Г.Жигжидсүрэн: Кинонд жүжигчин хүн "тоглодоггүй" юм

“Үзэг, цаас “зодолдуулж” суутал өдөр өнгөрчих юм” хэмээн ярих энэ эрхэм бол  Ардын жүжигчин, УГЗ, кино найруулагч Гомбожавын Жигжидсүрэн. “Анхны алхам”, “Эх бүрдийн домог”, “Хүний амь”, “Суварган цэнхэр уулс”, “Хүн чулууны нулимс”, “Бүлээн нурам”, “Амин мөр”, “Хатанбаатар”, “Зарлаагүй дайны оршил”, “Намар нахиалсан мод”, Алтан шонхор”, “Араатан”, “Өс хонзон”, “Их хааны удам”, “Хайрын нулимс хатдаггүй” зэрэг олон арван бүтээлээрээ Монголын кино урлагийн салбарт томоохон төлөөлөл болж, тодорч гарсан тэрбээр манай сонины “Өглөөний зочин”-оор уригдлаа.


-Сайхан хаваржиж байна уу, та. Ойрд тайз, дэлгэцийн бүтээл үзэв үү?

-Хэд хоногийн өмнө “Тамгагүй төр”-ийг үзлээ. Дөмөгхөн сайхан бүтээл болсон байна билээ. Түүнээс өөр ойрд кино, жүжиг үзсэнгүй. Хөөрхий залуучууд зарим нь баахан урилга явуулна. Энүүхэндээ гэж хэлэхэд, надад нэгдүгээрт цагийн гарз санагддаг. Хоёрдугаарт, очихоор надаас сурвалжлагч нар киноны нээлтэн дээр сэтгэгдэл авна. Би ямар муу болсон киног сайхан болж гээд худлаа хэлэлтэй биш. Нээлтэн дээр нь шүүмжлээд зогсолтой биш. Их зовлонтой.

Манай Х.Баянмөнх аварга хэзээ билээ нэг кинон дээр оччихоод “Үгүй мөн ийм сайхан кино байх гэж. Би ойрд ийм сайхан кино үзсэнгүй” гээд бурж өгч байнаа /инээв/. Надаар тийм мэтийн зүйл хэлүүлэх гээд байдаг болохоор би очдоггүй юм. Хүн гомдоогоод дэмий гэж боддог болсон.

-Сайн кино хийхэд хамгийн түрүүнд анхаарах зүйл юу вэ. Найруулагчдаа юу, жүжигчдэдээ юу?

-Киноны хувь заяаг шийддэг ганцхан хүн бол найруулагч. Харьцуулж жишээ хэлье. Киног найруулагчаар нь овоглодог. Харин театрын жүжгийг зохиолоор нь овоглодог. Үүний цаана нэг учир байгаа биз. Дэлхийн жишиг ч ийм байна. Киноны гол утга, нүүр царай бол найруулагч нь байдаг. Мэдээж зохиол бол суурь л даа. Гэхдээ түүнийг хэрхэн амьдруулах нь найруулагчийн чадвар. Сайн зохиолоор муу кино хийчихсэн тохиолдол байдаг. Муу зохиолоор сайн кино хийчихсэн түүх ч дэлхийн кино урлагт байна.

-Гэхдээ тухайн дүрийг бүтээсэн жүжигчнээс их зүйл шалтгаалах байх?

-Жүжигчнийг найруулагч сонгоно. Маш чухал ажил. Мэдээж продюсерын оролцоо  багагүй бий. Гэхдээ эцсийн эцэст киноны хувь заяаг шийддэг хүн нь найруулагч.

-Киноныхоо дүрд жүжигчнээ сонгохдоо та ямар зарчмыг баримталдаг вэ?

-Зарим найруулагч жүжигчнээ сонгох гэж олон удаагийн пробонд оруулдаг. Надад тийм тохиолдол их цөөхөн дөө. Би зохиолоо бичиж байх үеэсээ л жүжигчнээ боддог. За энэ дүрд П.Цэрэндагва, энэ дүрд Ц.Төмөрбаатар, энд Н.Сувдыг тоглуулна гээд төлөвлөдөг. Өөрийнхөө мэддэг хэдэн жүжигчнийхээ зан төрх, уран бүтээлийн онцлогийг ч мэднэ. Ингээд зохиолоо бичихээр бичиж байгаа дүр минь илүү амьд байдаг. Би нэг жишээ хэлье. Миний “Хүний амь” гэдэг кино бий. П.Цэрэндагва, Ц.Төмөрбаатар, Ш.Гүрбазар гурав тоглосон. П.Цэрэндагва, Ц.Төмөрбаатар хоёр чинь УБИС-ын Кино драмын ангийн 1974-1978 оны оюутнууд. Би багш нь байлаа.

Тухайн үед Ш.Гүрбазар хэлний ангийн оюутан мөртлөө их, дээд сургуулийн урлагийн их наадамд маш идэвхитэй оролцдог. Их сэргэлэн хүүхэд, нүд нь гялалзаад л “Багшаа би танд нэг шүлэг уншаад өгчих үү” гээд л. Өөрийнхөө ч шүлгийг уншиж өгнө, Чингисийг ч уншиж өгнө. Тухайн үед чинь Чингис шүлэг хориотой байсан үе. Заримдаа “Багш аа, таны хичээлд сууж болох уу” гээд хүрээд ирнэ. Хөөрхөн бор хүү ингэж явсаар тод танигдсан байдаг. Иймээс би “Хүний амь” киногоо П.Цэрэндагва, Ц.Төмөрбаатар, Ш.Гүрбазар гуравт зориулаад биччихэж байгаа юм.

Мөн “Хатанбаатар” кино байна. Анхнаасаа л Л.Эрдэнэбулганыг Хатанбаатарт, Манлай баатарт П.Цэрэндагва байна гэж бодсон. Проб ч хийгээгүй. Хүмүүс гайхдаг. “Хоёр ангитай, ийм том түүхэн киноны гол дүрийг пробгүй сонгосон” гэж. Олоод харсан хүнээ тухайн дүрдээ шууд л сонгодог. Хоёр, гурав дахь хувилбар гэж байхгүй. Би тийм л зарчмыг жүжигчнээ сонгохдоо баримталдаг. Дүрийг өөртөө олж харах нь маш чухал.

-Дүрийг буй болгоно гэдэг аугаа зүйл байх?

-Манай алтан үеийн жүжигчид “Нээрээ л ийм хүн байсан байх” гэтэл нь дүрээ амьдруулж чаддаг байсан. Одоо бол тийм юм байхгүй. Байхгүй гээд хэлчихээр зарим нь гомдох л байх даа. Жүжигчдийн хувьд нэг л зүйл дээр хатуу анхаарах хэрэгтэй. Дүрийг зөвхөн амьдруул. Роль, дүр хоёр бол өдөр, шөнө шиг ялгаатай шүү. Ролийг бол тоглоно, дүрийг бол бүтээж амьдруулах ёстой. Өнөө цагт энэ хоёрыг огт ялгахгүй байна. Кинонд зөвхөн жүжигчин хүн тоглоно гэж байхгүй.

Тухайн дүрээ амьдруулах л учиртай. Кинонд амьдраад зүрх сэтгэлд үлдчихсэн дүрүүд “Өдрийн од” шиг цөөхөн юм байна. Гэтэл манай сүүлийн үеийн жүжигчид рольд тоглочихоод кинонд дүр бүтээлээ гэж буруу яриад байгаа харагддаг. Үүнийг ухаж ойлгох л хэрэгтэй байгаа юм. Сайн жүжигчин хүн ролийг дүр болгоод амьдруулчихдаг. Муу жүжигчин сайхан бичигдсэн дүртэй зохиолыг аваад  роль болгож тоглодог ялгаа байна.

-Сайн жүжигчид л гол дүрээр сонгогдох уу?

-Жүжигчин хүн гэдэг бол гол дүрд тоглоснооро бүтээл нь үнэлэгддэг юм биш. Зарим кинонд туслах дүр нь гол дүрээсээ илүү хүний сэтгэлд үлдчихдэг. Жишээ нь, манай Чимэд-Осор гуайн найруулсан “Төөрсөөр төрөлдөө”-гийн Балтын дүрийг Д.Лхасүрэн гуай хачин гоё гаргасан. Ганцхан удаа гарч байгаа ч гэсэн “Баригдана даа хө” гэж хэлсэн нь үзэгчдийн сэтгэлд мөнхөрч үлдсэн байдаг.  Дүрээ амьдруулна гэж үүнийг л хэлнэ. Сүүлийн үед ихэнх жүжигчид сайхан дүрийг аваад муухан роль болгочихож байгаа нь харамсалтай.

 

КИНО БОЛГОНООС УРЛАГИЙН БҮТЭЭЛ НЭХЭЖ БОЛОХГҮЙ

 

-Дүрийг амьдруулж чадахгүй, муухан роль болгоод байгаагийн гол учир юунд байна вэ?

-Дүртэйгээ ажиллахгүй  л байгаагийн илрэл. Сүүлийн үед яагаад А.Очирбат гуай шиг сайхан жүжигчин төрөхгүй байна вэ. Ч.Долгорсүрэн гуай шиг ч дүрүүд цөөрөөд байгаагийн гол учир нь хувь жүжигчний уран бүтээлч ажиллагаа муу байгаад л оршино. Энэ л их сул байна.

-Нэг үеэ бодоход киног “машиндаж” л байна?

-Юм чинь тоо нь олшроод ирэхээр л чанар мууддаг юм байна. Уран бүтээлд ч ялгаа алга. Гэхдээ Монголын залуу уран бүтээлчид олон кино хийгээд явж байгаад би баярлаж явдаг. Нэгдүгээрт, өөрсдөө юм сурч байна. Хоёрдугаарт, Монголын кино урлагийн хөгжлийг түүчээлж байна. Гуравдугаарт, Монголын кино урлагийн нүүр царайг дэлхийд нээж байна гээд олон сайн тал байна. Түүний хажуугаар муу тал нь хуулбарлах асуудал олон давтагдах гээд байгаа нь ажиглагдах боллоо. Хувь уран бүтээлчийн бүтээлч чанар сулрах хандлагаас л үүдэлтэй юм даа.  Гэхдээ хийж байгаа кино болгоноос урлагийн бүтээл нэхэж болохгүй.

-Яагаад?

-Арилжааны бүтээлүүд их байна шүү дээ. Энэ дундаас урлагийн бүтээлийг ялгаж харах хэрэгтэй.

-Олон дотор сайн, муу уран бүтээлчид бий л байх. Таны хувьд энэ салбарын томоохон төлөөлөгчийн хувьд өнөө цагт дөмөгхөн кино хийчихдэг найруулагч нараас нэрлэж болох уу. Тийм хүн байна уу?

-Гарын таван хуруунд багтахаар хэдэн сайхан залуу байна. Найдвар тавьсан уран бүтээлчид байлгүй яахав. Гэхдээ би нэр цохож хэлмээргүй байна. Нэр хэлэхээр нөгөө хэд маань эмзэглэнэ. Зарим нь бүр “Үеэ өнгөрөөсөн өвгөн  тэрийг магтаад байна билээ” гээд ч шүүмжилнэ. Би энэ талаас нь хүний нэр хэлэх дургүй. Түүнээс бус сайхан, сайхан залуус байна.

-Кино урлагийн салбарын хөгжлийг дэмжихэд төрөөс ямар бодлого баримталбал зүгээр вэ?

-Польшийн кинонуудыг үзэхээр одоо хэр нь төрийн бодлогын нөлөө нь харагддаг. Харин Монгол кино гэж нэрлээд төрөөс дэмжиж нөлөөлсөн зүйл манайд байхгүй. Өнөөдөр хэн дуртай нь л кино хийж байна. Нэг хэсэг киног мөнгө олох арга ч гэж боддог болсон хүмүүс цөөнгүй. Тийм үйл явц ч явагдсан. Ганцхан жилийн дотор 40 гаруй уран сайхны кино хийгдсэн байдаг гээд бод. Монголд нэг жилийн дотор 40 уран сайхны кино гээд бодохоор аймар байгаа биз.

Бүр сүүлдээ “Би мөнгийг нь гаргая. Манай авгайг тоглуулаарай. Хүүг маань тоглуулчих” гээд л кино хийлгүүлчихдэг. Түүнийг чинь кино гэж хэлэхэд хэцүү. Биш ч гэж хэлэхэд ч хэцүү. Төрийн бодлогын тухайд гэвэл, өнөөг хэр нь учир дутагдалтай л байна. Уг нь хууль нь батлагдсан. Зөвлөл байгуулагдсан. Нөхцөл нь бүрдсэн мэт боловч огт мөрдөхгүй юм. Миний олж харж байгаагаар талцал байгаа юм болов уу гэж хардаг. Хоорондоо таардаггүй. Аль, аль тал нь над руу ярьж байна. Гэхдээ би алинд ч орохгүй.

-Та муу кинонуудын жишээнээс нэрлэж болох уу?

-Хүн гомдоогоод дэмий байх аа.

-Та одоо багшилж байна уу?

-Нэг ангитай. Хичээлээ орж л байгаа. Одоо мэргэжилдээ дурлаж, шүтэж сурдаг оюутан ховор болжээ. Нэг л хөнгөн аргаар яваад дипломоо авчих санаатай байх юм. Хандаж байгаа хандлага нь л тэр. Жишээ нь Төв номын сан ороод тэр номноос тийм юм уншаад ир. Сарын хугацаа өгчихөөд л байхад уншаагүй ирдэг. Жүжигчид ч гэсэн ялгаагүй. Миний үед П.Цэрэндагва, Ц.Төмөрбаатар нар шавь маань байсан болоод ч дүрдээ их элэгтэй ханддаг байлаа.

Гэтэл одоо өөр болжээ. Хэдэн жилийн өмнө нэг залуу жүжигчинтэй ажиллалаа. Зураг авалтаасаа цаг хоцорч ирчихээд ичихгүй “Найруулагч аа, би өнөөдөр нэг шоу хөтөлнө. Удахгүй явна” гэж хэлж билээ. Би  тухайн үед “Монголд жүжигчин мундсан биш” гэж хэлээд хөөгөөд явуулсан. Тэр нөхөр миний кинонд тоглосон бол  дүр амилахгүй ээ. Ингэж уран бүтээлдээ хандаж байгаа жүжигчид байна. Олшрох  ч янзтай байгаа. Энэ бол сайн эд биш шүү. Өөрт нь ч тэр, өрөөл бусдад ч тэр.

-Биеэ тоох хандлага уу?

-Хэн мэдэхэв. Мөнгөтэй л холбоотой болов уу, хөөрхий. Ихэрхэж байгаа хэрэг биш байх.

 

ЭРХ ТАНХИ ӨССӨН Ч ЭРХИЙН ТЭНЭГ БОЛООГҮЙ НЬ ЭЭЖ, ААВЫН МИНЬ ГАВЬЯА

 

-Ярилцлагаа таны бага ахуй насны дурсамжаар үргэлжлүүлье?

-Би хүний ганц хүү. Аав маань Дорноговь аймгийн Сайхандулаан сумын хүн. Ээж минь Төв аймгийн Баян сумынх. Би Баянд төрсөн ч наймхан сартайдаа Улаанбаатарт орж ирсэн. Нийслэлд л өсөж өндийсөн хүн дээ. Эрх танхи өссөн ч эрхийн тэнэг болоогүй  нь ээж аав, эмээ өвөөгийн минь л ач гавьяа болов уу. Одоо бодоход, өөрийнхөөрөө, дураараа зан маань амьдралын минь зарчим болж, “Шарыг харж шарвахгүй, улааныг харж урвахгүй явсан” минь  уран бүтээлд маань ч дөмөгхөн нөлөөлжээ. Бага ахуй насны  тухайд өвөө маань ном судар их уншдаг, эрдэмтэй хүн байлаа. Өвөөгийнхөөр орж гардаг хүмүүсийн хууч яриа тэр чигтээ түүх байж дээ. Эмээ маань үлгэр домог ярьж өгдөг, оньсого их таалгадаг хүн байлаа. Тийм болоод ч би багийн цээж сайтай, ой тогтоолтоороо үеийнхэндээ гайхагддаг байв.

-Та кино урлагийн салбарт хөл тавьсан түүхээсээ хуваалцаач?

- Багаасаа шүлэг, яруу найраг оролддог байсан болохоор зохиолч болно гэж их боддог байлаа. Гэтэл санаагаар болоогүй. Хувь заяагаар Кино үйлдвэрт туслах найруулагчаар ажилд орсон. Тухайн үед Д.Жигжид найруулагч “Улаанбаатарт байгаа миний аав” киногоо хийж байв. Нэг жил Д.Жигжид багшийн туслахаар ажиллаж, 1961 онд Д.Чимэд-Осор найруулагч Ц.Дамдинсүрэнгийн “Гологдсон хүүхэн” туужаар анхны киногоо найруулахад нь туслахаар нь бас  ажилласан. Тэгж Монголын хоёр том найруулагчийн туслахаар нэг, нэг жил ажилласандаа бахархаж явдаг даа. Тэд бол хүнийхээ хувьд ч, найруулагчийн хувьд ч өдөр шөнө шиг ялгаатай хүмүүс. Жигжид гуай бол хачин хатуу ширүүн, жүжигчдээ загнана, уурлана, маш нарийн зааж зааварлана.

Гурав алхаад эргэх юман дээр хоёр алхаад эргэхэд л зогсоогоод заавал гурав алх гэдэг ч юм уу диктатур маягаар харьцана. Чимэд-Осор гуай харин өөрөө жүжигчин хүн болохоор жүжигчдийн дотоод ертөнц, ахуйг ойлгоно, маш сайхан харилцана. Илүү зөөлөн арга барилтай. Ийм өдөр, шөнө шиг ялгаатай хоёр найруулагчийн туслахаар ажиллаж кино урлагтай анх холбогдсон нь маш том туршлага, ховор хувь тохиол болсон. Ингээд 1962 онд Бүх холбоотны кино урлагийн дээд сургууль ВГИК руу сурахаар явж тэнд таван жилийг А.С. Хохлова, Лев Кулешов гэсэн хоёр лут  багшийн шавь болж, найруулагчийн ангийг төгссөн. Улмаар дипломын ажлаа “Анхны алхам” киногоо хийж хамгаалсан байдаг юм. Намайг төгсөөд ирэхэд Б.Зандраа гуай л “ Энэ хүүхэд найруулагч болно” гэж тоож байлаа. Түүний хувьд Бүх холбоотны кино урлагийн дээд сургуулийг Монголоос анх төгссөн хүн л дээ.

-Та уран бүтээлийнхээ тоог гаргаж байсан уу?

-Миний уран сайхны  25 кино бүтээл бий. Баримтат кино энэ тэрээ оруулаад тоолбол овоо хэдэн юм болох байх.  Тэр дотроос түүхэн сэдэвт кино цөөнгүй шүү. Би түүх рүү нэлээд сонирхсон. Багийн л түүхчдийн яриан дунд өссөн. Эмээгийн маань дүүгийн нөхөр Л.Дэндэв гэж лут эрдэмтэн байсан. Л.Дэндэв ахын манай хоёрынх их ойрхон байлаа. Ээж маань намайг Л.Дэндэв ахад шавь оруулж, хуучин бичиг заалгахаар болж билээ. Өвөө, эмээгийн найзууд ч мөн л их эрдэм номтой. Хууч яриа нь тэр чигтээ сонирхолтой түүхэн сэдэв байсан нь хожим түүхэн кино хийхэд минь дөхөм болсон гэж боддог.

-Та хамгийн сүүлд ямар кинон дээр ажиллав?

-Санахгүй байна. Телевизийн л кино байгаа байх.

-Таны сэтгэлийг хамгийн их шаналгасан сэдвийг хөндсөн уран бүтээлээрээ ямар киногоо нэрлэх вэ?

-Нэгэн үе найруулагч миний  сэтгэлийг зовоож, эмзэглүүлж байсан сэдэв бол хэлмэгдүүлэлт, цус ойртолт, архидалт байсан. Энэ гурван үзэгдэл яахын аргагүй надад бухимдал төрүүлж, өмнөх үе, өнөөдрийн монголчуудын үзэх ёстой бүтээл хэвээр. Тиймдээ ч “Мөхлийн ирмэгт” гэж нэрлэсэн нь учиртай. Үзэл суртлын хүнд хэцүү, хатуу хяналт суларсан үед би “Бүлээн нурам”, “Хүн чулууны нулимс”, “Амин мөр” буюу “Мөхлийн ирмэгт” киногоо бүтээсэн дээ.

-Таны үр хүүхдээс мэргэжлийг чинь өвлөж байгаа хүн бий юу?

-Байна ч гэхэд хэцүү, байхгүй гэхэд ч хэцүү. Манай том хүү л гэхэд багаасаа эхлээд намайг хөдөө явахад дагаад л явдаг байлаа. Олон ч кинонд тоглосон доо. Энэ нөхрийн гол дүр бүтээсэн кино нь “Амин мөр”. Одоо бол оператор. Харин муугүй оператор болсон. Сайн, сайн операторын туслах хийж байсан л даа. Гэрэл их сайн тавина. Хоёр бага хүү маань бас байна. Нэг нь урлаг судлаачаар гадаадад эрдмийн зэрэг хамгаалж явна.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

  • Шинэ
  • Их уншсан