Япон улс хилийн маргаантай газар нутгаа ОХУ-д “хууль бусаар эзлэгдсэн” гэж тодорхойллоо

Баасан гарагт нийтлэгдсэн Япон улсын гадаад бодлогын жил тутмын баримт бичигт ОХУ-тай хилийн маргаантай байгаа дөрвөн арлыг “хууль бусаар эзлэгдсэн” газар нутаг гэж тодорхойлсон нь хоёр улсын харилцааг улам муутгах алхам болжээ.

Япон улс өмнө нь ийм нэр томьёог хамгийн сүүлд 2003 онд хэрэглэж байсан юм. Сүүлийн үед Украинд өрнөж буй эзлэн түрэмгийлэх дайнтай холбоотойгоор Япон-Оросын харилцаа эрс муудаад байгаа.

Оросын тал Курилийн өмнөд арлууд, Японы тал Умард газар нутаг гэж нэрлэдэг дөрвөн арлын маргаан тус хоёр улсыг дэлхийн хоёрдугаар дайны дараа энхийн гэрээ байгуулахад саад болсоор ирсэн юм.

“Япон, Орос улсуудын хоорондох хамгийн том асуудал бол Умард газар нутгийн маргаан юм. Япон улсын тусгаар тогтнолын нэг хэсэг болсон газар нутгийг ОХУ хууль бусаар эзлэн авсан билээ” гэж 2022 оны Дипломат бодлогын Хөх Номд бичжээ.

Японы гадаад хэргийн яам “хууль бусаар эзлэгдсэн” гэх нэр томьёог сүүлийн 20 орчим жил огт ашиглаж байгаагүй юм.

Дээрх бодлогын бичиг баримтад бас Украины дайн хоёр улсын энхийн гэрээ байгуулах яриа хэлэлцээнд саад болж буйг дурджээ.

Өнгөрсөн сард ОХУ-ын засгийн газар Япон улстай энхийн гэрээ байгуулах яриа хэлэлцээгээ зогсоож буйг зарласан юм.

Украины дайнтай холбоотой Москвагийн эсрэг зарласан өрнөдийн эдийн засгийн хоригт Япон улс нэгдсэн нь ингэх шалтгаан болсныг тайлбарлаж байв.

Өчигдөр нийтлэгдсэн баримт бичигт Япон улс Хятад улстай харилцах харилцааныхаа талаар дурдахдаа нэлээд аядуу үг хэллэг хэрэглэсэн байна.

Тухайлбал Дорнод Хятадын болон Өмнөд Хятадын тэнгист хүчний харьцааг өөрчлөх гэсэн Бээжингийн эрх баригчдын бодлогод санаа зовж байгаагаа илэрхийлсэн ч ”Япон-Хятадын тогтвортой, бүтээлч харилцааг бэхжүүлэх нь чухал” болохыг онцолжээ.

 

Эх сурвалж: AFP

 

  • Шинэ
  • Их уншсан