Л.Эрдэнэчимэг гишүүн Сонгуулийн хууль зөрчив үү

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ “Сонгинохайрхан уулын хишиг барилдаан" МҮБХолбоо, Монос эмийн үйлдвэр хамтран зохион байгуулж байна” хэмээн жиргэсэн.  Үүний хариуд хуульч Б.Энхбаяр “Сонгинохайрхан дүүргийн барилдааныг “Монос” ивээн тэтгэсэн бол Л.Эрдэнэчимэг гишүүн Сонгуулийн хууль зөрчсөн болох нь байна шүү дээ” хэмээсэн юм. Тэгвэл УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг “Сонгинохайрхан уулын хишиг барилдаан Монос 10 жил дараалан энэ л өдөр хийдэг шүү дээ” гэх хариулт өгөөд байна.
Харин түүний энэ хариултад хуульч Б.Энхбаяр “Уламжлалт тэмцээнд Сонгуулийн хууль хамаарахгүй гэсэн заалт хуульд байхгүй л дээ. Ивээн тэтгэхийг хориглочихсон шүү дээ гишүүн ээ” гэсэн бол Л.Эрдэнэчимэг гишүүн “За тэгээд өөрөө шалгуулаад яв даа” гэх хариулт өгнө лээ. Үүний эргэн тойронд жиргээнд нэлээд шүүмж гарсан бөгөөд Ц.Бат инженер “Та сонгуулийн сурталчилгааг Монос ядаж 1 төгрөгөөр ивээн тэтгэвэл та сонгуульд дэвших эрхгүй болно. Учир нь нэг эх үүсвэр” гэсэн бол шилэн Цогоо гэгдэх болсон Б.Цогтгэрэл “Хууль зөрчиж сонгогдвол гишүүн болсон ч эгүүлэн татдаг хуультай болчихсон. Тэгхээр шүүхэд өгнө дөө” хэмээгээд амжина лээ. Ямартай ч Л.Эрдэнэчимэг гишүүн Сонгуулийн хууль зөрчсөн эсэхийг хуулийн байгууллага анхааралдаа авахад илүүдэхгүй биз ээ.

Б.Мөнхжин

  • Шинэ
  • Их уншсан