Х.Баттулга: Монголоо гадныханд худалдах гэж эрээ цээргүй дайрсан новшнууд

УИХ-ын гишүүн Х.Баттулгын хувь эзэмшдэг "Баялгийн хувь", "Түмэн хишигтэн" ХХК-д Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс санхүүгийн шалгалт хийхээр “Баянгол” зочид буудалд байрлах эдгээр компаниудын оффис руу цагдаа, тусгайгийнхан өчигдөр нэвтэрсэн билээ. Энэ үеэр Х.Баттулга баривчлах нь гэж “эндүүрсэн” нөхөд “Баянгол” зочид буудлын гадна цугласан. Ямар сайндаа л сошиал ертөнцөд:
 “Женког аврах гэж олон БААТАР ирсэн байна
-Улсын баатар 1
-Хөдөлмөрийн баатар 2
-Hero-гийн Баатар 1
-Цагаанбаатар 1
-Гарамгай баатар 1” гэх хошигнол хүртэл гараад амжлаа. Үйл явдлын эхэнд шахуу их аварга Д.Дагвадорж очсон бол араас нь хотын дарга, УИХ-ын гишүү, МоАХ-ныхон, жүдочид гээд л Х.Баттулгын ойрын хүрээнийхэн цугласан юм. Ийнхүү бужигнаж байх үеэр ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга  Б.Баатархүү “Шинэ төмөр зам болон Сайншандын аж үйлдвэрийн парктай холбогдуулан Баянгол зочид буудалд байрлах "Түмэн хишигтэн", "Баялгийн хувь" хоёр компанид санхүүгийн шалгалтыг оруулсан. УИХ-ын гишүүний биед халдсан зүйл байхгүй, баривчлах зорилго байхгүй” хэмээн мэдэгдсэн. Гэсэн хэдий ч өчигдрийн үйл ажиллагаа “Баянгол” зочид буудалд багагүй хүндрэл учруулсан нь лавтай.
Учир нь  Чөлөөт бөхийн холбооны дэд ерөнхийлөгч Б.Болд “Ирэх баасан гарагт манай улсад олимпын эрхийн оноо олгох олон улсын тэмцээн болох гэж байгаатай холбогдуулан, тус тэмцээнд оролцохоор 22 орны 250 гаруй тамирчид манай улсад ирсэн бүгд Баянгол зочид буудалд байрлаж байгаа юм” гэсэн бол “Баянгол” зочид буудлын Захиалгын менежер Н.Одонтунгалаг “Яг одоогийн байдлаар Баянгол зочид буудалд 52 орны жуулчид байрлаж байна. Хууль хяналтын байгууллагынхан маш бүдүүлэг үйлдэл гаргаж, манай буудлын эрх ашгийг ноцтойгоор зөрчиж байна” хэмээн мэдэгдсэн.
     Ийнхүү санхүүгийн шалгалт 20:00 цагт дууссан бөгөөд цагдаагийнхан хэрэгт холбогдолтой болон зарим шаардлагатай бичиг баримтыг авч явсны дараа УИХ-ын гишүүн Х.Баттулга гарч ирээд “Төмөр замын асуудал хувийн компани руу орж байгаад харамсаж байна” хэмээн хэлчихээд буцаж орсон юм. Харин тэрбээр өөрийн “Твиттер” хуудаснаа “Намайг дэмжиж буй бүгдэд үнэхээр баярлаж байна... Монголоо зарсан хэн боловч хэзээ нэгэн цагт цаазын тавцанд...”,  “Монголоо гадныханд худалдах гэж эрээ цээргүй дайрсан... новшнууд их улайр ч байна даа...”, “Өнөөдрийн захиалгат үйл явдалд хэнийг ч уриалсангүй... Гэхдээ ирж дэмжиж санаа зовсон олон найз нөхөд та бүхэнд баярлалаа...” хэмээн жиргэжээ.

Б.МӨНХЖИН

  • Шинэ
  • Их уншсан