Дооёо төрмөл жүжигчин гэдгээ дахин “ТАМГАЛАВ”

Энэ төрийн тамгыг би

Эхийн сүүнд ороогоод булчихсан

Сүнс нь саамшихын цагт

Сүү үнэртсэн энэ газар дээр

Хүннү улсын хаан тамгаа атгаж төрнө” хэмээх “Тамгагүй төр” 24 жилийн дараа дахин тайзнаа “амилав”. Төв театрт “Тамгагүй төр”-ийг цоо шинэ тавилт, дүр, жанр, найруулгаар хийсэн сургаар үзэгчид тийш хошуурч, чих тавина. Улсын драмын эрдмийн театрын тайзнаа анх 1998 онд Урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Найдандорж 38 насандаа “Тамгагүй төр”-ийг тайзнаа тодоор тамгалж байсан түүхтэй. Тэр цагаас хойш 2015 онд тайзнаа тавьсан. Энэ бол гурав дахь "Тамгагүй төр".

Тиймээс хэдийнэ үзэгчдийн танил “Тамгагүй төр” жүжгийг энэ удаа хэн найруулж, жүжигчид дүрээ хэрхэн “урласан” нь сонирхол татаж, хөшиг нээх мөчийг хүлээнэ.

Жүжиг эхлэхийн өмнө Урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Найдандорж найруулагч “Тамгагүй төр” зохиол театрын үе үеийн найруулагчийн чөмгийг шалгах том уран бүтээл. Би энэ жүжгээр 38 насандаа Монголын театрын найруулагч гэдэг “тамга”-ыг авсан. Өнөөдөр Б.Баатар найруулагч бас театрын найруулагч болох хүн гэдэг тамгаа даруулсан гэдэгт итгэлтэй байна” гэв.

Харин Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Ганхуяг “Төрийн тамга гэдэг бол ширээн дээр байдаггүй. Гарт баригддаггүй. Бидний зүрх сэтгэл, тархинд баринтаглаж байдаг зүйл” гэдгийг онцлон хэлсэн юм.

Жүжиг цагтаа эхэлсэн ч зарим үзэгчид суудлаа эзлэхээр холхилдон, бусдын тав тухыг алдагдуулна. Бусдаар бол үзэгчид театрын соёлд суралцаж, хүндэтгэлтэй хандаж байсныг нуух юун.

Хөшиг нээгдмэгц тайз засал, жүжигчдийн хувцас нүд хужирлана. Уламжлалт тайзны урлагийг орчин цагийн технологи бүхий дэлгэцтэй хослуулж, дүрүүдийн сэтгэл хөдлөлийг бүжигчдийн хөдөлгөөнөөр илэрхийлсэн нь өвөрмөц бөгөөд дүр бүрийг тодотгож байв.

Жүжгийн гол дүрүүд болох Арчуг хаанд Г.Эрдэнэбилэг, Цэцэр хатанд У.Уранчимэг, Гүргэл хатанд О.Дөлгөөн, Эгэрэг түшмэлд С.Болд-Эрдэнэ, том хүү Ачирт Ш.Доржсүрэн, бага хүү Хүчирт Б.Шинэбаяр, бөөд П.Цэрэндагва нар тогложээ.

Тэр дунд “Гэм зэм” жүжгийн Лужины дүрээр тайзнаа эргэн ирсэн жүжигчин Дооёо энэ удаа том хүү Ачирын дүрээр өөрийгөө дахин тамгалав. Тэрбээр хүүгийн дүрд хөгшдөх ч 24 жилийн өмнөх тэр мэдрэмжийг үзэгчдэдээ дахин бэлэглэж, төрмөл жүжигчин гэдгээ батлах нь тэр. Тэрбээр жүжигчин хүн дүрдээ хэрхэн орж, шандсаа шавхаж тоглодгийг үзэгчдэд мэдрүүлж, гайхашруулав.

Хүүгээсээ би маргааш хагацна. Хүннү төр тэнэгээсээ хагацна” хэмээн Арчуг хаан гунигтайяа өгүүлнэ. Энэ хэсэг бол “Тамгагүй төр” жүжгийн зөрчилдөөнтэй хэсгийн нэг.

Гавьяат жүжигчин У.Уранчимэг удаан завсарласны дараа “Тамгагүй төр”-ийг чимэв. Түүний гоо үзэсгэлэнг тайзан дээрээс харах сайхан байлаа. Жүжгийн Эгэрэг түшмэл болон Арчуг хааны дүр өөлөх юмгүй. Тэртээ 24 жилийн өмнөх Арчуг хаан Л.Жамсранжавын захиасыг биелүүлж, шинэ цагийн Арчуг хааныг тайзнаа залгамжилж чадлаа.

Бөмбөрийн хүчит нүргээн, хүүхдийн болоод эмэгтэй дуучдын найрал дуу жүжигт сүр нэмж, үзэгчдийн сэтгэлийг хөдөлгөж байв. Хөгжмийн зохиолыг М.Бирваа, Б.Одбаяр (Оки) нар бичсэн нь нүдээ олжээ.

Драмын тайзнаа амилсан гурав дахь "Тамгагүй төр" бол "Херо" Баатарынх байлаа. Учир нь өвгөн найрагч Б.Лхагвасүрэн агсан "Тамгагүй төр" жүжгийг түүнтэй хамтран үзэгчдэд толилуулах хүсэлтэй байжээ. Ийнхүү өвгөн найрагчийг дурсаж, 300 гаруй хүний бүрэлдэхүүнтэй чадварлаг баг бүрдүүлсэн найруулагч Б.Баатарт баяр хүргэе.

  • Шинэ
  • Их уншсан