БУСДААС ДУТААД ЯАХАВ, МАКДОНАЛДСЫГ МОНГОЛДОО ХУРДХАН ОРУУЛЖ ИРЬЕ

Энэ бол Хакухо аваргын Макдоналдсийн сурталчилгааны үеэр авахуулсан зураг.

Дэлхийд алдартай түргэн хоолны сүлжээ Макдоналдс бол салбарынхаа манлайлагч нь. Уг сүлжээг сурталчилсан рекламд Хакухо М.Даваажаргал амжилттай тоглож, Азийн нэлээд хэдэн оронд Макдоналдс салбараа нээж байна. Хакухогийн тоглосон реклам их л шуугиан дэгдээж байгаа бололтой. Азичууд барууныхны амтархдаг түргэн хоолнуудыг идэж үзэх гэж ресторануудынх нь үүдэнд дугаарлаж байна. Манайд KFC, Burger King-ийн салбарууд нээгдчихсэн, өөрсдийн гэсэн үйлчлүүлэгчтэй болоодохлоо. Одоо МсDonald’s-ийн салбарыг Монголд нээчихвэл янзтай. Макдоналдс бол дэлхийн брэнд. Тэр брэндийг бусад орны иргэдтэй адилхан амталж үзмээр л байна шүү дээ. Түргэн хоол, гаазтай ундаа хортой, таргалуулдаг, биед муу гэдэг л юм. Хортой, хөнөөлтэй байсан бол энэ том брэнд өдийг хүртэл ингэж бат бөх оршин тогтнох байсан гэж үү. McDonald’s дэлхийн 120 улсад өдөрт тутамд 68 сая хүнд 32 мянга гаруй сүлжээ ресторанаараа үйлчилж байна. Үүгээрээ дэлхийн тэргүүлэх түргэн хоолны компани гэгддэг. Салбарууд нь аливаа хотын нэр хүндтэй газрууд, нисэх онгоцны буудал, худалдааны төвүүдэд байршиж олон нэр төрлийн бүтээгдэхүүнээр үйлчилдэг.

Түргэн хоол таргуулдаг гэж үзэн Макдоналдсын эсрэг зүйл ярьдаг хүмүүс бий. Гэхдээ уг сүлжээний хоолнууд дундаас зөвийг нь сонгоод идвэл эрүүл аргаар жин хасч болдгийг нэгэн эр өөрийнхөө жишээгээр харуулсан байна лээ. Түргэн хоол гэхээр л таргалуулж хөөлгөдөг талх, төмсхөн байдаг гэж андуурч болохгүй. Хоолны цэсэнд нь ашиг тустай амин дэмүүдээр баялаг ногоон навч, ургамал, тариа ногоо байж л байдаг юм билээ. Ер нь тэгээд аливаа зүйлийн жорыг хэтрүүлнэ гэдэг чинь их урхагтай. Сайн сайн гээд эмийг их хэмжээгээр уувал тэр чинь хор болно. Магадгүй хорыг тааруулж хэрэглэвэл эм болж ч мэднэ. Түргэн хоолыг зөв зохистой хэрэглэж, олон нэр төрөл дундаас нь биед хэрэгтэйг сонгож идвэл тэр чинь хоол л болно. Дэлхийд танигдсан компанийн салбарыг эх орондоо оруулж ирж томоохон хотуудаа чимнэ гэдэг чинь нэр төрийн хэрэг. Гадны жуулчид ирээд эх орондоо байнга орж хооллодог Макдоналдсынхаа “М” үсэг бүхий шар логог харвал сэтгэл, нүд нь сэргэж “Үгүй ээ, энэ Монгол чинь хоцрогдчихсон улс биш юм гээч. Макдоналдс маань байна шүү дээ” гэж баярлаж л таарна. Ингэж тоогдоно гэсэн үг л дээ, гадныханд.

Та бид зуны амралтаараа ч юм уу, ажил төрлөөр эх орныхоо өнцөг булан бүрт аялж зугаалдаг. Өмнө нь хөл тавьж үзээгүй сум, багт очоод таних мэдэхгүй хүн амьтантай уулзаж зам заалгаж, хүн сурч байгаад “Мобиком” ч юм уу, “Юнител”-ийн ногоон лого эсвэл, “Төрийн банк” эсхүл “Хаан” банкны салбарыг хараад баярлаад л давхиад оччихдог. Байнга үйлчлүүлэгч ч юм уу, хэрэглээд сурчихсан зүйлээ харахаар цаанаа л өег шүү дээ, таньдаг хүнтэйгээ таарсан юм шиг сэтгэгдэл төрдөг. Үүнтэй л адил гадныхан талын Монголд ирлээ, танихгүй газарт буулаа гэсэн бодолтой буутал өмнөөс нь Макдоналдсын салбарын хаалга нээлттэй байвал тэр хүмүүст Улаанбаатар хот танихгүй, хөгжилгүй мэт санагдахгүй.

Макдоналдсын салбарыг нээхэд тухайн хот саяас дээш хүн амтай байх ёстой гэх мэт шаардлагуудыг тавьдаг юм билээ. Манай нийслэлд олон л хүчирхэг брэндүүд салбараа байршуулж үүдээ нээчихсэн байгаа юм чинь Макдоналдсын салбарыг байгуулчих хэмжээнд хүрчихсэн. Үүн дээр манай улс төр, бизнесийн хүрээний нэр хүндтэй бизнесмэнүүд анхаарал хандуулж салбарыг нь нээх тал дээр бушуу хөөцөлдөх хэрэгтэй юм.

Улс шиг улс байхад бусад оронд буй нэр хүндтэй компани, үйлчилгээ, бүтээгдэхүүнийг эх орондоо байлгах ёстой гэдэг дүрэм үйлчилдэг. Азийн буурай орнуудын иргэд эдгээр өдрүүдэд Макдоналдсын хоол идэж байхад бид юугаараа дутахав. Элдэв янзын шүүмжлэлээ түр зогсоогоод салбарыг нь нээлгэх тал дээр анхаарал хандуулъя. Энэ чинь улс орны нэр хүндтэй холбоотой асуудал шүү.

ӨДРИЙН СОНИН

  • Шинэ
  • Их уншсан