“Хонх”-ын С.Цогтсайхан: ТАРЧЛААН

Тэртээ 90-ээд онд гитараа бариад, “Хонхны дуу”-гаа дуулаад ардчиллын алтан хараацайнууд жагсаж явсан нэгэн гэвэл “Хонх”-ын С.Цогтсайхан гэдгийг уншигчид ядах юмгүй таачихна. С.Цогтсайхан гэдэг нэрийг “Хонхны дуу”-тай холбохгүй байхын аргагүй. Өдгөө “Хонхны дуу” ардчиллын сүлд дуулал болтлоо танигдсан юм чинь. С.Цогтсайхан ардчиллын салхи салхилсан тэр цаг үед хаалттай нийгмийг нээлттэй болгохоор журмын нөхдийн хамт тэмцэж явсан.
1990 онд ардчилсан хувьсгал хийхээр зориг шулуудсан 18, 20, 30-тай залуус өдгөө нас тогтож, намба заасан улстөрчид болцгоож, ардчиллын алтан хараацайнууд гэгдэж байгаа юм. Тэд 26 жилийн өмнө нэгэн үйлсийн төлөө зориг зүрхээ нэгтгэсэн. Тиймдээ ч тэд зорилгодоо хүрч, өдгөө эрх барьцгааж байна. Тэгвэл энэ л эрхмүүдтэй хамт гитар барьж, дуугаа дуулж явсан С.Цогтсайхан шинэ үеийн сэтгүүл зүйн тод төлөөлөл гэдэгтэй маргах хүн гарахгүй биз ээ. Тиймдээ ч тэрбээр 1999 онд “Тарчлаан” нэртэй нийтлэлийн номоо хэвлүүлсэн байдаг. Тэрээр өнөөгийн эрх баригчдын өөр зуураа уралцсан, хоорондоо эв эвдрэлцсэн байдлыг тэртээ 17 жилийн өмнө олж хараад үзэглэн нийтэлжээ.
Тиймээс 17 жилийн өмнө хэрхэн бичсэнийг өдгөө эрх барьж байгаа “найзууд”, хамтран зүтгэгчид нь дахин уншиж, нэгийг бодож хоёрыг тунгаагаасай гэсэн үүднээс бид С.Цогтсайхан агсны нийтлэлүүдийг хүргэж байна. “Сайхан анд Цогтбаяртаа дурсгав.1999.3.29” хэмээн С.Цогтсайхан агсан гарын үсгээ зурж бэлэглэсэн номыг нь МУСГЗ, шог зураач С.Цогтбаяр өдгөө нандигнан хадгалдаг юм билээ. С.Цогтсайхан агсны нийтлэлүүдийг WWW.analiz.mn –ээр дамжуулан уншигчдад хүргэхэд тусалсан МУСГЗ, шог зураач С.Цогтбаярт талархал илэрхийлье.
 

ТАРЧЛААН

Эрт галавын үед дэлхий дээр хүн төржээ. /Гэхдээ Төв Ази Монголд төрж үүссэн гэдэг юм./ Тоо толгой олон болж нэг дор багтахгүй болсон тул тал бүр тийш хэрэн тэнэж амьдрах ая тухтай газар хайж эхэлжээ. Зөнгөөрөө урд зүг явсан нь урин дулаан газар очиж,  хойд зүг явсан нь хүйтэн туйлд хүрээд мухарджээ. Гэсэн хэдий ч Аляскийн хойгоор дамжаад Америкт очижгоосон гэх яриа бий. Ихэнх хүн дулаан орныг зорьж тэндээ суурьшсаны баталгаа өнөөгийн Хятад, Энэтхэг болоод тэр хавийн шигүү улсууд юм.
    Төв Азийн эрс тэс Монголд хүн амьдарч болох авч төдийлөн тухгүй тул урд зүгийг уулгалан довтолж тэндээ суурьшихыг хүсдэг байсан нь Хубилай хааны явдлаас харагддаг. Харин Европын зөөлөн дулаан орны тухай олж мэдээд тэндээ эзлэн суурьших хүслэн Бат хааны явдлаас харагддаг юм. Ингэхээр хүн гэдэг амьтан ямагт уултай, устай урин дулаан ая тухтай газар эрэлхийлж явдаг нэгэн ажээ. Ая тухтай, үзэсгэлэн төгөлдөр газар эрсээр яваад Магелан дэлхийг тойрч Колумб Америкийг нээсэн гэдэг. Хөгжлийн явцад хүмүүс очсон газар бүрнээ эзлэхийг хүсч тэнд өөрөөсөө өөр омгийг оруулахыг хүсэхгүй болов. Хоноц хоноцдоо дургүй тул нэг нь эзэн байхыг хүсэх ажээ. Ингэж очсон газар бүртээ эзэн болж суурьшсаар улс үндэстэн хил хязгаар гэгч юм үүсчээ. Ингэснээр хамаагүй тэнэж явж чадахаа байж, хатуу хүйтэн ая тухгүй ч гэсэн өөрт ноогдсон нутагтаа амьдрахаас өөр аргагүйд хүрчээ. Үүнийг өөрт ноогдсон газар нутаг, миний хувь заяа төөрөг-эх орон гэж нэрийдэх ажээ.
    Нэг мэдэхнээ Монгол гэдэг хатуу ширүүн уур амьсгалтай газар эхээс мэндэлсэн байлаа. Яагаад Америк, Европт төрсөнгүй вэ? Нэгэнт төрөөгүйгээс хойш яая гэхэв, буцаж эхийн хэвлийдээ оролтой нь биш олдсон, заяагдсан, ноогдсон газар шороогоо эх орон минь гэж энхрийлье дээ. Гэвч миний төрсөн улс өөрөө аугаа уужим дэлгэр байлаа. Энэ их нутгаас эрээд сураад байвал аятай тухтай газар бас олон байх ажээ. Их савны ёроолоос юм олдолгүй ч яахав. Гэтэл миний төрсөн улсыг дотор нь 21 хуваагаад авчээ. Энэ 21-ийн нэг Булган гэдэг өчүүхэн цэг дээр би хуваарилджээ. Энэ өчүүхэн цэг дотроо бас дахин задраад сум гэдэг нэгжид би харьяалагдлаа. Аяа би дэлхий гэдэг аугаа гараг дээр төрсөн атлаа юутай өчүүхэн орон зайг эзэлнэм бэ. Алаг дэлхий дээр төрсөн минь ийм л учиртай ажээ.
    Аугаа ертөнц дээр төрсөн аугаа их хүн би шавжны дайтай орон зайг эзэгнэнхэн төрөв өө. Хахир хатуу дээр нь хавчиг давчуу сумын нутагт дүнгэнэхэн нисэв ээ. 360 хавчиг давчиг сум нийлж байж бүтэн Монгол Улс болно. Нэг өдөрт дэлхий тэнхлэгээ 360 градус эргэдэг. Тэгвэл өнөөдөр Монгол Улс минь хэнхдэгээ 360 хэрчүүлжээ гэж болно. Энэ бол 1931 онд оросуудын хувааж өгсөн газрын зураг, тэдний бодлого юм. Үүнээс өмнөх газрын зургийг манжууд 80 хошуунд хувааж зурсан байдаг. Харин монгол хүн л монгол нутгаа нэг удаа ч хувааж зураагүй байх юм. Монгол нутаг дээр амьдарч үзээгүй, онцлог амьдралыг нь огт үл мэдэгчийн толгойгоор газар нутгийн нарийн асуудлаа шийдүүлсэн байдаг юм.
    Сум гэж юу юм бэ? Түүнийг яах гэж байгуулсан хэрэг вэ? Монголчуудын хүчийг сарниах гэж үү? Үгүй ээ. Орчин үед энэ ойлголт өөр хариулт нэхнэ. Орон нутгийг хөгжүүлэх бэлчээр талбай ашиглах гэх мэт тайлбар олдоно. Тэгвэл говийн алслагдсан нэгэн сумын нутагт заавал хүн суулгах нь ямар бодлого вэ? Элс ухуулж, харгана түүлгүүлж хэдэн ямааны дэлэн шувтруулах нь хэнд ашигтай бизнес вэ? Говьд 15 нас хүртлээ бороо үзээгүй хүн байж байна. Ямар гээчийн шийтгэл вэ?  Амьдаараа гүрвэл болсон хүн цэрэгт ирээд анх удаа чихэр идэж үзэж байна.
    Цөллөггэдэг нэг том эрүүгийн ял шийтгэл байдаг. 60-70 онд Монголын олон сэхээтэн хөдөө очиж амьдрах гэдэг зүйл ангиар шийтгэгддэг байсан. Гэхдээ тэднийг голдуу төрсөн аймаг сум руу нь цөлдөг байсан. Төрсөн нутагтаа очсон сэхээтэн өөрийгөө цөлөгдсөн, хэлмэгдсэн гээд л яриад явдаг. Тэгвэл тэр хүн анх эхээс төрөхдөө цөллөгөнд төрсөн хэрэг үү? Эсвэл эх нь цөллөгөнд байсан хэрэг үү? Энэ утгаараа одоо хөдөө амьдарч байгаа хүмүүс бүгд цөллөгөнд эрүүгийн ял эдэлж яваа улс юм. Ер нь ч тэдний үзэж харж сонсож байгаа юм, идэж хэрэглэж өмсөж байгаа ахуй нь цөллөггэсэн нэртэйгээ бараг таарна даа. Намхайнямбуу баатар яагаад хотод шигдчихээд хөдөө олон зуун мал дээрээ очихгүй байгаа юм бэ?  Тэр хүн хөдөөдөө байсан бол өөрийгөө баатар гэж бодоод нөгөөх гэнэн цагаан яриагаа дэлгээд л явж байх байлаа. Хотод ирмэгцээ алаг хорвоод төрсөн учраа олж мэдсэн хэрэг. Яруу найрагчид яагаад Данзангийн Нямсүрэн гэдэг дунд зэргийн найрагчийг тэнгэрт тултал магтдаг вэ? Яагаад гэвэл тэр нөхөр Дундговийн Эрээнцав гэдэг газар амьдардаг юм. Өөрөөр хэлбэл шүлгээ цөллөгнөөс бичдэг. Тэгээд дээр нь би энэ цөллөгнөөсөө хэзээ ч явахгүй гэж ярьдаг болохоор хотод шигдсэн найрагчид түүний эр зоригийг шүтэн биширч сумын клубийн орой дээр хатгаад орхисон туг энэ тэр гэж хөөрөгддөг юм л даа. Тийм л сайн юм бол нэг удаа Болор цом өгч болох л байсан. Би энд хэн нэгэн Намхайнямбуу, Нямсүрэнгийн тухай ярих гээгүй байна. Хөдөөнөөс хотод шилжиж ирэх гэдэг хүнд суртлын тухай өгүүлэх гэсэн юм.
    Хөдөөнөөс хо шилжих гэдэг цөллөгнөөс мултарч хэрэг цагаадахтай адил хэцүү ажил. Нэг аймгаас нөгөө аймагт шилжих нь нэг улсын харьяаллаас гарч нөгөө улсын иргэн болохын дайтай ажил. Хоёр сая хүнд 360 сум гэсэн хуваагдал ноогдож байна. Энэ цөөхөн монголчуудыг ингэтэл нь хувааж жижигрүүлэх нь эдийн засгийн хувьд ямар ашигтай вэ?
    Аймгийнхаа төвөөс 200-500 км алслагдсан сум олон арваараа бий. Тийшээ очих бензин техник, цаг хугацааны алдагдал асар их. Сум л болсон хойно Тамгын газар, эмнэлэг, сургууль, клуб, дэлгүүр, цагдаа гээд юм юм байх л ёстой. Тэр болгонд байр сав дулаан цахилгаан, холбоо хэрэгтэй. Энэ бүх зардал улсын халааснаас гарна. Үүний зэрэгцээ монгол хүн эрүүл энх, боловсролтой байх асуудал тун хохиролтой болдог. Сум баг, жалга довныхон хоорондоо гэрлэж цус ойртох үзэгдэл газар авч байна. Сурч боловсрохын талаар ярих ч юм байхгүй. Боловсролгүй хүн хууль мэдэхгүй. Хууль мэдэхгүй хүн хутга гаргаад хүн алахыг мал муулахтай адил үздэг болохоор гэмт хэргийн хэм хэмжээнд хязгаар тавих бололцоогүй. Ийм л зэрлэг балмад хоцрогдлын туйлыг сум баг гэсэн нэгжээр дамжуулан ард түмэндээ тулган хүлээлгэж байна.
    Хүмүүсийн үзэл санаанд хүртэл явцуурал бий болж би тэр голын хүн, би тэр нутгийн хүн гэж хийрхэн хажуугийн уул голынхныгоо гоочлох нэг нутаг усаараа бүлгэрхэх байдал тогтлоо. Өнөөгийн соёлт хүн төрөлхтөн космополитизм буюу бид нэг дэлхийн хүмүүс гэсэн уужим дэлгэр үзэл санаа руу хөтлөгдөж байхад монголчууд нэг горхиныхон гэсэн өчүүхэн шавжны орон зай руу тэмүүлж байна.
    Сум гэсэн ойлголтыг орхих цаг удахгүй ирнэ. Монгол Улсыг үндсэнд нь 3-4 бүсчлэлд вертикаль буюу босоо тэнхлэгт хуваах асуудлыг МоАХ байгуулагдсан цагаасаа эхэлж ярьсан. Өнөөдөр манай улсад Улаанбаатар шиг хоёр хот шинээр сүндэрлэн босох бүрэн бололцоо бий. Тэднийг Улаанбаатарын хэмжээнд хүргэх цор ганц зам бол аймаг сумаа цомхотгож хүнээ төвлөрүүлэх асуудал юм. Яг үүнтэй зэрэгцээд мал сүргээ хаана бэлчээх вэ? гэсэн асуудал гарч ирнэ. Өнөөдөр мянган малтай хүн олон арваараа байна. Тэд хэдхэн жилийн дараа түм буман малтай хувийн аж ахуйтнууд /фермерүүд/ болох нь тодорхой. Энэ хүмүүс хөрөнгө нийлүүлж сумыг хувьчилж авах хэрэгтэй. Тэд газар зүйн байрлал муутай сумыг хэзээ ч худалдаж авахгүй. Тийм сумд аяндаа мөхнө. Орон нутгийн хөрөнгөтнүүд өөрийнхөө мал ахуйг хөгжүүлэхийн тулд хөлсний малчдынхаа ахуй амьдралыг сайжруулах тал дээр хэлсэн хэлээгүй ажиллах л болно. Үүнийг дагаад эмнэлэг, сургууль, хууль хяналт гэсэн улсын гар хардаг объектууд хувийн хэвшлээр өөрөө биеэ даан төрж, хөгжих болно. Энэ бол байх ёстой юм жинхэнэ утгаараа бий болж байгаа эрүүл үзэгдэл, саруул хөгжил юм аа. Ер нь ч тэгээд Монгол Улсын газар дэвсгэр бүхэн дээр гишгэж амьдраад байх шаардлагагүй. Австрали улс тивийнхээ аравхан хувь дээр хөгжлийг хийгээд ашигтай аж төрж байна. Хүн амьдардаггүй онгон газар нь жуулчдын нүд хужирлах объект болдог. Жуулчлалаас олох орлого нь тэнд сум баг байгуулж амьдрах орлогоос хэдэн арав дахин их байж болно шүү дээ. Улсын халааснаас хамгийн бага төсөв мөнгө авдаг сум гэхэд л 60 саяыг зулгаадаг. Үүнийг 360-аар үржүүлбэл 28 тэрбум төгрөг жил болгон цацаж байна шүү дээ. Үүгээр ч зогсохгүй энэ жилийн төсөв хэлэлцэгдэхэд Дундговийн Хулд сумыг гэрэлтэй болгоно гээд тийшээ шугам татахад 560 сая төгрөг баталчихлаа шүү дээ. Хулдад нефть, алт, эрдэнэсийн аль аль нь байхгүй болохоор тэнд чийдэн ассанаар хонгилын үзүүрт гэрэл тусахгүй. Энэ мэт жишээ олон. Хулд гэрэлтэй боллоо гээд хөгжих үү гэвэл үгүй. Хэргийн гол нь Хулдаас төрсөн нэг депутат нөхөр УИХ-д байж байхгүй юу. Тэрээр хөөрхий говийн мухарт тарчилж суугаа аав ээж, ах дүүгээ бага зэрэг зовоосой гэсэндээ ингэж зүтгүүлсэн хэрэг. Депутат болгон ингэж зүтгүүлбэл улсын халаасанд юу ч үлдэхгүй. Ж.Наранцацралтын Засгийн газар  160 сумыг хамарсан өчнөөн арван жижиг том цахилгаан станц барих төслийг нэн сайшааж байгаа нь нэн харамсалтай. Энэ аймшигт төсөл нь улсын халааснаас 190 тэрбум төгрөг авах санаатай юм байна. Монголоор дүүрэн жижиг усан цахилгаан станц бариад хөгжих юм гэнэ. Зангууны ноосыг түүж эсгий хийхийн үлгэр гэгч юм энэ. Малчин айлын гэрт цахилгаан чийдэн асахаар юу болдог юм бэ? Гэр доторх юм л тод харагдах болохоос толгой доторх, гэдэс доторх юмс өөрчлөгдөн хөгжихгүй шүү дээ. Харин ч ариун дагшнаараа байсан олон зуун гол мөрөн сүйрч байгалийн сүйрэл л нөмрөх байх даа. 2 сая монголчууд газар нутгийнхаа 2 хувь дээр ч багтана. Хүчээр багтаах гээд байгаа юм биш, ашигтай амьдрах арга зам хайж буй хэрэг.
    Египет улс Монгол шиг том нутагтай . Гэвч газар нутгийнхаа 4-хөн хувь дээр 62 сая хүн нь амьдарч байгааг би нүдээр үзлээ. Бусад нутаг нь элсэн цөл. Гэвч тэд тэр элс цөлөө Дундговь, Дорноговь, Өмнөговь гэж нэрлэсэнгүй. Тэгээд ч хүн амаа тэнд суурьшуулахыг хүссэнгүй, Нил мөрний тансаг хөндийд 62 саяулаа багтаад шингээд байж л байна.
    АНУ 300 орчим сая хүнтэй тэдний 8 хүрэхгүй хувь нь хөдөө аж ахуй дээр ажилладаг. Тэгсэн атлаа илүүдэл бүтээгдэхүүнээ гадаадад гаргадаг. Тэгвэл Монгол Улс 2 сая гаруй хүнтэй. Түүний 30 гаруй хувь нь хөдөө аж ахуй дээр ажиллаад дутагдмал бүтээгдэхүүнээ гадаадаас авдаг. Нутаг эзгүйрнэ, харийнхан орж ирээд суурьшина гэх мэтийн гэнэн яриа байдаг. Хилийн цэрэг юу хийдэг юм бэ?  Монголын арми бол илүү зардал. Хэнтэй байлдаж, хэнийг дийлнэ гэж ийм хийсвэр арми байлгах шаардлагатай юм. Армийг хилийн цэрэгтэй нэгтгэж техник зохион байгуулалт сайтай хүчтэй хамгаалалт бий болгох хэрэгтэй.
    Баруун аймагт 400 мянга, зүүн хязгаарт 400 мянган хүнтэй хот байгуулахад Улаанбаатартай нийлээд нийт хүн амын 70 хувь нь хотын иргэд болох тооцоо байна. Хүн амын төвлөрлөөс соёл иргэншил үүсдэг. Хүн амын зардлаас зэрлэг харанхуй ахуй үүсдэг. Хүн амыг аймагчлан устгах гэдэг хэллэг байдаг. Энэ нь нэг утгаар задлан устгах гэсэн үг. Манжууд биднийг 80 гаруй хошуунд хувааж, оросууд 360 сум болгож задалсан. Энэ нь 1931 онд Шмидт гэдэг орос эдийн засагчийн хийсэн газрын хуваалт, хүн тархаалт. Зорилго нь малчдаас түүхий эд авах бодлогоос үүдсэн. Бригадаас суманд очиж ноосоо тушаавал арай дөхөм. Ажигла, Бригад гэдэг орос үг одоо ч байгаа. Сумаас аймагт аймгаас нийслэл рүү гэсэн сүлжээ юм. Эцэст нь ганц ачилтаар Орос руу, төмөр замаар татчихдаг. Эндээс Монгол Улс бүхэлдээ түүхий эдийн дамжлага баазын зохион байгуулалттай нь харагдана.
    Аймаг сум хөгжихгүй гэдэг нь цагийн аяст харагдаж байна. Сумаа хөгжүүлэх нутгийн зөвлөл гэгч зүйл сүүлийн үед моод болсон. Нутгаа хөгжүүлээд байгаа нутгийн зөвлөл байдаг гэвэл үлгэр. Харин нутагтаа зун очиж айраг найрын сар зохиодог зөвлөл байгаа гэвэл за тийм ээ. Бүх юм хэлбэрдэлт. Эцэст нь хэлэхэд уул уулын орой дээр суучихаад бие биеэ хараад мөрөөдөөд байгаа мэт тамлалтай тарчлаантай байдал үүсчээ. Бороо ордоггүй газар 15 жил хорьж, мод ургадаггүй газар насаар нь тарчлаасан нийгмийн харгис системийг монгол хүнд тулгажээ. Гол ус ч үгүй говьд арван хэдэн сум бариад л. Хаашаа ч харсан тэнгэрийн хаяа, дотор давчуурч  галзуурам Дорнодын талд хорь гаруй сум бариад л... Тэнд хүмүүсийг хэсэг цөөнөөр нь тарчлаагаад л... Дарга нар нь ард түмэнтэйгээ уулзах гэж далан уулыг давж долоон зовлогоо зовоогоод л... Дагаж яваа хэд нь эцсэн ноход шиг сулдайгаад л...
    Тэр сум гээд байгаа тарчлаан чинь өөрөөр хэлбэл тосгон гэдэг чинь урин дулаан уур амьсгалтай дэлхийн улсуудад байдаг, тэндээ зохицдог зүйл. Түүнээс биш хавар намар нь хавсаргадсан, өвөл нь хойд эцэг шиг өдөр шөнөгүй нүдсэн дандаа даарсан, усанд орох боломжгүй байнга л хөдсөн дээл эсгий гуталтай, хирэндээ баригдаж бөөстөхөөс өөр аргагүй болдог Монгол оронд тосгон хэрэггүй. Ердөө л гурван том хотод бүх хүнээ багтаагаад хөрсөн дор байгаа алт нефть мөнгө уранаа ашиглах хэрэгтэй. Мал малчны тухай би дээр хэлсэн. Хэдэн тооны Итгэлт баяны арчаа л мэднэ биз. Монгол орон ХАА-н биш!, аж үйлдвэрийн уурхай олборлолтын улс байх ёстой. Монгол орон маань тэр чигээрээ алт шүү дээ. Алтны нөөцөөрөө дэлхийд дээгүүр орно. Тэгэхэд бидний дийлэнх хэсэг маань усанд орж чадахгүй, нүдэн балай чихэн дүлий явж байна.
    Малаа дагавал мал болж алтаа дагавал алт болно. Чойбалсан тэр цагт Монгол орныг бүр мал аж ахуйн орон болгох гэж байсан юм шүү. Өнөөдөр бүх монголчууд паартай байшинд сууж, усанд орж, ТВ үзэж, бар ресторан, театрт сууж орчин үеийн сургуульд сурч боловсорч байх ёстой. Бид үйлдвэрлэл технологи өндөр хөгжсөн улс байх ёстой. Аймаг сум сөнөж хот мандах ёстой.
    ... Нэг мэдэхнээ би Монгол гэдэг хатуу ширүүн уур амьсгалтай газар эхээс мэндэлсэн байлаа. Яагаад Америкт, Европт төрсөнгүй вэ. Нэгэнт төрөөгүйгээс хойш яая гэхэв эхийн хэвлийдээ эргэж оролтой биш. Америк, Европын хүмүүс шиг дулаан байшин соёлт орчинд амьдрахыг хичээе. Тэгэхгүй бол тэд хөгжөөд бид хоцрогдоно. Хүчтэй нь хүчгүйгээ үргэлж дарлана. Гэтэл миний төрсөн нутгийг дотор нь 360 суманл хувааж орхижээ. Аяа! би юутай алслагдмал өчүүхэн орон зайг эзэлнэм бэ? Алаг дэлхий дээр төрсөн минь ийм эмгэнэлт учиртай байсан юм уу. Юу гэнэ ээ хө. 15 жил бороо үзээгүй хүн байна гэнэ ээ? Эр хүнээр хагсарч, шөнөд ирсэн гийчин бүрийн хүслийг гүйцэлдүүлэгч хөдөөгийн сумын олон мянган бүсгүйчүүд юунаас болж энэ амьдралтайгаа эвлэрнэ вэ? Харанхуй бүдүүлэг... Энэ бүхэн юунаас болж, хэнээс болж...
    Аяа! юутай гаслан, юутай ТАРЧЛААН.

ӨРНӨХ ҮГ БУЮУ ГАРЦ-ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР

    Тарчлаангүй амьдрах арга зам аймаг сумдыг үгүйсгэх ажлаас эхэлнэ. Хүчээр устгаж үгүй болгож болохгүй. Хөдөө орон нутагт төсөв өгөхгүй болбол улсад ямар ашигтай болохыг тооцож үзэх ёстой... 360 сумыг цахилгаан дулаанаар хангахад ямар их хүндрэл учирдгийг хэн нэг нь бичиж ярих хэрэгтэй...
    Аймаг сум бүр рүү салбарласан хэдэн мянган салаа зам, тийшээ явах машин техниз шатахуун тосны зардал ямар байдгийг дэд бүтцийн мэргэжилтнүүд тооцоолж үзсэн болов уу? Монголын гол бүхэн дээр шахам усан цахилгаан станц барьж 190 тэрбум төгрөг агаарт цацах аймшигт төсөл, түүнээс үүдэх байгаль экологийн сүйрлийн тухай уншигч та төсөөлж нэг үзээрэй. Төсөөлөгдөж байгаа бол тооцоог нь цаасан дээр үзэглэж нэг нийтлээрэй...
    Аймаг сум гэдэг цөллөгөнд ял эдэлж байгаа хөдөөгийн ард түмний цус ойртолт, тэнэгшил, хоцрогдол, эрүүл мэндийн доройтол зэргийг хүн ам зүй судлалын газраас зоригтой яримаар байна. Монголчууд бид харийнханд ноос ноолуур бэлтгэж өгөхийн төлөө 360 хэсэгт хуваагдаж аль муугаа үзэн малнаас дор амьдрах учиртай юм гэж үү?
    Энэ бүхнээс гарах зам ГАРЦ бий юм шүү. Энэ бол хот суурин амьдрал, гурван том хотын бүтэц юм. Ямар түүхий эд, ашигт малтмалыг хаанаас ямар хөрөнгө оруулалттайгаар түшиглэн том хот байгуулах юм бэ? Гэдэг тал дээр Монголын инженер, эрдэмтэд тодорхой ярьж чадна гэж бодном. ХАА, мал аж ахуйгаа яаж зохицуулах асуудлыг уг цусны малчин удамт монголчууд асуултгүй өөрсдөө шийдчихнэ. Өмнө зүг говио бараадаад өвөлждөг, хангайгаа дагаад хаварждаг уламжлал байсаар байхад эх орноо 21аймаг, 360 сум болгож эрэмдэглэхийн хэрэг юун. Аймаг сумдыг минь устгаж үгүй хийх тухай ярьдаг яасан атгаг хүн бэ гэж намайг хараах хүн олон байх боловч энэ үзэл санааг дэмжээд үйл хэрэг болгох хүмүүс тэднээс их бахй болно гэж би итгэдэг. Яагаад гэвэл өнөөдөр аймаг суманд амьдарч байгаа бүх хүн толгой дараалан хот суурин газар бараадахыг хүсч байгаа нь гашуун үнэн юм. Бас хөдөөнөөс ирсэн яруу найрагч, УИХ-ын гишүүд бүгд толгой дараалан хөдөө нутагтаа буцаж очихгүй гэдэг нь батлагдсан үнэн юм. Тэд хотынхныг хараан зүхэж доромжилж, төрсөн нутаг ус уул толгодоо үргэлж магтан дуулдаг хэрнээ хөдөө нутагтаа хэзээ ч эргэж очихооргүй болсон “урвагчид” байгаа юм. Монголын зохиолч, яруу найрагчид хөдөөгийн ард түмнийг хамгийн цэвэр ариун, эвдрээгүй, хээгүй сайхан улс гэж хүн мөсгүй худал хэлдэг. Харин би хөдөөгийн ард түмнийг цөллөгөнд ял эдэлж байгаа тарчилсан улс гэж шулуухан хэлнэ.
    Хөдөөгийн нар салхинд гандсан улаан хацартай охид хөвгүүд минь сонс. Саяхан улаан хацартай байсан яру

  • Шинэ
  • Их уншсан