Н.Зориг: Ард түмнийхээ хайрыг татсан алиалагч Батсүх буюу Баачкагаа дэндүү их санах юм даа

 


Монгол Улсын гавьяат жүжигчин, алиалагч Дамбын Батсүхийн тухай жүжигчин Н.Зоригтой ярилцлаа.


-Удахгүй инээдмийн баярын өдөр ч тохиох нь. Энэ өдөр зайлшгүй сэтгэлд дүр төрх нь буудаг хүний нэг алиалагч Батсүх. Та хоёр дотно нөхөд байсан гэдэг?

-Баачка бид хоёрын нөхөрлөсөн түүх 1979 оноос эхтэй л дээ. Би хойно оюутан байсан үе. Зуны амралтаараа ирчихээд найзуудтайгаа Тэрэлжийн амралтад очлоо. Амрагчид тасаг тасгаараа хуваагдаж урлагийн номер үзүүлэх юм болов. Тэгтэл манай тасагт Батсүх нэгдэж таардаг юм. Мань хүн од болчихсон байсан. Танихгүй хүн ч гэж байхгүй. Баачка хошин гарааны зохиол бичиж түүнийгээ бид хоёр хүмүүст сонирхуулна. Миний хошин авьяас гэж юу байхав, харин манай хүнийг хоёр үг хэлэхэд л хүмүүс инээлдээд сэтгэлийн цэнгэл эдэлж байгаа юм. Сүүлдээ бид хоёрыг чинь тасгууд тусгайлж уриад, ганзагалааныхаа юм хумыг гаргаж дайлж цайлдаг боллоо. Бид хоёр маазарч өгөх нь мэдэээж. Ингэж танилцсан түүхтэй. Тухайн үед манайх циркийн хажууд байлаа. Батсүх үдийн цайгаараа ороод ирнэ. Аав(Төрийн шагналт Долгорын Нямаа)-тай мөн дотно танилцсан. Тэр хоёр нэг нутаг гээд сүрхий. Манай аав чинь Дундговийн Өлзийтийнх. Батсүх болохоор Дундговийн Дэлгэрхангай, Дашдооров гуайн нутаг. Манайх циркийн тэндээс нүүгээд дараа нь 1 дүгээр хороололд очиход Батсүхийнх тэнд байсан. Тэгээд мөн л гэр орноороо орж гарна. Аав тэр хоёрын ганзага бүр нийлж эхэлсэн. Урлаг соёлын ямар л уулзалт болно очно. Мөн нутгийн зөвлөлийн ямар л ёслол болно Дашдооров гуай, аав тэр гурав хамгийн түрүүнд очно. Манайд ирнэ гэснээс нэг удаа бид бужигналдан инээд наргиан, хөл хөсөөн болж суутал зурагтаар Оросын инээдмийн жүжигчин Ефим Шифрин гарч байсан. Баачка намайг дуудлаа, Зоригоо найз нь энэ Шифринтэй чинь нэг анги явлаа шүү дээ гэж нүдээрээ ирмээд л, инээд алдаад хээв нэг хэлж билээ.

-Москвагийн циркийн сургуулийг төгссөн мэргэжлийн жүжигчин. Олон улсын циркийн нэрийн хуудас болсон жүжигчидтэй нэгэн тайзнаа тоглож явсан хүн. Тэр тухайд нь та юу хэлэх вэ?

-Дэлхийд алдартай Москвагийн циркийн сургуулийг алиалагчаар төгссөн ганц хүн нь бараг манай Баачка байх шүү. Өөр хүн төгссөн тухай би лав сонсоогүй юм байна. Алиалагчаас гадна жонглёр, манипуляци гэх зэрэг жижиг илбэ үзүүлнэ. Тэгснээ Ягаанцэцэг гавьяаттай агаарын полет, тэмээн дээрх акробат, шидэгч банз гээд циркийн сор болсон үзүүлбэрүүдийг үзүүлнэ. Энэ бүхнээ алиалагчийн ангид сурч байхдаа сурсан гэж өөрөө ярьж байсан. Тэгэхээр тус сургуульд дан ганц алиалагчаар биш, циркийн бүх л сонгодог үзүүлбэрүүдийг сурч эзэмшсэн байгаа юм. Зөвлөлтийн ардын жүжигчин Олег Поповтой найрамдлын циркийн хүрээнд олон орноор хамт явж циркийн үзүүлбэрийг хүн төрөлхтөнд үзүүлсэн байдаг. Олег Попов гэдэг бол үнэндээ домог шүү дээ. Гэвч тэр алдартай хүн манай Батсүхтэй Москва, Улаанбаатарт тоглоод мөн барууны орнуудад хамт тоглоод, дээрээс нь Якут зэрэг Зөвлөлтийн орнуудад уригдаж тоглосныхоо дараа “Монголын алиалагч Дамбын Батсүх бол 100 жилд ганц төрөх ховор авьяастан” хэмээн тодорхойлж хэлсэн байдаг юм билээ. Поповоос ийм, ийм өндөр үнэлгээ авна гэдэг лут л даа. Мөн тухайн үед циркийн шилдгүүд, циркийн урлагийн судлаач мэргэжилтнүүд “Олег Поповтой тоглож байгаа энэ жижигхэн залуу гайхалтай авьяаслаг, жинхэнэ байгалиас заяасан бие бялдартай, алиалахын одонд төрсөн хүн байна” гэж магтаж байсан гэдэг. Энэ бүхнийг нь бодоод найзаараа үнэхээр бахархдаг юм. Харин манай хүн тоглолтоор явж ирэхдээ надад заавал бэлэгтэй ирнэ. Нэг удаа баруунд тоглоод ирэхдээ Унгараас матартай цамц гэж тэр үеийн ёстой моод болж байсан цамцыг авчирч надад дурсгасан. Миний баярласан гэж жигтэйхэн. Матрын зурагтай цамцаа жинстэй хослуулаад өмсчихвөл тэгээд л тасарчихаж байгаа юм чинь. Би бас хойноос ирэхдээ найздаа гар хоосон ирж байгаагүй. Зангиа занаагаас аваад хэрдээ бэлэг өгч явлаа.


-Та бол кино жүжигчин. Харин та хоёрын хамт тоглосон кино байдаггүй байх. Батсүх гавьяатын тоглосон киноны дүрийнх нь тухай...?

-Манай хүн цөөхөн кинонд тоглосон. Ард түмний сэтгэлд байдаг нь “Мөнгөн буйл”-ын дүр. Би “Мөнгөн буйл”-ыг үзэх дуртай. Баачкагаа харна, мөн Долио(жүжигчин Дорлигжав)-гоо харж байгаа юм. Намайг Кино үйлдвэрт орчуулгын кинонд байхад Баачка “Мөнгөн буйл”-д тоглож байсан. Тангадын Галсан гуайн зохиол, ерөнхий найруулагч Равжаагийн Доржпалам гуай. Батсүх, Доржсамбуу, Дорлигжав гурав тоглохоор чинь тэр кино олны сэтгэлд буулгүй яах билээ. Тэр гурвын дүрийг ард түмэн надаар хэлүүлэлтгүй мэднэ. “Мөнгөн буйл”-д тоглоод “16 кг” гэсэн нэр авч байсныг нь санах юм. Тэртээ далаад онд байх аа, Долгор гэдэг ногоочны байцаа 16 кг жин дарж Монгол даяар алдаршсан юм гэдэг. Харин Баачкаг маань хөнгөн жинтэй гэж явуулснаас “16 кг” гэсэн онигоо маягийн яриа гарсан юмдаг.

Сүүлд Батзаяагийн найруулсан “Бэрсүүт жүрж” кинонд Жанчивдорж, Дашхүү, Туяа, Чаминчулуун, Батсүх гээд Монголын инээдмийн жинхэнэ мастерууд тоглосон. “Монголын гурван өдөр” гэж бас нэг инээдмийн кино байдаг. Батзаяа, Сосорбарам, Туяа, Чаминчулуун тэр хэд нийлж Монголын хошин урлагийн академийг байгуулсан. Батзаяа, Сосорбарам тэр гурвын “Учиргүй гурван толгой” ч билүү, ерээд оны эхээр үзэгчдийг жинхэнэ байлдан дагуулж байсан олон номер бий дээ. “Ээ тээглэсэн шаар аа” гээд л нэг хэсэг Баачкагийн үг олны дунд ихэд алдаршиж байлаа.

-Ер нь ярих нь инээдэм биз дээ. Хувь хүнийхээ хувьд цагаан цайлган, гэнэн томоогүй нэгэн байсан гэдэг?

-Ерөөсөө ярьж байгаа нь инээдэм. Байж байгаа дүр төрх нь инээдэм. Ёстой л Монголын ард түмэнд инээд бэлэглэх гэж төрсөн бурхны хүү гэж найзыгаа боддог. Нэг удаа тоглолтыг нь очиж үзлээ. Нөгөө хонины толгой ганцаараа иддэг номер байдаг даа, түүнийг нь үзлээ. Нэг нүд идвэл сохор болно гээд хоёр нүдийг нь идчихдэг, өрөөсөн чих идвэл дүлий болно гээд хоёр чихийг нь идчихдэг, мөн хэл идвэл хэлгүй болно гээд хэлийг нь ганцаараа идчихдэг. Хүүхдүүддээ нэг хэрчим мах өгөлгүй бүгдийг нь ганцаараа цохичихдог. Тоглолтын дараа би асуулаа. “Чи чинь ёстой аймаар идэх юм аа, ганцаараа идчихлээ” гэхэд, хөөе хөөе тэр чинь ийм юм гээд бүтээлэгтэй ширээний ард өвдгөн дээр нь цар байсан, түүнд идэж байгаа дүр үзүүлээд л хийгээд байснаа хэлж билээ. Түүнээс тэрхэн хооронд хонины бүтэн толгой ганцаараа мөлжчихөж найз нь яаж дөнгөхөв дээ” гээд инээж билээ.

Хөдөө гадаа хамт явахад замд инээдмийн юм тувт ярина. Зугаатай гэж сайхан. Тэр жил манай Хүүхэд залуучуудын театраас Жанчивдорж, Дашхүү бид хэд, драмын театраас Дорлигжав, циркээс Батсүх, Ардын дуу бүжгийн чуулгаас Адараа ах гээд бид урлагийн бригад болж Төв аймгийн сумдаар явж байлаа. Адараагийн дууг сонсох гэж, Батсүхийн алиалахыг, мөн циркийн үзүүлбэрийг нь үзэх гэж ард түмэн биднийг бүчиж байлаа. Найз минь аргагүй л ард түмхний хайр хүндэтгэлийг хүртсэн, олонтой хүн байсан. Өнөөдөр би найз нь гээд найзыгаа дурсаж сууна. Гэвч яг дотны нөхөд нь хэн байсан бэ гээд бодоход хичнээн зуун хүний нэр ус гарна. Тийм л олонтой хүн байсан. Жүжигчдээс гэхэд Чойн Хүрэл ах, манай Сүххуяг гээд бүгд л дотно нөхөд байлаа. Манай хүн чинь өр нимгэн, цагаан цайлган. Хүнд тусархуу гэж жигтэйхэн.

Ард түмний хайртай жүжигчин-Тийм үү, танд тусалж байсан жишээ олон бий дээ?

-Байлгүй яахав. Би хойно сурч байхдаа амралт дуусаад буцах боллоо. Тэр үеийн оюутнууд Монголоос тарваганы арьс, нарийн хилэн авч явж хойно зардаг байсан. Дэлгүүрүүдэд нарийн хилэн овоолгоотой байж байснаа оюутнууд буцах үед олдохоо байдаг юм. Би Баачкадаа “Хөгшин нь сургуульдаа хоосон явах боллоо шүү, ёстой баларч байна аа” гэж санаандгүй хэлтэл “Өө хөгшин нь олоод өгье. Хоёулаа орос дэлгүүрүүдээр явъя” гэх нь тэр. “Чамд орос дэлгүүрийн пропуск байдаг юм уу” гэхэд, үгүй ээ, найзыг нь ямар ч орос дэлгүүр зүгээр оруулна гэж билээ. Үнэндээ ч орос дэлгүүрийн хаалгач авгай нар Батсүхийг шууд уриад оруулж байгаа юм. Ингэж сансрын микро, улаан хуаран, төмөр замын орос дэлгүүрүүдээс хилэн олж аваад би гэдэг хүн сургуульдаа толгой гэдгэр явж билээ. Монголын циркийн алтан манежнаа хорь гаруй жил алиалж олон түмний хайр хүндэтгэлийн эзэн нь явсан найзыгаа их л санах юм даа. Сүүлд би 2 дугаар эмнэлгийн тэнд уламжлалтын эмнэлэгт ээж хэвтчихээд эргэж очлоо. Тэгтэл ээж “Найз чинь хэвтэж байна лээ, чи оч” гээд ээжийг эргэх биш муу найзыгаа буузтай, сүүтэй цайтай эргэсэн юм. Гэхдээ нас барахаас нь арай өмнө. Элэгний айхтар өвчнөөр явсан шүү дээ. Явна гэдгээ ерөнхийдөө мэдэж байсан ч гуньж гутраагүй, аюулт өвчний өмнө өвдөг сөхрөөгүй байж байгаад буцсан. Уран бүтээлчийн сэтгэлийн тэнхээг харуулсан. Гашуун нясуун юм амсахаа больсныхоо дараа намайг хоёр ч удаа ресторанд оруулж дайлж байсан. Хэзээд ч нөхрөө гэсэн тийм халуун сэтгэлтэй эрхэм хүмүүн байлаа, миний найз. Адтай авьяасыг нь ард түмэн мэдэх учир би юу хэлэх билээ.

  • Шинэ
  • Их уншсан