Ж.Мөнхбат: Төрд буруу явснаас яруу явсан нь дээр

МАН дахь “Далаад оныхон”-оос ардаа бизнесгүй, улс төрийн их ай савд бор зүрхээрээ зүтгэсээр өдий зэрэгт хүрсэн хүмүүсийн нэг бол Ж.Мөнхбат. УИХ-ын 2012 оны сонгуулийн дараахан тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга болсон тэрбээр “Гудамжны цэвэрлэгч танаас Гуйх зүйл ганц байна Дүүрэг, хорооллын гудмыг толийтол цэвэрлэдэг шүүрээр чинь Дүүрэн хогтой төрийн тархийг нэг шүүрдмээр байна” хэмээн шүлэглэж явсан удаатай. Тэрбээр МН25 дугаар суваг телевизийн “Ам нээвэл” нэвтрүүлэгт саяхан оролцохдоо “Хүмүүс намайг “Яруу найрагч” гэдэг болохоос биш би улс төр судлаач мэргэжилтэй. Яруу найраг бол надад бурхнаас заяасан бэлэг юм даа” гэж хэлэв. Мөн “Надад нэг бодол байдаг юм. Төрд уруу явснаас яруу явсан нь дээр” хэмээн онцолсон МАН-ын залуу генсек кино урлагт “Ж.Мөнхбатын бүтээл” гэж мөнхрөх хэд хэдэн бүтээл туурвисны нэг нь Ардын хувьсгалын анхны долоогийн тухай “Долоон бурхан харвадаггүй” уран сайхны тухай кино юм. Харин нам, төрийн нэрт зүтгэлтэн Ж.Батмөнхийн амьдралаас сэдэвлэсэн “Сүүлчийн удирдагч” хэмээх уран сайхны киноныхоо нээлтийг энэ сарын 15-нд хийхээ МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат твиттер хуудсаараа мэдэгдсэн.
    Тэгвэл тун удахгүй эхлэх улс төрийн их тулаанд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын хувиар намаа зангидан оролцох тэрбээр Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг “Маш том бүлэглэлийн толгойлогч”-оор зарласан АН-ын экс дарга, Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийн мэдэгдлийн талаар “МАН-ын олон гишүүнийг 2009 оноос хойш барьж хорьж байсан. Тэр ч байтугай намын маань нэгэн гишүүн эмнэлгийн тусламж ч авч чадалгүй хорих ангид амь насаа алдаж байлаа. Тэгэхэд энэ хүн “Авлигатай тэмцэж байна” гэдэг байв. Гэтэл одоо төмөр зам, “Нүүрс” хөтөлбөр, Г.Дэнзэнгийн хэрэг, утаа гэхмэтчилэн мөнгө төгрөгтэй холбоотой янз бүрийн асуудал босч ирэхээр “Хэлмэгдүүллээ” гэж ярих юм. Ер нь “Шударга байя” гэдэг зарчим алинд нь нийцэж байна вэ. Ардын намынхныг барьж хорихоор авлигатай тэмцдэг шударга, Ардчилсан намынхныг шалгаад асуудлыг нь ярих гэхээр “Ардчиллыг хэлмэгдүүллээ” гэхээ болих хэрэгтэй. Үнэхээр авлигатай тэмцэж байгаа л юм бол Х.Баттулга, өөр хэн байдаг юм шалгуулах хэрэгтэй” гэжээ.       

Р.Даваа

  • Шинэ
  • Их уншсан