Хар тэнгисийн флотын бахархал болсон “Москва” хөлөг живснийг ОХУ-ын батлан хамгаалах яам мэдээлжээ

Хар тэнгисийн флотын бахархал болсон “Москва” байлдааны хөлөг живснийг ОХУ-ын батлан хамгаалах яам өчигдөр мэдээлжээ.

Лхагва гарагийн орой уг хөлөг дээр дэлбэрэлт болж, ноцтой гэмтсэн юм. Гэмтсэн хөлгийг боомт руу чирэх замд живсэн байна.

“Москва” хөлөг дээр хадгалагдаж байсан сум дэлбэрснээс гал гарсан гэж Оросын тал мэдээлж байгаа.

Харин Украины тал хөлгийг өөрийн үйлдвэрлэсэн хоёр ширхэг Нептун пуужингаар харваж дэлбэлсэн гэж тайлбарлаж байна.

Дэлбэрэлт болох үед “Москва” хөлөг Украины Одесса боомт хотоос өмнө зүгт 111 км зайд байрлаж байжээ.

“Москва” хөлөг сүйрсэн нь Оросын зэвсэгт хүчинд томоохон хохирол болж байна. Үүнээс гадна “Москва” нь Оросын сүр хүчийг илэрхийлэх бэлэгдлийн өндөр ач холбогдолтой хөлөг байсан юм.

“Москва” хөлөг алсын тусгалын 16 ширхэг пуужин тээвэрлэх чадвартай.

186 метр урт хөлгийг анх 1979 онд Зөвлөлт Украины Миколаев дахь үйлдвэрт үйлдвэрлэж байжээ. Улмаар 1982 онд Зөвлөлтийн зэвсэгт хүчинд ашиглаж эхэлсэн байна.

Газар-газар, газар-агаар ангиллын пуужингуудыг тээвэрлэхээс гадна бусад олон төрлийн зэвсэгтэй хөлөг дээр 500 гаруй усан цэрэг байрлах багтаамжтай, нисдэг тэрэг буух, хөөрөх тавцантай байжээ.

1989 онд Мальта арлын ойролцоо “Москва” хөлөг дээр Михайл Горбачев, "ахмад" Жорж Буш нарын уулзалтыг зохион байгуулах гэж байсан ч далайн шуурганы улмаас төлөвлөгөөг өөрчилж байсан гэдэг.

Үйлдвэрээс гарахдаа “Слава” нэртэй байсан хөлгийг 1990-1999 онуудад их засварт оруулсны дараа “Москва” нэрээр дахин ашиглаж эхэлжээ.

Сардини арлын эрэгт зангуугаа хаясан “Москва” хөлөг дээр 2003 онд ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин, Италийн ерөнхий сайд Силвио Берлускони нар уулзаж байв.

Дараа нь 2008 онд ОХУ-ын цэрэг Гүрж улсын нутагт халдахад “Москва” хөлөг Хар тэнгисээс дэмжлэг үзүүлж байжээ.

2014 онд Крымийн хойгийг ОХУ өөртөө нэгтгэхэд “Москва” хөлөг Украины тэнгисийн хөлгүүдийг тэнгист гаргалгүй хашиж байсан байна.

2015-2016 онд “Москва” хөлөг Газар дундын тэнгист байрлаж, Сири дэх Оросын цэргийн ажиллагаанд оролцож байв. Уг ажиллагаанд оролцон тус хөлгийн хэд хэдэн усан цэрэг одон медалиар шагнуулж байжээ.

Дараа нь хөлгийг 2018-2020 оны хооронд шинэчлэн засварлаж байсан юм.

Украинд Оросын цэрэг халдан довтолсон эхний өдөр “Москва” хөлөг Хар тэнгисийн Могойт арлыг эзлэн авч байв. Тухайн үед арал дээр байрлаж байсан Украины хилийн цэргүүд бууж өгөх шаардлагын хариуд “Москва” хөлөгт “Оросын хөлөг, там руугаа тонил” (Русский корабль, иди на хуй) гэж хэлж байсан нь тухайн үедээ нэлээд дуулиан болж байсан юм.

 

Эх сурвалж: Associated Press

 

  • Шинэ
  • Их уншсан