Панамын дуулиан: Дэвид Камерон, Си Зиньпин, В.Путин

Дэвид Камерон татварын мэдээллээ ил болголоо

Дэлхий нөлөө бүхий удирдагчдын оффшор дансны тухай мэдээлэл олон нийтэд цацагдсан нь өнгөрсөн долоо хоногийн жинхэнэ дуулиан байлаа. Панамад төвтэй “Моссак Понсека” хуулийн фирмийн сүүлийн 40 жилд хамаарах 11 сая гаруй татвараас зайлсхийсэн болон мөнгө угаасан гэх мэдээллүүд дэлхийн 50 улсын 140 гаруй удирдагчид шууд ба шууд бусаар холбогджээ. Эрх мэдэлтнүүдтэй холбогдох Панамын мэдээллүүдийг олон улсын топ хэвлэлүүд цацсаны дараа зарим оронд эсэргүүцлийн жагсаал болж, Ерөнхий сайдаа хүртэл огцрууллаа. Өнгөрсөн долоо хоногт оффшор дансны дуулианы эхний хохирогч нь эхнэрийнхээ нэрээр их хэмжээний мөнгийг татваргүй бүсэд байршуулсан гэх Исландын Ерөнхий сайд Сигмундур Ганнлагсон болж албан тушаалаасаа огцорлоо.
Түүний дараа Австрийн банкны захирал, дэлхийн хөл бөмбөгийн холбооны шүүгч, “Моссак Понсека” хуулийн фирмийн захирал тус тус огцорч буйгаа мэдэгдэв. Харин одоо Их Британийн Ерөнхий сайд Дэвид Камероныг огцруулах компанит ажил ид өрнөж байна.  Их Британийн иргэд Ерөнхий сайдаа олон улсын хэмжээний дуулиан шуугианд холбогдсонд тун  сэтгэл дундуур байгаа аж. Энэ дуулианыг дарахын тулд Ерөнхий сайд Дэвид Камерон хувийн татварын мэдээллээ ард түмэндээ нээлттэйгээр тайлагнасан байна. Үүнд, 2014-2015 оны санхүүгийн жилд Ерөнхий сайд Дэвид Камерон 200.307 еврогийн ашиг орлоготой байж, үүний 75,898 евро буюу 107,198 ам.долларын татвар төлсөн байна. Түүний ашиг орлогыг задалж үзбэл 140.522 еврог Ерөнхий сайдын цалин, 9,834 татвараас, 46,899 еврог түрээсийн ашиг, 3,052 еврог өөрийн сонирхол болон хувийн хадгаламжаараа бүрдүүлдэг гэжээ.
Ерөнхий сайд Дэвид Камероны аавтай холбоотой оффшор дансны баримт Панамын мэдээллээр ил тод болсон юм. Тэрбээр энэ тухай хэлэхдээ “Хүмүүс аавын минь тухай таагүй зүйл ярьж байгаад би бухимдаж байна. Тэр бол гайхалтай эцэг байсан. Би түүнийг өдөр бүр санадаг. Тиймээс түүний хийсэн бүх зүйлээр би бахархдаг” хэмээжээ.

 Панамын баримтууд авлигатай тэмцэгч Си Зиньпиний нэр хүндэд сэв суулгав

Панамын  дуулианд манай урд болон хойд хөршийн төрийн тэргүүн нар шууд бусаар нэр холбогдоод байгаа. БНХАУ-ын эрх баригч коммунист намын удирдах албан тушаалын найман гишүүн оффшор бүсэд компанитай гэсэн мэдээлэл цацагдаж байгаа юм. Үүнээс  хамгийн анхаарал татаж байгаа нь БНХАУ-ын дарга Си Зиньпиний  эгчтэй гэрлэсэн хүргэн ах Дэн Жиахуй болон Хятадын алдарт жүжигчин Жеки Чан энэ дуулианд  нэр холбогдсон явдал юм.
Түүнчлэн Хятадын нэр бүхий албан тушаалтнуудын ойрын хамаатан саднаас ч оффшор бүсийн дуулианаас хоцорсонгүй. Тодруулбал, Хятадын Ерөнхий сайд асан Вэн Жябаогийн хүү, түүний хүргэн,  Ерөнхийлөгч Ху Жинтаогийн үеэл, Хятадын төв банкны захирал асаны хүргэн гэхмэтчилэн нөлөөтэй хүмүүсийн нэрс зурайж байгаа юм. Хятадын төрийн тэргүүний хүргэн ах Дэн Жиахуй  “Supreme Victory Enterprises”,“Best Effect Enterprises”, “Wealth Ming International” гэсэн гурван оффшор компанийг эзэмшдэг ажээ. Түүний “Supreme Victory Enterprises” компани нь 2007 онд үйл ажиллагаагаа зогсоосон бол үлдсэн хоёр компани нь Си Зиньпин 2012 онд Хятадын коммунист намын дарга болсноос хойш нам жим, унтаа байдалтай байж.
“Блүүмберг” телевизийн 2012 онд мэдээлснээр Дэн Жиахуй болон эхнэр нийт 372 сая ам.долларын үнэлгээ бүхий “Yuanwei Investment” компанийг эзэмшдэг. Тэдний охин нь Хонг Конг болон Бээжинд олон сая долларын өртөгтэй тансаг зэрэглэлийн сууц эзэмшдэг ажээ. Өмнө нь Дэн Жиахуй Хятадын Юнан мужид тамхины бизнес эрхэлдэг байсан хэмээн зарим хэвлэлүүд мэдээлж байгаа юм. Түүнчлэн 1987-1998 онд Хятадын Ерөнхий сайдаар ажиллаж байсан Ли Пэний охин Ли Сяолиний компани Панамын баримтаар ил боллоо. Тэрбээр  “Cofic Investments” болон Их Британийн Виржина арал дахь компаниудаа 1994 онд нэгтгэжээ. Ли Сяолиний хуулийн зөвлөх дээрх компанийн хөрөнгийг Европ Хятадын хооронд үйлдвэрийн тоног, төхөөрөмжийг нийлүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор ашигладаг гэж мэдүүлсэн байна. Гэвч Панамын мэдээлэлд дурдсанаар олон жилийн турш нэр усаа нуусан учир битүүлэг байдлаар мөнгө угааж байсан байх магадлалтай хэмээн бичсэн байгаа юм.
Ерөнхий сайд Ли Пэний охин Ли Сяолинийг  “Форбес” сэтгүүл дэлхийн хүчирхэг 50 бизнесмэн эмэгтэйн нэгээр тодруулж байлаа. Хятадын эрх баригчдын зүгээс энэхүү мэдээлэлд үнэн бодитой эсэх талаар ямар нэгэн тайлбар хийгээгүй байгаа. Урд хөршийн удирдлагууд Панамын баримттай холбоотойгоор олон нийтэд ямар нэгэн мэдээлэл хүргэхийг хориглож, агуулгыг нь цензурдаж байгаа аж. Хятадын дотоодын томоохон мэдээллийн сайтаар Панама гэдэг үгээр хайлт хийхэд огт мэдээлэл олдохгүй байгаа аж.  БНХАУ-ын дарга Си Зиньпин олон улсад оргон зугтсан авлига, хээл хахуулийн хэрэгт холбогдсон Хятадын иргэдэд хуулийн хариуцлага хүлээлгэсэн нь түүний нэр хүндийг чамгүй өсгөсөн.
Гэтэл Хятадын коммунист намын нэр бүхий гишүүд болон Си Зиньпин хүргэн ах нь хүртэл татвараас зайлсхийж оффшор бүсэд хөрөнгөө хадгалж, арвижуулж байсныг дэлгэлээ. Энэ БНХАУ-ын даргын авлигатай тууштай тэмцэгч гэдэг нэр хүндэд сэв суулгах нь тодорхой боллоо.

Оффшор дансны дуулиан В.Путиныг унагаах тактик уу

Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консерциум ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путиныг шууд бусаар оффшор данстай холбож буй. Учир нь В.Путины дотны найз, түүний том охины загалмайлсан эцэг Сергей Ролдугиний хоёр тэрбум ам.долларын оффшор данс Панамад төвтэй “Моссак Понсека” хуулийн фирмийн мэдээлэлд байсан юм.
Түүнийг В.Путины ойрын хүрээний оффшор компанийн хамгийн том толгойлогч хэмээн барууны хэвлэлүүд цохон тэмдэглэж байгаа юм. Энэ мэдээлэл цацагдсаны дараа Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков мэдээлэл хийхдээ “ Панамын баримтууд дотор Ерөнхийлөгч В.Путинтай холбоотой анхаарал татахаар эсвэл шинэ ямар ч баримт алга. Тодорхой зүйл тэнд огт алга. Оффшор данстай холбоотой мэдээллүүд хардлага, таамаглал дээр үндэслэсэн учраас Кремлийн удирдлагууд хуулийн арга хэмжээ авахгүй”  гэсэн байна.
Харин Санкт-Петербургийн Хөгжмийн ордны уран сайханы удирдаач Сергей Ролдугин оффшор дансны тухай мэдээллийг үгүйсгэсэн бөгөөд албан ёсны хариулт өгөөгүй юм байна. ОХУ-ын зарим цахим хуудаст Панамын баримтыг дэлгэсэн олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консерциумыг АНУ-аас ямар нэгэн хэлбэрээр санхүүждэг байх магадлалтай гэсэн агуулгатай мэдээлэл гарчээ. Тэгвэл “Wikileaks” жиргээ хуудсаар Панамын баримтууд ОХУ-ыг чиглэсэн захиалгатай бөгөөд үүнийг нь OCCRP (Organized Crime and Corruption Reporting Project) төсөл гүйцэтгэж, тэрбумтан Жорж Сорос болон USAID байгууллага санхүүжүүлж байна гэж мэдэгджээ.
Өөрөөр хэлбэл оффшор данстай холбоотой Панамын 2.6 ТВ их хэмжээний мэдээлэлд Америкчуудтай холбоотой баримт өдрийн од шиг цөөхөн байгаа нь олон нийтийг үл итгэх, эргэлзэхэд хүргээд байгаа юм. ОХУ-ын хэвлэлүүд барууныхан Ерөнхийлөгч В.Путиныг унагахаар найзынх нь оффшор дансаар барьцаалсан ч амжилт олсонгүй хэмээн мэдээлж байгаа аж. Юутай ч оффшор дансны дуулиан В.Путиныг унагаах тактик байсан уу, эсвэл түүнийг  нуун дарагдуулсан хөрөнгийг ил гаргахаар оролдсон эхлэл байв уу гэдэг нь одоогоор тодорхойгүй байна.

Ц.Оюунтунгалаг


  • Шинэ
  • Их уншсан