Залуургүй завин дээр амь тэмцэж яваа хоёр

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж нэгэнтээ “АН эрх бариагүй үед нам нь зовлон, эрх барьсан үедээ төрийн зовлон болж байна” хэмээсэн нь бий. Тэгвэл сүүлийн үеийн улс төрийн байдлаас ажиглахад АН-ын фракцын зовлон “дайн” болж мэдэхээр байна. Учир нь энэ зовлон өнөөдөр “амин найзууд”-ыг хүртэл хагаралдуулаад байгаа юм. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нэгэн ярилцлагадаа “Х.Баттулга миний амин найз” гэж ирээд л жигтэйхэн сүжрээгүй юу. Гэтэл саяхан тэрбээр “Х.Баттулгатай би зөндөө ярилцаж байсан. Надад Тавантолгойг би авъя гэсэн. Энд тодорхой шалгуур тавьж байгаа. Тэр шалгуурыг нь Монголын хүссэн компани болгон хангаж чаддаггүй. Уул уурхайн салбрат трушлагатай байх, хийсэн бүтээсэн ажилтай байх гээд олон шалгууртай  Гаднаас орж хөрөнгө оруулагчид нь өөрсдөө хамтарч ажиллах компаниа сонгодог. Хөрөнгө оруулагчид нь тэднийг сонгохгүй байна” хэмээн ам алдаад авсан юм.
Ингэснээр Ц.Элбэгдорж, “Женко”Х.Баттулга хоёрын нөхөрлөл үндсэндээ дуусч байгаа бололтой. Ерөнхийлөгчийг ийн ярьж байх зуур “Женко” зүгээр суугаагүй бөгөөд Ц.Элбэгдоржийг Мүүнтэй холбож орхисон. Өдгөө “Женко” Х.Баттулга “Алтангадас”-ын тэргүүн Н.Алтанхуягтай ханьсаад авч. Үүнийгээ ч нотолж, Н.Алтанхуяг “Ц.Элбэгдорж бол шударга бус бүлэглэлийн толгойлогч” хэмээн мэдэгдээд авсан билээ. Ийнхүү “Женко” Х.Баттулга, Н.Алтанхуяг хүссэн хүсээгүй нэг завин дээр суусан нь энэ. Зовлон нэгтэй хүмүүс нөхөрлөх тал бий. Тэгвэл энэ хоёрын нөхөрлөлийн тухайд, хоёулангийнх нь ойр тойрны хүмүүс хэрэгт холбогдон шалгагдах болсон юм.
Тодруулбал, Зам тээврийн яамны экс удирдлагуудыг Эрүүгийн цагдаагийн газраас саатуулан шалгаж эхэлсэн. Тус яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Батзаяаг бусдын хамт цагдан хорьсон бол түүний араас Ч.Ганбат, Ж.Бат-Эрдэнэ нарыг баривчлах сургаар тэд хилийн дээс даван зугтсан. Харин өнгөрсөн сард Х.Баттулгын туслах, нарийн бичгийн дарга зэрэг бичиг цаасны ажил хариуцаж байсан доод албан тушаалын хүмүүсийг баривчилсан. Ингэснээр ой гарантай хүүхэдтэй хөхүүл эмэгтэйг хорилоо гээд нэг хэсэгтээ бөөн юм болоогүй юу. Улмаар энэ баривчилгаа дуусаагүй бөгөөд Зам тээврийн сайд асан Л.Гансүхийг ч шалгах магадлалтай талаар эх сурвалжууд өгүүлж байгаа юм. Үндсэндээ “Женко”-д хүрэхэд ойртсоор байгаа гэсэн үг.
Тэгвэл Н.Алтанхуягийн тухайд, түүнийг Ерөнхий сайд байхад нь ахлах зөвлөх Л.Гансүхийг нь “Нүүрс” хөтөлбөртэй холбоотой асуудлаар шүүхээс ял сонссон. Түүнчлэн “Цэвэр агаар” сангийн хэрэгт охиныг нь хамаатуулж, хүргэн Г.Дэнзэн нь тэрбум тэрбумын тендерийн асуудалд нэр холбогдоод байгаа билээ. Хамгийн сүүлд Н.Алтанхуягийг Ерөнхий сайд байх үед Барилга хот байгуулалтын Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан нь Р.Эрдэнэбүрэнг АТГ-аас саатуулсан юм. Түүнийг "Үнэ тогтворжуулах хөтөлбөр"-тэй холбоотойгоор авлига авсан байх магадлалтай хэмээн шалгаж байгаа аж: Хэрэв Тэгэхээр Р.Эрдэнэбүрэн огт но-гүй нэгэн биш бол танхимд нь байсан нөхөр хэрэгт холбогдсон нь танхимыг тэргүүлж байсан Н.Алтанхуягт балаг тарих магадлалтай. Үндсэндээ утасны үзүүр Н.Алтанхуягт ч мөн дөхөж очсон байх талтай.
Тиймдээ  ч мань эр яаран сандран мэдэгдэл хийж “…Энэ бүхнийг удирдан зохион байгуулж буй хүмүүсийн нэгийг өнөөдөр энд нэр цохон хэлэхээс өөр арга алга. Хэдийгээр хүн бүхэн мэдэж байгаа ч хэн ч тэр хүнийг зориглон нэрлэж чаддаггүй. Яагаад гэвэл тэр хүмүүс өнөөх шударга бусын хонгилоос айдаг юм. Хэлмэгдэхээс айдаг юм. Гэсэн ч би Монгол Улсынхаа эрх ашгийн төлөө үгээ хэлж байна. Тэр хүн бол “Шударга байцгаая” гэж гарч ирсэн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж. Миний өнөөдрийн мэдэгдэл амь нас, ойр дотны хүмүүст маань хэдий аюултай ч би айхгүй ээ. Өөртэй нь үгсэн хуйвалддаггүй учир над руу ирж байсан асар их гүтгэлэг, доромжлол, дарамт шахалт, нухчин дарах ажиллагаа өнөөдрөөс бүр илүү идэвхжих нь тодорхой” хэмээн онцолсон байхыг үгүйсгэхгүй.
Ямартай ч УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийг “Төрийн нууц задруулсан” гэх үндэслэлээр ТЕГ-т шалгуулахаа өнгөрсөн долоо хоногт мэдэгдлээ. Ийн шалгуулах болсон үндэслэлээ тэд “Н.Алтанхуяг 2014 оны зургадугаар сарын 20-нд УИХ-ын нээлттэй чуулган дээр Эдийн засгийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргын өрөөнөөс чагнах төхөөрөмж илрүүлсэн тухай ярьсан нь төрийн нууцыг нийтэд зарлаж, хууль зөрчсөн” гэж тайлбарласан. Тэгвэл Н.Алтанхуяг, түүний туслахаар ажиллаж байсан М.Тулга, Э.Төмөрбаатар нарыг АТГ-ынхан “Сонгинохайрхан дүүрэгт сургууль, цэцэрлэг шинээр барьж, засварлахаар төсөвт тусгасан мөнгөнөөс багагүй хэсгийг өөр зүйлд зарцуулсан байж болзошгүй” гэх үндэслэлээр шалгаж байгаа сурагтай. Экс Ерөнхий сайдын туслах асан М.Тулгыг АТГ-ынхан 2014 онд “Нүүрс” хөтөлбөртэй холбоотой хэрэгт сэжиглэн саатуулж байсан юм.
Харин УИХ-ын гишүүн Х.Баттулгын тухайд өчигдөр золтой л “ачигдчихсангүй”. Учир нь түүний хоёр туслахыг мөн баривчилсан бөгөөд өчигдөр түүний эзэмшлийн “Баянгол” зочид буудалд цагдаагийн тусгайгийнхан нэвтэрч багагүй бужигнаан үүсгээд амжив. Үүнтэй зэрэгцэн “Х.Баттулгыг баривчлах гэж байна” гэсэн шум олон нийтэд тархаж, нэлээд асуудал үүсч, багагүй жүжиг тавигдлаа. Гэсэн хэдий ч Х.Баттулгын хоёр кампонийн санхүүгийн бичиг баримтыг авч явснаар дээрх жүжиг өндөрлөж, энэ удаа Х.Баттулгын оймс гозолзсонгүй.
Ийнхүү “Женко” Х.Баттулга, Н.Алтанхуяг хоёр өдгөө нэг завин дээр байна. Харин тэр хоёрын завь нэлээд элэгдэж, хажуу бөөрөөрөө ус орж эхлээд байгаа нь үнэн юм. Мань хоёр цаашид хамтдаа сэлүүрдээд байх уу, завиа орхиод ус руу үсэрцгээх үү гэдэг нь тун удахгүй тодорхой болох биз ээ.

Б.МӨНХЖИН

  • Шинэ
  • Их уншсан