ынханд байна. З.Энхболд эвгүй хөдөлбөл эрх баригч хүчин ирэх сонгуульд эв нэгдэлтэй оролцох нь байтугай З.Энхболдын нам, Н.Алтанхуягийн нам болон хуваагдаж мэдэх юм. Нам доторхи “гал”-аа яая гэж байхад МАН-ынхан тэнд өөр нэгэн “гал” өрдчихөөд З.Энхболдыг хүлээж байдаг. Бас Ц.Элбэгдорж, С.Баяр хоёр Хөвсгөлд нууц уулзалт хийсэн тухай мэдээ ч бий.    

С.Баттулга          

  • Шинэ
  • Их уншсан