Н.Алтанхуяг туслахуудтайгаа хамт АТГ-т шалгагдаж байна

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг өнгөрсөн долоо хоногийн даваа гарагт “Ерөнхийлөгч “Авлигатай тэмцэх амаргүй ажил” хэмээн байнга жүжиг тоглодог. Төрөөс төрсөн тэрбумтнуудын бүлэглэлийг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж удирдан чиглүүлдэг. Өөртэй нь үгсэн хуйвалдаагүй тул өнгөрсөн хугацаанд маш их гүтгэлэг, доромжлолыг над руу чиглүүлсэн. Өнөөдөр би ийнхүү нэр цохон мэдэгдэл хийснээр өөрийгөө болон гэр бүлээ эрсдэлд оруулж байгаагаа маш сайн мэдэж байна” гэж мэдэгдсэн нь олны анхаарлыг татсан хэвээр байна. Гэхдээ Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой ямар асуудал дээр үгсэн хуйвалдаагүйгээс болж “хэлмэгдэж” яваагаа экс Ерөнхий сайд Н.Алтанхуяг тодорхой хэлсэнгүй.
Мөн ийн мэдэгдсэнээр Н.Алтанхуяг болон гэр бүлийнхэн нь эрсдэлтэй байдалд орж болзошгүй гэдэг нь ч бас ноцтой үг. Түүнийг ийнхүү мэдэгдсэний дараа Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж твиттер хуудастаа “Алтанхуягийн мэдэгдлийг үзэв. Миний тухай ярихаас хэн ч айх учиргүй. Манай улсын давуу тал энэ юм даа. Хуулийн засаглалын төлөө хамтран ажиллая” гэж жиргэсэн бол “Уламжлалт тусгаар тогтнол” холбооноос Н.Алтанхуягийг “Төрийн нууц задруулсан” гэх үндэслэлээр ТЕГ-т шалгуулахаа өнгөрсөн долоо хоногт мэдэгдлээ. Ийн шалгуулах болсон үндэслэлээ тэд “Н.Алтанхуяг 2014 оны зургадугаар сарын 20-нд УИХ-ын нээлттэй чуулган дээр Эдийн засгийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргын өрөөнөөс чагнах төхөөрөмж илрүүлсэн тухай ярьсан нь төрийн нууцыг нийтэд зарлаж, хууль зөрчсөн” гэж тайлбарласан юм. Тэгвэл Н.Алтанхуяг, түүний туслахаар ажиллаж байсан М.Тулга, Э.Төмөрбаатар нарыг АТГ-ынхан “Сонгинохайрхан дүүрэгт сургууль, цэцэрлэг шинээр барьж, засварлахаар төсөвт тусгасан мөнгөнөөс багагүй хэсгийг өөр зүйлд зарцуулсан байж болзошгүй” гэх үндэслэлээр шалгаж байгаа сурагтай. Экс Ерөнхий сайдын туслах асан М.Тулгыг АТГ-ынхан 2014 онд “Нүүрс” хөтөлбөртэй холбоотой хэрэгт сэжиглэн саатуулж байсан юм.

  • Шинэ
  • Их уншсан