А.ГАНСҮХ, Б.БАТЗАЯА НАР НУУВЧИНД ОРОВ

“Төмөр зам”-ын гэх хэргээр УИХ-ын гишүүн, Х.Баттулгын ойрын хүрээнийхэн хууль хяналтын байгууллагын хараанд өртөөд байгаа билээ. Энэ бүхнийг Х.Баттулга “Нүүрсчдийн нам”-ын явуулга гэх зэргээр тайлбарладаг. Тэгвэл Х.Баттулгын ойрын хүн гэгддэг Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн ТУЗ-ийн дарга асан Б.Батзаяаг өнгөрсөн оны 10 дугаар сард Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх тасгаас баривчлан саатуулсан. Тухайн үед энэ хэргээр нэлээд хүн дуугарсан ч Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат “Б.Батзаяа миний зээ хүү. Тэр хүүхдийг өмгөөлж, хамгаалах хүн нь би яах аргагүй мөн” хэмээн хөөцөлдсөөр батлан даалтад гаргасан гэх юм билээ.
Ямартай ч энэ хэрэг үргэлжлэн шалгагдаж байгаа. Улмаар Х.Баттулгын туслахаар ажиллаж байсан Л.Түвшинжаргалыг хорьсон байдаг. Өчигдөр л гэхэд Х.Баттулгын хоёр компанид санхүүгийн шалгалт хийхээр “Баянгол” зочид буудалд цагдаа, тусгайгийнхэн нэвтэрсэн. Тэгвэл үйл явдал ийн өрнөх үеэр нэгэн дүр зураг ажиглагдсан юм. Тодруулбал, батлан даалтад гарсан Б.Батзаяа, УИХ-ын дарга А.Гансүх нар нуувчинд орсон бололтой. А.Гансүхийг Эрүүгийн цагдаагийн хэлтсийн Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс сэжигтнээр татан байцааж эхэлсэн тухай мэдээлэл гарч байсан билээ.
Х.Баттулгын туслах Л.Түвшинжаргалын шүүх хурал болоход тэрбээр хэвлэлийн багаа дагуулсаар ирж, “Удахгүй ноцтой баримт дэлгэнэ” хэмээн мэдэгдсэн. Тухайн үед шүүх хуралд тэрбээр ойрын хүрээллээ бус харин хэвлэл мэдээллийн багтайгаа ирсэн билээ. Тэгвэл өчигдөр “Х.Баттулгыг баривчлах гэж байна” гэх мэдээлэл сошиал ертөнцөд цацагдангуут түүний ойрын хүрээлэл “Баянгол” зочид буудал руу уралдацгаасан. Х.Баттулгын хэвлэл мэдээллийн баг, сүмогийн их аварга Д.Дагвадорж, хотын дарга, УИХ-ын гишүүд, МоАХ-ныхон, жүдочид, Өргөдлийн байнгын хорооны дарга хүртэл шуурхай ирсэн. Харин А.Гансэнэ  л Х.Баттулгын ойрын хүрээнийхэн цугласан юм.
Харин дээрх хоёр үйл явдлын алинд нь А.Гансүх, Б.Батзаяа нар харагдсангүй. Тэгэхээр мань хоёр нуувчинд орсон бололтой. Нөгөөтэйгүүр ингэх шалтгаан ч байсан биз. Учир нь мань хоёр “Женко”-гийн хэлээд буй “Нүүрсчдийн нам”-тай ашиг сонирхлын зөрчилтэй. Тодруулбал, А.Гансүх “Нүүрсчдийн нам”-ын гэх Сү.Батболдтой баз хүргэн бол Б.Батзаяа мөн л дээрх намын ашиг сонирхолтой гэх Ерөнхийлөгч асан П.Очирбатын зээ болж таарч байгаа юм. Энэ тохиолдолд мань хоёр “Женко”-г хаа явсан газар нь гүйж очоод байхааргүй болчихож байгаа юм. Нуугдаад байхаас ч өөр яах билээ дээ.

Б.МӨНХЖИН

  • Шинэ
  • Их уншсан