Ч.Сайханбилэгийн саадууд-1


Л.Гүндалай Эрүүл мэндийн сайд байхдаа тус яамнаас зарласан MRI аппарат нийлүүлэх тендерт өөрийн ахын "Булгат-Овоо" компанийг шалгаруулж улсад 620 сая төгрөгийн хохирол учруулсан. Энэ нь ч нотлох баримтаар баталгаажсан байдаг. Мөн Тайваний Тайпэй хотоос Монгол Улсад тусламжаар илгээсэн түргэн тусламжийн зориулалттай 10 автомашинаас хоёрыг нь ХӨСҮТ-д 11 сая төгрөгөөр, гурвыг нь Батлан хамгаалах яаманд 13.5 сая төгрөгөөр зарсан. Үүнийг нь тухайн үед илрүүлж Л.Гүндалай хэргээ хүлээн, 20.3 сая төгрөгийг улсад буцаан тушаасан байдаг. Эдгээрийг эс тооцвол улстөрчид тэр тусмаа Засгийн газрын гишүүн авлигын хэргээр шалгагдаж байгаа тохиолдол анхных гэж хэлж болохоор үйл явдал 16 жилийн дараа болж Ч.Сайханбилэгийн танхимын сайд Г.Шийлэгдамба шалгагдаж байгаа билээ. Бид Ч.Сайханбилэгийн танхимын сайд нарын талаар цувралаар хүргэх болно.
Энэ удаа Баабарын тодорхойлсноор “ховч хар” буюу Гадаад харилцааны сайд Л.Пүрэвсүрэнгийн талаарх фактуудыг хүргэж байна.  Нийтлэлч Баабар буюу Б.Батбаяр нэгэнтээ нийтлэлдээ “ховч хар” хэмээн бичсэн удаатай. Үүнээс улбаалж “ховч хар” гэж хэн бэ гэсэн асуулт олон нийтийн дунд өрнөсөн юм. Тэрбээр нийтэлдээ “Урьд Гадаад яаманд ажиллаж байхдаа “ховч хар” цол хүртэтлээ хутгууш хийж, чадвар мэдлэгээрээ ч, увайгүй аашаараа ч амьтан хүнд адлагдаж явсан нэгэн АН ялалт байгуулсны шанд анх удаа овоохон том албан сандлын түшлэг шүүрээд авч. Эргэж яамандаа очиж хорслоо тайлахын тулд өөрийг нь олон жил ивээлдээ авч, өөд нь татаж явсан сайдыг шиншлэн мөн л АТГ-т матаж дээ. Ийм юманд төрлөхийн авьяастайн хувьд тухайн хүнийг буруутгасан Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмж гаргуулж чадсан байгаа юм даа” хэмээн бичсэнээс өнөөгийн Гадаад харилцааны сайд Л.Пүрэвсүрэнг хэлжээ хэмээсэн.
Тэгвэл Л.Пүрэвсүрэнгийн тухайд Ч.Сайханбилэгийн танхимын сайд нараас хэл амтайгаараа алдартай нэгэн. Тэрбээр "Улаанбаатар төмөр" зам нийгэмлэгийн тэргүүн Л.Пүрэвбаатарт хариуцлага тооцож өгөхийг хүссэн албан бичгийг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг,  Зам тээврийн сайд М.Зоригт нарт хүргүүлсэн.  Л.Пүрэвсүрэн албан бичигтээ "Л.Пүрэвбаатар нь Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн Монголын талын зарим хувьцааг Хятадын талд шилжүүлнэ хэмээн удаа дараа мэдэгдсэн. Үүнээс болж Орос, Монголын хоорон дахь стратегийн түншлэлийг хөгжүүлэх хөтөлбөр зогсох гэж байна" хэмээсэн юм. Харин Улаанбаатар нийгэмлэгийн тэргүүн Л.Пүрэвбаатар "Би компанийн ерөнхий захирал биш, төмөр замын дарга. Хувьцааны асуудал надад ямар ч хамаагүй. Миний нэрээр хоёр орны найрамдалт харилцааг сэвтүүлэх ажил хийж байх шиг байна. Хятадад хувьцаагаа өгөх гэж байна гэх ойлголтын зөрүүтэй асуудал гарч байх шиг байна. Яаж ч бодсон төмөр замын дарга хувьцааг шилжүүлэхгүй шүү дээ. Засгийн газар хооронд хэлэлцэх асуудал. Би Хятадын талд юу ч санал болгоогүй" гэж мэдэгдсэн юм.
     Үүнээс үүдээд нийтлэлч Баабар Гадаад харилцааны сайд Л.Пүрэвсүрэнг "ховч хар" хэмээсэн. Түүнтэй холбоотой шуугиан үүгээр дуусахгүй. Монгол Улсын иргэд хамгийн олноор амьдарч, ажиллаж, суралцаж байгаа, энэ хэрээр хоёр талын харилцаа эрчимтэй хөгжиж буй улс бол БНСУ юм. Тус улсын эдийн засаг, хөрөнгө оруулалт, худалдаа, боловсрол, соёлын томоохон төв, улсынхаа хоёр дахь том хот болох Пусан, түүний дагуул хотуудад л гэхэд 5000 гаруй монгол иргэн оршин сууж, ажиллаж амьдардаг. Тэдний эрх ашгийг хамгаалах, төрийн үйлчилгээ шуурхай хүргэх, хоёр орны харилцааг идэвхжүүлэх үүднээс Пусан хотноо Монгол Улсын Консулын газар байгуулах шаардлага бий болсон гэж Засгийн газар үзэн санал оруулсны дагуу УИХ 2013 оны зургадугаар сард тогтоол гарган Консулын газар байгуулах шийдвэрийг албан ёсоор гаргасан юм. Гэтэл энэ  шийдвэрийг сайд Л.Пүрэвсүрэн ердөө өмнөх сайдын үед эхлүүлсэн ажил, томилсон хүмүүсийг буцаах гэсэн өчүүхэн хонзогнолынхоо золиос болгон ийнхүү гацаажээ.
Сүүлийн үед Л.Пүрэвсүрэнд АСЕМ зохион байгуулах хүндхэн үүрэг оногдсон. Гэтэл мань эр  Говь-Алтай аймгийн Цогт сумын Баянтоорой тосгонд байрлах ГИДЦГ-ын Хавтгай үржүүлгийн төвд “айлчилж”, хавтгайн шинэ төлд “АСЕМ” гэж нэр өгсөн шигээ явна. Ч.Сайханбилэгийн танхимын саадуудын талаар бид цувралаар хүргэх болно.

П.НАНДИН

  • Шинэ
  • Их уншсан